Х.Оргил
09 сарын 04, 2018
"Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдан хэрхэн төлж болох талаар Боловсролын зээлийн сангийн, Дотоод зээлийн албаны дарга Э.Батсэлэмээс тодрууллаа. Өнгөрсөн жил 2000 орчим оюутан энэхүү зээлд хамрагджээ.
-"Оюутны хөгжлийн зээл”-ийн материалыг авч байгаа юу, хаана хандах вэ?
-Зээлд хамрагдах хүсэлтэй оюутнуудын зээлийг их, дээд сургуулиудаар дамжуулан нэгдсэн журмаар олгоно. Зээлийн шаардлага хангасан, магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан бүрт нээлттэй. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль бүрт таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байгаа.
-Оюутнууд энэ зээлийг авахын тулд ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?
-Үндсэн хэдэн шаардлага бий.
1. Дөнгөж ЕБС-иа төгссөн бол ЭЕШ онооны дундаж нь 600–аас дээш байх ёстой.
2. Их, дээд сургуульд суралцагч бакалаврын ангийн оюутан 2.8 онооноос дээш голчтой байх
3. Магистр, докторын суралцагч 3.2 онооноос дээш голчтой байх шаардлагатай.
Дээрх шаардлага хангасан өдрийн ангийн оюутнуудад зээл авах боломж нь нээлттэй. Харин эчнээ болон оройн ангийн оюутнууд үүнд хамрагдах боломжгүй.
-Хэрэв тухайн суралцагчийн голч оноо зээл авсны дараа буурвал яах вэ?
-Хэрэв голч нь буурчихвал Оюутны хөгжлийн зээлийг нь зогсоочихдог. Эрх нь амжилттай суралцаж байж л нээгдэнэ гэсэн үг.
-"Оюутны хөгжлийн зээл"-д хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Зээлд хамрагдахыг хүсэгчид тухайн ажлын хэсэгт иргэний үнэмлэхний хуулбар, ЭЕШ-ын онооны хуудас, ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ, сургуульд зохих ёсны дагуу элссэнийг нотлох баримт, сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, тухайн хичээлийн улиралд судлах хичээлүүдийн баталгаажсан жагсаалт зэргийг бүрдүүлнэ.
-Зээлийн эргэн төлөлтийг хэрхэн хянах вэ?
-Хэрэв зээл авсан оюутнууд ажлын байран дээр гарч, хугацаандаа зээлээ төлөхгүй бол найдваргүй зээлдэгч болж, зээлийн муу түүх үүсэж, хаана ч очсон зээл авах боломжгүй болно. Энэ бол зээл эргэн төлөгдөх гол хөшүүрэг гэж үзэж байгаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.