"Ил тод, ариуцлагатай уул уурхай" сэдвийн хүрээнд УУХҮ-ийн яамнаас сар бүрийн 15-нд хийдэг хэвлэлийн хурал өнөөдөр болж, өнгөрсөн нэг сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, бодлого чиглэлээ танилцууллаа.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Эко-Алтан заамар" компанитай холбоотой хүний амь нас эрсэдсэн эмгэнэлтэй асуудал гарлаа. Салбарын сайдын хувьд маш их эмзэглэж байна. 2018 оны 8 дугаар сард ЗТХЯаманд осол гарсны дараа сахилга батыг өндөржүүлж, ялангуя хөдөлмөрийн аюулгүй байдал, уурхайн төлөвлөлт болон бусад зүйл дээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нарт маш тодорхой чиглэл өгсөн.

"Эко-Алтан заамар" компанийн хувьд газар гэсч, хөдөлгөөн орж буй энэ үед мэргэжлийн бус хүмүүс нь уурхайн төлөвлөлт хийж буй мэргэжлийн инженерүүдийнхээ үгийг сонсохгүй, дархан эрхтэй эздийн гайгаар эрдэнэт хүний амь нас эрсэдлээ.

Зөвхөн олзны хойноос сорчилж орж буйн гайг өнөөдөр хүний амь насаар төлж, хариуцлага дэндүү алдлаа. Гарсан уг үйл явдал дээр "Эко-Алтан заамар" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Цуцлах шийдвэрийн чиглэлүүдийг өгсөн байгаа. "Эко-Алтан заамар" компани тэнд дахин үйл ажиллагаа явуулах юм бол бүх лицензийг нь цуцлана гэдэг шийдвэрийг сайдын хувьд өгчихсөн. 

Хариуцлага гэдэг бол хүний амь нас эрсэдсэний дараа алдаагаа засах зүйл биш. Өмнө нь мэргэжлийн хүмүүс буюу төлөвлөлт хийж буй инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсож, түүний дагуу ажиллах явдал юм.

Осол болохоос өмнө БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дээрх компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлаар хандсан байсан. Харамсалтай нь өнгөрсөн сарын 28-нл намайг Бээжин хот руу ажлын айлчлалаар явах үед ийм асуудал гарсанд харамсаж байна. Энэ бол мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсдоггүйн гай. Үүнд бидний байр суурь тодорхой байгаа. 

Цаашид уул уурхайн салбарт эрх зүйн шинэтгэл хийх зайлшгүй хийх ёстой" гэдгийг хэллээ. 

Өнгөрсөн 2 дугаар сарын 28-нд "Эко-Алтан заамар" компанийн уурхайд осол гарч, 4 хүний амь нас эрсэдсэн. Уг ослын улмаас уурхайн 80 метрийн гүнд унасан 4 хүний цогцсыг ОБЕГ-ын аврагчид 9 хоног эрэн хайж, олсон юм.