Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "2020 оны 11 дүгээр сарын 06-08-нд нийт 1816 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Тэдний 12-оос нь коронавирус илэрлээ. 

Тодруулбал, 

- 10 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 5 хүний давтан шинжилгээнээс илэрсэн. Эдгээр нь 31, 39, 48 настай эрэгтэй, 38, 48 настай эмэгтэй байна. 

- 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэсэн. Тэрээр 29 настай эрэгтэй.

- 11 дүгээр сарын 07-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос илэрсэн. Тус жолооч нь ОХУ-ын иргэн, 59 настай эрэгтэй. Улмаар өөрийн хүсэлт болон ОХУ-ын хүмүүстэй харилцан тохиролцсоны үндсэн дээр халдвартай орос жолоочийг нутаг руу нь буцаасан. 

- 11 дүгээр сарын 08-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрсэн. Нэг нь 56 настай эрэгтэй, Беларус улсын иргэн, нөгөө нь 52 настай Монгол Улсын иргэн байна.

- 10 дугаар сарын 17, 18-нд Алтанбулаг боомтоор гурван жолоочийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Гурвуулаа Монгол Улсын иргэн, 30, 31, 33 настай эрэгтэй байна. ОХУ-ын Хиагт болон Алтанбулагийн цаана ямар ч хяналт хийгдэхгүй байгаа нь анхаарал их татаж, бидэнд эрсдэл ихтэй байна. 

Улмаар Монгол Улсад батлагдсан коронавирусийн нийт тохиолдол 368 боллоо. Тэдний 88 хувь буюу 317 нь эдгэрснээс 308 хүний бүх ажиглалт, тандалт дууссан. 4 хүн гэрийн, 5 хүн сувиллын ажиглалтад байна. Өөрсдийнх нь хүсэлтээр 2 хүнийг ОХУ руу нь буцаасан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 49 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Нэг хүний биеийн байдал хүнд, 7 хүн хүндэвтэр, 41 хүн хөнгөн байна. 

ХӨСҮТ-д нийт 77 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.