Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 13.885.000 хүн өвчилж, 591.000 хүн энджээ. Нийт 8.200.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 5.000.000 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 226.000 хүн коронавирусээр өвчилж, 5.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 17.000 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. 24 цагийн дотор АНУ-д 67.000 хүн өвчилсөн нь коронавирус дэгдсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн Бразилид 45.000, Энэтхэгт 32.000 хүн шинээр өвчиллөө.

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 6.428 хүн шинээр өвчилж, 167 хүн нас барсан байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 35-45 тохиолдлоор нэмэгдсэн ч өвчлөл харьцангуй буурах хандлагатай байна. Харин Эрхүү хотод өвчлөл тогтвортой нэмэгдэж, шинээр 196 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөлийн тоо 10881 боллоо.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 32 хүн хүн орж, 130 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2994 хүн ажиглалтад байна. Үүнд 1-5 насны хүүхэд 189, жирэмсэн эмэгтэй 109, архаг хууч өвчтэй 320 хүн байна. Тэдэнд 41 их эмч, 70 ресидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн 52 хүн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буйгаас 4 хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээнд байна. Тэдэнд 12 их эмч, 42 асрагч сувилагч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.