Бразилын Минас-Жерайс мужийн Брумадиньо суурин дахь төмрийн хүдрийн уурхайд өнгөрсөн баасан гарагт далан нурсны улмаас амиа алдсан хүний тоо 58 хүрч, 300 гаруй хүн сураггүй хэвээр байна.

Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа тухай аврах албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.

“Хэн нэгэн амьд үлдсэн байх магадлалтай тул сураггүй болсон хүмүүсээс хамгийн сүүлийн хүнийг олох хүртэл эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлэх болно” гэж Бразилын Гал түймэртэй тэмцэх газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Педро Айхара мэдэгджээ.

Нурсан даланг Бразилын уул уурхайн томоохон компаниудын нэг “Vale” барьсан байна.

Засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, энэхүү гамшигт явдлын хариуцлагыг “Vale” компани хүлээх ёстой бөгөөд Брумадиньо суурингийн оршин суугчдад туслах зорилгоор тус компанийн дансан дахь 1.6 тэрбум ам.долларыг битүүмжилжээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 /Reuters/