УОК-ын Шуурхай ажлын хэсэг Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжсэнгүй.

Коронавурисийн халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг  түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Улсын онцгой комиссын даргад уламжилсан аж. 

Эрүүл мэндийн яамнаас гаргасан 28 хоногийн хөл хорионы саналыг  УОК-ын Шуурхай ажлын хэсэг хэлэлцэж дэмжээгүй аж. Цар тахалын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан.  Энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгасан аж.

УОК-ын Шуурхай штабаас коронавурисийн цар тахлын голомтыг илрүүлэх ажлын хүрээнд эрсдлийн үнэлгээ хийсэн талаар танилцуулжээ.

Эрсдлийн үнэлгээгээр буяны ажилд оролцож байгаа иргэдээс голомтод халдварууд нэмэгдэж  байгаа нь тогтоогдсон учраас оролцож буй хүний тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай байгааг хэлэв. 

Ковидын халдварыг хумих, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж дагахыг УОК-оос анхаарууллаа.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдвар тогтмол олноор илэрч байна. Тухайлбал, өнөөдөр 169 хүнээс, энэ сарын 12-нд 108 хүнээс, 11-нд 80 хүнээс, 10-нд 109 хүнээс тус тус коронавирус илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 3833 болоод байна.