Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 23-нд нийт 26.058 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 9 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрлээ. 

24 хүний 9-өөс нь эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн учир үргэлжлүүлэн ойрын хавьтлуудад нь тандалтын шинжилгээ хийхэд 15 хүн халдвартай нь батлагдсан.

Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 131 тохиолдол батлагдлаа. Тэдний 59 нь анхны шинжилгээгээр илэрсэн бөгөөд ойрын хавьтлуудад нь шинжилгээ хийхэд 72-оос нь халдвар илэрсэн.

Халдвар нийслэлийн бүх дүүрэгт бүртгэгдэж байна.

Улмаар Улаанбаатар хотод нийт 1914 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 2240, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 2755 тохиолдол боллоо. Тэдний 77.1 хувь буюу 2070 нь эдгэрсэн. Одоо 670 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь хүн маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 69, хөнгөн 593 хүн байна.

Сүүлийн 24 цагт 67 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" хэмээлээ.