Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.12/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт нийт 19.341 хүнд шинжилгээ хийхэд 103 хүнээс коронавирус илэрлээ. 

Сүүлд бүртгэгдсэн 103 тохиолдлын 1 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн бол 102 нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Тэдний 92 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. 11 хүний халдварын эх уурхай тодорхойгүй, тодорхойлох тандалт үргэлжилж байна.

Сүүлийн 24 цагт 60 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.

Улмаар Улаанбаатар хотод нийт 2789 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 3134, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 3664 тохиолдол боллоо. Тэдний 79 хувь буюу 2907 нь эдгэрсэн байна. Одоо нийт 740 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 41, хөнгөн 692 хүн байна" хэмээлээ.