Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-наас өнөөдөр "Ил тод, хариуцлагатай уул уурхай" сэдэвт хэвлэлийн хурал хийлээ. Хуралд  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон харьяа яам агентлагийн удирдлагууд оролцож, салбар яамныхаа талаарх мэдээллийг танилцуулав.

Энэ үеэр сайд Д.Сумъяабазар "Шинэ Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, зэс, төмөр, нүүрс, газрын тос зэрэг байгалийн баялгийг хуримтлуулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгож, бодлогоор дэмжиж ажиллана. Мөн "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллагааг сайжруулахад ихээхэн анхаарна. Үүн дотороо Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон компаниудын үр ашгийг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр хүртээхийг зорьж байна" гэдгийг хэллээ. 

Мөн тэрээр Тавантолгойгоос нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах шаардлагатай. Гаалиар нэвтрэх асуудал хүнд байгаагийн улмаас Гашуунсухайтын боомт руу урт цуваа үүсч, олон хүндрэл гарсан. Өчигдөр буюу 10 дугаар сарын 31-ний мэдээгээр 99 км нүүрсний цуваа үүсч, Монгол Улсын хилээр 661 машин гарсан. Тэдгээр машины 281 нь "Эрдэнэс тавантолгой" компанийнх, үлдсэн нь бусад компанийн машин байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ойрын хугацаанд БНХАУ-тай хэлэлцээр хийх шаардлагатай. Хэлэлцээр хийх ажлуудыг бид хийнэ гэдгийг онцлов.

УУХҮ-ийн яамнаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай"-г хөгжүүлэх зорилгыг дэвшүүлж, энэ зорилгынхоо хүрээнд сар бүрийн эхний долоо хоногийн даваа гарагт "Ил тод, хариуцлагатай уул уурхай" сэдвээр хэвлэлийн хурал хийж, салбартаа тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгч байхаар болжээ.