Дэлхийн Гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд "Бид нэг гэр бүл" өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр 10-аас дээш жил ханилсан, гэрлэлтийн бүртгэлтэй 11 хос нэг дор хуримаа хийж байгаа юм.

Мөн "Бид нэг гэр бүл" арга хэмжээний хүрээнд 700 гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ,үүрэг хариуцлагын талаар мэдлэг олгох, нөлөөлөх, эерэг хандлага бий болгох зорилготой сургалтыг зохион байгуулж, Гэрлэх ёслолын ордонтой танилцуулжээ.

Энэ үеэр Ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр "Үргэлж инээд хөөр, баяр баясал цалгиж, олон сайхан гэр бүл гал голомтоо бадраадаг Гэрлэх ёслолын ордны хамт олон, нийслэлийн төр захиргааны байгууллагатай хамтраад төрийн албан хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд 11 сайхан хосын гэрлэх ёслолыг зохион байгуулж байна. 

Өнөөдөр хуримаа хийж байгаа хосууд, тэдний гэр бүлийнхэн, найз нөхдөд аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе" гэв. 

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар сарын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг.