Хүн төрөлхтний хийдэг ажлыг "Энийг нь эрэгтэйчүүд хийдэг, энийг нь эмэгтэйчүүд л хийж чадна" гээд тодорхойлчиход хэцүү болжээ. Болсон ч гэж анхнаасаа л аль аль нь чаддаг, гагцхүү нийгмийн үнэлэмж, туйлшрал зэргээс болж эмэгтэй хүн л тогооч байх ёстой, эрэгтэй хүн л дайнд мордож чадна гэх мэт ойлголтууд гарсан байх. Жендерийн харьяалалгүй салбарт ямар ч байсан нүүр будалт хүч түрэн орж ирлээ. Загвар өмсөгчид, жүжигчдийн алдартай нүүр хувиргагчид хэзээнээс л байсан. Гэхдээ доор дурдах артистууд бол шинэ цагийн, сошиал медиа үеийн могулууд гэдгээрээ ялгаатай. 

Тэд сошиал сүлжээн дэх эмэгтэй мэйкап артистуудаас нэг их хоцроогүй ч одоо гаргасан амжилт, авсан хандалтаараа ихэнхийг нь хол хаясан. Тэдний нөлөөлөл, хамрах хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, хэтэвч нь ч зузаарсаар байгаа билээ. Ингээд сошиал сүлжээнд хамгийн алдартай эрэгтэй мэйкап артистуудыг танилцуулъя. 

Мэнни МЮА



Нэр: Мануэль Гутьеррес

Maybelline брэндийн анхны эрэгтэй төлөөлөгч, инстаграмд 4 сая, Youtube-д 4 сая гаруй дагагчтай. 1991 онд төрсөн. 

Гутьеррес ээжийнхээ нүүр будаж байгааг хараад татагдсан. Sephora, MAC дэлгүүрт ажиллаж байгаад 2014 оноос Youtube-д бичлэг хийх болсон. Makeup Geek-тэй хамтарч нүдний тень, Ofra Cosmetics-тэй хамтарч өөрийн нэрээр уруулын будаг, BeneFit-тэй хамт бронзер гаргажээ. 

Өнгөрсөн онд тэрбээр People сэтгүүлийн "Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд"-ийн жагсаалтад орж, үүнд багтсан цорын ганц эрэгтэй болсон юм.




Мисс Фейм



Нэр: Куртис Дам-Миккельсен

Дрэг күин, реалити шоуны од, мэйкап артист, дуучин. 1985 онд төрсөн. 

Youtube дэх дагагч нь 400 мянга гаруй, гэхдээ энэхүү жагсаалтад багтсан бусад мэйкап артист шиг идэвхтэй ажиллуулдаггүй. 

Италийн Vogue сэтгүүлийн тусгай зочноор оролцож байсан.  





Брэтмэн Рок



Нэр: Брэтмэн Рок.

Залуу артистуудын нэг, 19 настай, Филиппин улсаас гаралтай. 1998 онд төрсөн. 

Брэтмэн анх Vine-ы богино бичлэгүүдээрээ олонд танигдсан. Түүний нүүр будалтын бичлэгүүд анх 15 секунд үргэлжилдэг байжээ. Тэрбээр инстаграмын идэвхтэй хэрэглэгч бөгөөд 9.1 сая дагагчтай, харин Youtube-д 2.5 сая дагагчтай. 

Залуу үеийнхэнд илтгэл тавьж, өөрийнхөө түүхийг хуваалцдаг болсон, олны анхааралд хэдийнэ өртсөн чадварлаг артист. 




Жеффри Стар



Нэр: Джеффри Линн Стайнингер

Мэйкап артист, дуучин, хөгжмийн зохиолч, гоо сайхны Jeffree Star брэндийг үүсгэн байгуулагч. 1985 онд төрсөн. 

Youtube-дээ 6.2 сая дагагчтай, инстаграмдаа 5.5 сая дагагчтай. Дэлхий дахинаар аялж нүүр будалтын сургалт хийдэг, Jeffree Star Cosmetics компаниа 2014 онд үүсгэн байгуулж өдгөө уруул, нүд, нүүрний гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг болж төрлөө өргөжүүлсээр байгаа юм. 

Түүний нэрээр BeneFit Cosmetics Roller Lash сормуусны будаг гарсан. 





Жеймс Чарльз



Нэр: Жеймс Чарльз Дикинсон

Мэйкап артист, загвар өмсөгч, 1999 онд төрсөн. 

Чарльз Youtube-д гоо сайхны суваг нээж байгаагаа 2015 онд мэдэгдсэн. Одоо 2.7 сая дагагчтай, инстаграмдаа 3.4 сая дагагчтай. Чарьлз анх ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн монтажны зурагтаа нүүрээ будаж байгаагаар авахуулж, энэ нь ток шоуны хөтлөгч Эллений чихэнд хүрсэн. Түүний шоунд зочноор оролцсоноос хойш сошиал сүлжээн дэх карьер нь эхэлсэн гэж болно. 

Жеймс Чарльз CoverGirl Cosmetics-ийн анхны эрэгтэй нүүр царай, төлөөлөгч болсон. 




Патрик Старр



Нэр: Патрик Симондак

Филиппинээс гаралтай, чөлөөт уран бүтээлч, мэйкап артист. 

Патрик дунд сургуульд байхаасаа л зураг авах хоббитой болж, энэ нь яван явсаар нүүр будганд дурлуулсан. Youtube-дээ 3.4 сая, инстаграмдаа 4 сая дагагчтай, 2017 оны Streamy шагнал гардуулах ёслолоос Гоо сайхны төрөлд шилдгийн шилдгийг хүртсэн. Тэрбээр M.A.C. Cosmetics-тай хамтран тень, пудра, уруулын будаг, хүрээлэгч харандаа гаргасан.