Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
06 сарын 09, 2025
Нойрны ач холбогдол болон хүүхдийг зөв амрааж, унтуулах аргын талаар Хүүхдийн нойрны арга зүйч Э.Номинзултай ярилцлаа.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
#1-2 настай хүүхэд дөнгөж төрсөн нярай шиг ойр ойрхон сэрж байвал заавал мэргэжлийн хүнд хандаарай
Гурав хүртэлх сартай нярайн хувьд шөнө сэрэх нь хэвийн үзэгдэл юм. Сүү уух, мөөмөө хөхөх нь тэдний өсөлт хөгжлийн зайлшгүй нэг хэсэг гэж ойлгож болно. Дөрвөн сартайгаас хойш сэрэх нь байдал цөөрч, хүүхэд илүү бат бөх унтаж эхэлдэг. Учир нь тархины хэлбэлзэл багасаж, мэдрэлийн тогтолцоо аль хэдийнээ тогтворжсон байдаг.
Харин энэ насныхан нярай хүүхэд шиг 1-2 цагийн зайтай сэрж уйлагнаад байвал заавал мэргэжлийн хүнд хандаарай. Тэр тусмаа хоёр, гурван настнуудад дээрх шинж тэмдэг илэрч байвал хэвийн бус байна гэсэн үг.
АНУ болон Европын орнуудтай харьцуулбал монгол эмэгтэйчүүд хүүхдээ 2-3 нас хүртэл нь хөхүүлж байж мөөмнөөс гаргах хандлагатай байдаг. Энэ нь ойрхон давтамжтай сэрэх, заавал мөөм хөхөж байж л унтдаг муу занд хүүхдийг сургадаг.
Ээжүүд “Хүүхэд томрохоороо өөрөө унтаад сурчихна”, “Хөхнөөс гаргачихвал болно” гэж хүлээсээр хугацаа алддаг. Гэтэл үнэндээ хөхнөөс гаргасны дараа ч энэ байдал үргэлжлэх нь бий. Учир нь хүүхэд аль хэдийнээ мөөм идэж унтсаар дасчихсан, өөрөөрөө унтах чадварт суралцаагүй байдаг.
#Sleep Training хүүхдийг өөрөө унтаж сурахад дэмжлэг үзүүлэх зорилготой
“Sleep training” буюу “Өөрөөр нь унтуулж сургах” арга нийгэмд буруу ойлгогдох нь элбэг.
“Эх хүн хүүхдээ энгэртээ тэвэрч, ангир уургаа хөхүүлж хүн болгодог” гэх яриа байдаг шүү дээ. Бидний өмнөх үеийнхэн яг л энэ жишгээр явж ирсэн. Уйлах төдийд л хүүхдээ хөхүүлэхийг урьтал болгодог. Уйлуулж болохгүй, заавал өвөртөлж унтах ёстой гэх хэвшмэл ойлголтод өөрийн мэдэлгүй дасчихсан байдаг. Тиймээс “Sleep training” гэдэг үгийг сонсоод “хүүхдийг уйлуулдаг хатуу арга, барууныхныг дуурайж байна” гэж боддог. Гэтэл үнэндээ “sleep training” нь дадал хэвшлийн тусламжтайгаар хүүхдийг тайван, өөрөөр нь унтаж сургах зорилготой юм.
“Хүүхдийн маань нойр хэвийн бус байгаагаас би өөрөө ч унтаж чадахгүй байна, удахгүй ажилдаа орох гэж байгаа учир энэ асуудлыг шийдмээр байна” гэсээр ирдэг олон ээж байдаг.
“Sleep training” хийхэд аргадах, дуу дуулах, бүүвэйлэх, толгойг нь илэх, чанга тэврэх гээд олон арга бий.
Заавал хий гэж шахахгүйгээр эхлээд хүүхдийнхээ зан ааш, онцлогт тохирсон аргыг туршиж үзэхийг зөвлөдөг. Хамгийн гол нь ээж, хүүхэд хоёрыг чанартай нойр авхуулах зорилготой учир хөхүүлэхгүйгээр бат бөх унтуулах аргыг л хэлж өгдөг.
Тэгэхээр sleep training хүүхэд бүрийн онцлогт тохируулан, өөрөө унтаж сурах хүртэл нь сэтгэлзүй, бие махбодийн хувьд дэмжих процесс юм.
#Багадаа нэг цагийн өмнө унтах бэлтгэл хийж чадвал хүүхэд бат бөх унтдаг
Хангалттай нойр авахын тулд бид өдөр бүрийн тогтсон дадал хэвшлийг амьдралдаа бий болгох шаардлагатай байдаг. Энэ нь зөвхөн насанд хүрэгчдэд бус, хүүхдэд ч хамаатай ойлголт юм. Нойр нь хүүхдийн өсөлт, дархлаа, сэтгэн бодох чадвар, сэтгэлзүйн тогтвортой байдал зэрэг олон талын хөгжлийг дэмждэг. Тиймээс унтахын өмнөх бэлтгэл нь хүүхдийн амьдралын чанарт нөлөөлөх чухал зүйлсийн нэг.
Харамсалтай нь, ээж аавууд үүнийг орхигдуулдаг талтай. Ихэнх гэр бүлд орой унтахын өмнө “дайн” болдог шүү дээ. Тоглож байхад нь гэнэт “За, одоо унт” гээд хүүхдээ барьж авч хөхүүлээд, хөшгөө хаагаад гэрлээ унтраачихдаг. “Унтах цаг боллоо” гэсэн дохиог өгөхгүйгээр хүчээр барьж аваад хэвтүүлчихээр хүүхэд эсэргүүцэх нь ойлгомжтой шүү дээ.
Том хүн ч ялгаагүй. Ажлаасаа ирээд шууд ор руугаа үсэрдэггүй биз дээ? Хувцсаа солино, усанд орно, оройн арьс арчилгаагаа хийгээд хэвтэнэ. Эдгээр үйлдэл тархинд “одоо би амрах гэж байна” гэдэг дохиог өгдөг. Үүнтэй адилаар хүүхдэдээ ч гэсэн унтахын өмнөх бэлтгэл хийх, тайвшрах боломжийг өгөх хэрэгтэй. Ингэж чадвал ямар ч хүүхэд шөнө сэрэхгүй бат бөх унтдаг.
#Унтахын өмнөх бэлтгэлийг хэрхэн хийх вэ?
Жишээ нь, хэрэв хүүхдээ орой 21:00 цагт унтуулах бол 20:30 гэхэд орчныг бэлтгэж эхлэх хэрэгтэй. Зурагт, электрон хэрэгслүүдээ салгаж, өрөөнийхөө гэрлийг бүдгэрүүлж, тоглоомыг нь хураалгах гэх мэт. Дараагаар нь усанд оруулж, гар нүүрийг нь угаалгаж, буйлыг нь цэвэрлэх, шүдийг нь угаалгах зэргээр хүүхдэд дадал хэвшил суулгаж чадвал хэний ч шахалтгүйгээр тогтмол цагт унтаж, сэрээд сурчихдаг.
Оройны бэлтгэлийн хамгийн чухал хэсэг бол хүүхэдтэйгээ ном унших. Унтахын өмнө ном уншдаг хүүхдүүд илүү хурдан унтаж, шөнө дунд сэрэх нь бага байдгийг судалгаагаар баталсан байдаг. Ингэх нь зөвхөн хэл ярианы хөгжлийг дэмжих бус, хүүхдийн анхаарал төвлөрөл, дүрслэн сэтгэх чадварыг сайжруулдаг.
Харин өдрийн унтлагын өмнөх бэлтгэл оройныхтой харьцуулбал богинохон байна. Тухайлбал, живхийг нь солих, хөшгөө хаах, зөөлөн хэмнэлтэй дуу тавих зэргийг хийхэд л болно.
#Хүүхдээ сайн унтуулъя гэвэл эхлээд өөрийнхөө муу зуршлуудаас салаарай
Хүүхдийн нойрны чанар зөвхөн хүүхдээс бус, гэр бүлийн уур амьсгал, өдөр тутмын дадал зуршил, эцэг эхийн хандлагаас ихээхэн хамаардаг.
Эцэг эхчүүд “хүүхдээ л сайн унтуулах ёстой” гэдэг ч, үнэндээ хүүхэд томчуудыг дуурайж суралцдаг гэдгийг бид мартаж болохгүй.
Аав, ээж нь өөрсдөө шөнө оройтож унтдаг бол хүүхэд ч мөн түүнийг хэвийн гэж ойлгон, дагаж эхэлдэг.
Жишээ нь, эцэг эх нь өглөө эрт босох ёстой ч шөнө 01:00-02:00 цаг хүртэл орондоо ордоггүй бол хүүхдэд ч орой унтах нь энгийн мэт санагдана. Тиймээс гэр бүлийн бүх гишүүн хамтдаа нойроо чухалчилж, үлгэр дуурайлал үзүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм.
Нойр дутуу явснаар зөвхөн ядаргаа төдий асуудал үүсдэггүй. Тогтмол нойр дутмаг байх нь сэтгэл гутрал, анхаарал төвлөрөл буурах, дархлаа муудах, дааврын тэнцвэр алдагдах зэрэг эрүүл мэндийн олон асуудалд хүргэх эрсдэлтэй.
#Чанартай нойр авах нь урт хугацааны дадал хэвшлийн үр дүн юм
Орой бүр тогтсон цагт орондоо орж, тогтсон цагт сэрж сурах нь бат бөх унтах, чанартай нойр авах үндэс юм. Өөрөөр хэлбэл нойрны асуудлыг зөвхөн хүүхдэдээ хамаатуулахгүйгээр гэр бүл хамтдаа хандлага, дадал хэвшлээ өөрчилснөөр шийднэ. Иймд хүүхдээ сайн унтуулахын тулд хамгийн эхлээд та өөрөө сайн унтаж, өөрийнхөө нойрыг эрхэмлэж хэвшээрэй.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.41] ・ 2025.06.10 Хариулах
Daanch ih muuhai zantai huuhen bn lee shuu
Зочин [202.55.188.41] ・ 2025.06.10 Хариулах
Zochin
Санал болгох
1 Б.Бат-Эрдэнэ: Бөхөөсөө хардаг жудаг ёс, сайн сайхан хүлээлт бүх монголчуудад бий
2 Кужа: Хөдөө талд очиж морин хуураа тоглож, хөөмийлнө гэхээс тэсэж ядаж байна
3 Ипотекийн амь насны даатгал зээлдэгчид ашигтай
4 З.Даваажаргал: Сурагчийн сэтгэл зүй сайжрахад сурлагын чанар нь дээшилдэг
5 ЕБС-ийн менежментэд мэдэгдэхүйц үр дүн гарсан хичээлийн жил байлаа