Peak.mn
06 сарын 09, 2022
Өсвөрийн парламент хөтөлбөрийн “Эрүүл хооллолт-Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрт заасан “Five Up” рестораны ерөнхий тогооч Д.Буянгийн хичээлийн лекцээс онцлох мэдээллийг хүргэе.
Гэрийн хоолоо хүүхдэдээ зориулж хийгээрэй
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 10-16 насны хүүхдүүдэд эрүүл хооллолтын хичээл орж байна. Тэднээс “Гэртээ ямар хоол хийдэг вэ” гэж асуухад ихэнх нь цуйван, гурилтай шөл гэж хариулдаг. Яагаад заавал цуйван, шөлтэй хоол иддэг гэж лавлахаар аав дуртай болохоор гэдэг юм. Зөвхөн аав эсвэл ээж нь дуртай болохоор л цөөн хэдэн хоол хийдэг байх нь. Уг нь тухайн хоолны орц найрлага хүүхдийн эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлөхийг тооцож хоолны цэсээ гаргах ёстой юм.
Хүүхдийн хувьд эрүүл хоол идэх хамгийн талаамжтай орчин нь гэр нь юм шүү. Тиймээс эцэг эхчүүд маань гэртээ оройн хоолоо хийхдээ хүүхдээ бодож, эрүүл мэнд, дархлааг нь дэмжих хоол тэжээлээр хангахад анхаармаар байна
Нөгөөтэйгүүр аав ээжүүд аминдаа л аль сайн гэсэн бүхнийг сонгон авч, хоол хүнсэндээ хэрэглэж байхад хүүхдүүд нь гадуур хооллож, түргэн хоол, чипс, гоймон, кола бэлэн, хэт их чихэрлэг бүтээгдэхүүн идэж байгаа нь анзаарагддаг. Эцэг эхчүүд үүнийг шууд л буруутгаж “ Болохгүй” гэж хатуу хорихоосоо өмнө яагаад болохгүй, юу нь муу юм гэдгийг тайлбарлаж, зөвлөх нь чухал байна. Олонх эцэг эхчүүд муу ёртой гэдэг шиг муу хүнс гээд л ерөнхийлдөг. Хэрвээ хүүхдэд багаас нь хоол хүнснийх нь орц найрлагыг уншуулж таниулж сургавал багаасаа эрүүл зөв хүнс сонгож сурна. Эрүүл хүн болж өсөж торнино шүү дээ.
Бичлэг үзэх:
Хүнсний бүтээгдэхүүн авахаасаа өмнө хаяг шошгыг нь заавал уншаарай
Хүүхдүүд залуус чипс их идэж байна. Кино театр, сүлжээ дэлгүүр гээд хаа сайгүй л харагдаж байна шүү дээ. Багадаа л гэхэд долоо хоногт нэг уут чипс идэж байх шиг байна. Энэ чинь ерөөсөө транс тосонд шарсан бүтээгдэхүүн. Орц, найрлагыг нь уншдаггүй, хэн ч анхаардаггүй болохоор транс тостой бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байдаг. Хэрэв байнгын давтамжтайгаар транс тос хэрэглэсээр байвал 5-15 жилийн дараа элэг рүү цус гүйхээ больж, дотор эрхтэн хүндээр өвчилнө.
Гэтэл улсын цэцэрлэгийн хүүхдүүд өнөө чипс зэрэг бүтээгдэхүүннд ордог транс тосыг өдөрт 12 орчим гр идэж байна. Энэ бол урт хугацаандаа маш хор хөнөөлтэй. Манайхан үүнийг ойлгож, ухамсарлах тал дээр сул байна. Жишээ нь бүтээгдэхүүний шошго дээр “далдуу модны тос” гэж бичсэн байдаг даа. Энэ тос нь алсдаа мөн л зүрх судасны суурь өвчлөл үүсгэх шалтгаан болдог.
Та бидний эргэн тойронд айл болгонд элэг, ходоод нь өвчилсөн хүн бий. Энэ чинь ерөөсөө л хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байхгүй юу. Өтгөрчихсөн, хэзээ хийснээ ч мартчихсан тосонд шарсан хуушуур, тос ихтэй цуйванг идсээр байвал ходоод өвчлөхгүй гээд яах билээ. Тэгэхээр хүн бүр өөрсдөдөө, эрүүл мэнддээ цаг гаргаж шошго уншихаас эхлээд хоол хүнсээ сонгох энгийн мэдлэгтэй болох нь чухал байна.
Хүнсний бүтээгдэхүүн авахаасаа өмнө хаяг шошгыг нь заавал уншаарай гэж зөвлөе.
Өглөөний цай заавал уухын учир
Хүүхдүүд "Хичээлээсээ хоцорлоо, яараад байна" гэсээр өглөөний цайгаа уухгүй гэрээсээ гарах нь элбэг. Өглөөдөө энергээ нөхөж чадаагүй бол тэр өдрийг эрч хүчгүй, идэвхгүй өнгөрүүлдэг.
Тиймээс хүүхдүүдээ 22:00 цагт унтуулж амраагаад, өглөө эрт босгож өглөөний цайг нь заавал ууж хэвшүүлмээр байна. Гэхдээ өглөөний цай гээд хоносон хоол битгий идүүлээрэй. Хоол биш хор л болно.
Өглөөний цайгаа ууж сурахыг дадуулах нь тийм ч хэцүү зүйл биш. Өглөө босдог цагаасаа 30-45 минутын өмнө босоход хангалттай. Хоёр өндөг шараад эсвэл чанаад талх, цайтай уухад болно.
Өдөр нь махтай хоол идэж болно. Үдээс хойш 15-16 цагийн үед хөнгөн хооллож сэндвич, салат зэрэг хөнгөн зууш ид. Орой нь сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд л хангалттай. Бүтэн өдрийн турш идэх хоол нь ердөө л энэ. Өдөртөө хоол хүнсээр авсан энерги нь шөнийн турш бие организмийг тэнцвэржүүлдэг.
Цагаан шоколад гэж байдаггүй
Идэх дуртай бүтээгдэхүүнийхээ эрүүл, органик эсэхийг нь лавлаж байгаарай. Таарсан болгоныг амандаа бүү хийгээрэй. Жишээ нь Швейцар хүмүүс хэзээ ч цагаан шоколад иддэггүй. Учир нь цагаан шоколад гэж байхгүй. Энэ бол өнгө, амт оруулагчтай какаоны тос юм.
Өөрөөр хэлбэл зүгээр л тос ууж байна гэсэн үг. Тиймээс швейцарчууд 78 хувиас дээш агууламжтай цэвэр шоколад иддэг.
Өвс иддэг амьтны цусанд каротин гэдэг бодис шингэж махны өнгө улаан болдог. Харин тахиа, гахай үр, тариа голдуу иддэг учраас мах нь цагаан өнгөтэй байдаг.
Гахай, тахиан маханд салмонела бактер агуулагддаг. Энэ бактер нь 72-оос дээш хэмийн халуунд устдаг. Хамгийн аюултай нь зарим хүнсний дэлгүүрүүдэд гахай, тахианы махыг ил тавьчихдаг. Эсвэл бууз, банш, зайрмаг гээд бусад бүтээгдэхүүнүүдтэй хамтад нь хөлдөөчихсөн байдаг.
Хүнсний бүтээгдэхүүн амьсгалдаг учраас тахиа, гахайны махны салмонела бактери бууз, зайрмаганд дамжих эрсдэлтэй. Иймээс гахиа, тахианы махтай нэг дор хадгалсан дэлгүүрээс хүнс бүү аваарай. Хэрвээ хадгалалт нь зөв байвал худалдан авч болно, гэхдээ мөн л бусад хүнсний бүтээгдэхүүн тусгаарлаж хөргөгчиндөө хадгалах ёстой.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.