МУИС-ийн Оюутны холбооноос сургалтын төлбөрөө нэмснийг  эсэргүүцэж жагсаал хийсэн билээ. Уг жагсаалын үеэр оюутнууд ямар шалтгаанаар ийнхүү төлбөр нэмэгдсэн талаар тайлбар авахыг хүссэн юм. Гэвч МУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал асан О.Мөнхбат "Та нар нарийн учрыг мэдэхгүй" хэмээн хэлээд сургууль руугаа орохдоо араас нь тайлбар нэхсэн оюутнууд руу дунд хуруугаа гаргасан билээ. Нийгмийн сүлжээнд энэхүү үйлдлээрээ чамгүй шүүмжлүүлсэн түүнд салбарын сайд нь хариуцлага тооцох үүрэг өгсөн байна.

Тэгвэл олны хэл амны бай болоод байгаа О.Мөнхбат багш ийнхүү тайлбар хийснийг хүргэж байна.


Долоовор хуруугаар зангасныг минь “дунд” хуруу болгон зарлаж байна

Монголнууд овогтой Оролмаагийн Мөнхбат би 1991 оноос эдүгээ хүртэл 28 гаруй жил их сургууль хэмээх энэ их айлын гишүүн болж, багш, хүрээлэнгийн захирал, тэнхмийн эрхлэгч, проректороор ажиллаж, МУИС-ийн профессор цол хүртэж явсанаа их хувь заяа гэж үздэг. Одоо ч мөн жирийн багшаа хийсээр явна.

Сүүлийн хэдэн өдөр нийгмийн болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр надтай холбоотой мэдээ тарж хамт олонд минь хоёрдмол сэтгэгдэл төрүүлж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

Чухам юу болов:

2018 оны 8 дугаар сарын 24–ний өдөр хэсэг нөхөд МУИС-ийн Оюутны Холбоо гэсэн нэрийн дор оюутны сургалтын төлбөр нэмлээ хэмээн жагсаал зохион байгуулахтай таарч, ард нь тэднийг турхиран “одоо яам руу оч, ар нь бат” зэргээр хэлэлцэхийг сонсоод дуугүй өнгөрч үл тэсэн учирлахад минь “тарган гахай”, “зайлаач” зэргээр доромжилж, биеийн хэлбэр галбирийг минь хуруу гараараа дүрслэн дооглоход бухимдаж, өөрийгөө, их сургуулиа өмгөөлөн хэдэн үг хэлсэндээ буруутан болж байна. Багш хүн долоовор хуруугаар зангаж ярих нь элбэг байдгийн нэгэн адил зангасныг минь “дунд” хуруу болгон зарлаж байнаа. Гэхдээ би МУИС-ийн оюутан хүүхдүүдээ бус харин тэдний минь нэрийг барьж буй хэдхэн нөхдөд хатуу үг хэлсэн юм шүү.

О.Мөнхбат нь оюутнаа дорд үзэж доромжилдог нэгэн мөн үү


СиСи системээр, онлайн, нууц санал хураалтаар авдаг 2018 оны хаврын улирлын оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар (дээд оноо нь 3 оноо) О.Мөнхбатад “Орчин үеийн социологийн онол арга зүй” хичээлээр оюутнууд 2,82 оноо өгсөнөөс “Оюутны хүндэтгэн соёлтой харьцаж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх уур амьсгал бүрдүүлдэг” гэсэн шалгуураар 2,79 оноо, “Академик бичих ур чадвар” Ерөнхий суурийн хичээлээр нийт 2,68 оноо, үүнээс “хүндэтгэн соёлтой харьцдаг” шалгуураар 2,82 оноо өгсөн нь нэгийг хэлнэ буй заа. Олон ч оюутан минь одоо надад хандаж "багшаа та эдний бичиж буй шиг хүн биш шүү таныгаа дэмжиж байна" гэж байгаа нь надад урам хайрлаж байна.

О.Мөнхбат нь оюутны төлбөрөөр таргалж буй “амьтан” мөн үү


МУИС-ийн эрдмийн хамт олны нэгэн адил тогтсон цалингаа авч өдрийн хоолоо гэрээсээ зөөдөг зуун зуун багш нарын нэгэн би.
Харин оюутныхаа сурах орчинг сайжруулах, их сургуулийн хомс төсөвт хувь нэмэр оруулах үүднээс 60 гаруй гадаад дотоодын төсөл хөтөлбөрийг МУИС-д авчирч, олон зуун оюутан суралцагсад, олон арван багш нарын эрдэм шинжилгээ, сургалтанд нэмэрлэж явлаа. МУИС-ийн хэмжээнд 3 лаборатори, сургалтын 3 анги, нэг коридорыг эдгээр төслийн хүрээнд шинээр болон шинэчлэн байгуулсан. Зөвхөн 2016-2018 онд БНСУ-ын Хансунг их сургуультай хамтран хэрэгжүүлсэн төслийнхөө хүрээнд ОУХНУС болон Эрдэнэт салбар сургуульд 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн тоноглогдсон хоёр “Кибер сургалтын лаборатори”-иудыг тус тус байгуулсан.
АНУ-ын Колумбийн их сургуульд 2007-2010 онд зочин багш дадлагажигчаар ажиллаж байхдаа МУИС-д шинэ ном хандивлах аяныг тус сургуулийн багш нарын дунд зохион байгуулж, цугларсан 500 орчим шинэ сурах бичгийг АНУ-ын Нээлттэй Нийгэм Институтээс олгосон “хувь хүний хөгжил/Personnel development” тэтгэлгийн мөнгөөрөө DHL буухиа шуудангаар авчирч, тэнхим сургуульдаа хандивлаж байв.


О.Мөнхбат оюутны эрхийг зөрчигч үү?


Оюутны сонгох эрхийг бодит байдал дээр хангахад талаар 2013-2017 оны хооронд МУИС-ийн проректороор ажиллахдаа удирдлагын баг, эрдмийн хамт олонтойгоо хамтран багагүй зүйлийг санаачлан, тэргүүлж ажилласан. Хөтөлбөрийн шинэчлэл, Либерал арт боловсролын тогтолцоо зэргийг энд хэлье. Мөн оюутны үйлчилгээг сайжруулах үүднээс анх удаа МУИС-д Оюутны алба байгуулж, 10 гаруй үйлчилгээг нэвтрүүлж, үйлчилгээний стандарт боловсруулан батлуулж байлаа.
Оюутны холбоо, клубыг дэмжин ажиллахдаа оюутны холбоо, клубын нэгдсэн офис байгуулан 30 гаруй сая төгрөгний тавилга, техник хэрэгслээр хангасан бөгөөд тэднийг улс төржихөөс ангид, шоу үдэшлэг зохиож мөнгө оюутнаас хураадаг бус харин тэднийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг болгохыг хичээж ирсэн. Оюутны клуб холбоодыг мөнгөөр тэтгэх биш харин МУИС-ийн оюутнуудад хэрэгтэй зүйл хийдэг болгох үүднээс төслийн сонгон шалгаруулалтаар санхүүжилт авдаг тогтолцоонд шилжсэн юм.


Оюутны холбоо яагаад О.Мөнхбатад “дургүй” байна вэ?


МУИС-ийн Оюутны холбоо, Оюутны конгресс- нь ТББ статустай атлаа улсын бүртгэлээс хасагдсан, улс төрждөг ийм байгууллага явж ирсэнийг засах үүднээс МУИС-ийн Оюутны байгууллага, клубын нэгдсэн журам батлуулахаар ажилласан. Энэ журмаар:
• Оюутны холбооны тэргүүлэгчдийг нийт оюутан СиСи системээр шууд сонгодог байх,
• Нэр дэвшигч нь 3 болон түүнээс дээш голчтой байх,
• Оюутны клуб нь оюутны холбооноос хараат бус бие даасан байж өөрийн төлөөллийг Оюутны зөвлөл, конгрессод оролцуулдаг байх,
• Оюутны байрны зөвлөл нь зөвхөн оршин суугчдаас нийтийн хурлаар сонгогдож төлөөллөө Оюутны зөвлөл, конгрессод оролцуулдаг байх зэрэг шаардлагыг оруулсан.
• Оюутны цахим хуудастай, нийгмийн сүлжээний групп-д зөвхөн МУИС-ийн оюутан зөвхөн нэг аккаунтаар бүртгүүлдэг байх,
• Санхүүжилтийг цэгцэлж, бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг клубуудад суурь зардал олгодог болох, бусад аливаа санхүүжилтийг төслийн сонгон шалгаруулалтаар олгодог, санхүүгийн тайлан тооцоог зохих журмын дагуу хийдэг болох гм.
Энэ журмын төслийг хоёр ч удаагийн Оюутны чуулганаар хэлэлцүүлж дэмжлэг авсан боловч Оюутны холбооны тэргүүн, дэд тэргүүн гэсэн нөхөд эрс эсэргүүцсэн юм. Учир нь тэд сонгуулийг ангийн дарга нар гэдэг цөөн оюутны хүрээнд бохироор хийдэг уламжлалаа, ихэнхийн голч дүн нь 2 –оос доогуур муу дунд сурдаг нөхөд байлаа. Мөн тэд оюутны клуб, оюутны байрны зөвлөлийг өөрсдөө байгуулдаг хууль бус үйлдлээ хадгалахыг эрмэлздэг байв.
Мөн 2013 онд МУИС-ийн тэнхмийн эрхлэгч 30 мянган төгрөгний нэмэгдэл авдаг байхад энэ нөхөд 70 мянган төгрөг авдаг, оюутны үйлчилгээний төсвөөс ямар нэг шалгуур, хяналтгүй авдаг байсныг зогсоосон зэрэг нь зарим нөхдийн үзэн ядалтыг төрүүлсэн буй заа.

Эцэст нь хэлэхэд:
Оюутнаа дэмждэг хөгжихэд нь тусалдаг оюутны байгууллага байх ёстой бид дэмжих ёстой. Харин улс төржиж бусдын хатгалгаар жагсаал цуглаан зохион байгуулж, их сургуулийн нэр хүндэд үндэслэлгүй халдан, бусдыг гутаан доромжилдог, өөрөө өөрсдийгөө нэр дэвшүүлж, сонгодог, олонхио төлөөлж чаддаггүй ийм “бөөгнөрөл” байх ёсгүй гэж боддог. Түүнчлэн сургалтын үйл ажиллагаанд үндэслэлгүй оролцож, хөндлөнгөөс удирдахыг оролдохыг хэзээд эсэргүүцэж түүнийхээ төлөө тэмцэнээ
Сайд дарга нараас мөн О.Мөнхбатыг шийтгэ гэсэн үүрэг өгсөн гэж байна лээ.

Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан цайруулдаг гэж ээж минь хэлдэг сэн

МУИС-ийн Профессор О.Мөнхбат