Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт нийт 32 хүнээс коронавирус илэрснээс 9 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрчээ.

Улмаар "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 131 хүнээс халдвар илэрсэн бол Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 2775 болжээ. Тэдний 2070 нь эдгэрсэн байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хөл хорио сулруулснаар коронавирусийн халдварыг бүрэн хумиад авчихсан юм шиг иргэд гадуур ихээр явж байна. Өчигдөр бид тандалт хийсэн. Иргэд гадуур маш олуулаа явж байна, золголт хийж байна, дэлгүүр бусад үйлчилгээний газруудаад олноороо үйлчлүүлж байна. Амны хаалтаа зөв зүүхгүй хоолойдоо хийгээд, эсвэл амаа хаагаад хамраа гаргаад явж байна. 

Коронавирусийн халдварын цар тахал үргэлжилж байна. Дэлхийн аль ч оронд уг халдварыг устгаагүй. Тиймээс иргэд маш хянамгай, биеэ цэгнэж хариу арга хэмжээ авч, онцгой анхаарах хэрэгтэй" хэмээлээ.