ВАШИНГТОН. /AP/. Канадын дуучин Жастин Бибер, Америкийн загвар өмсөгч Хейли Болдуин нар өнгөрсөн даваа гарагт дахин гэрлэжээ.

People” сэтгүүлийн мэдээлснээр, тэдний хуримын ёслол Өмнөд Каролина муж улсын Блаффтон хот дахь “Montage Palmetto Bluff” тансаг зэрэглэлийн амралтын газарт болсон аж. Уг арга хэмжээнд хосын гэр бүлийнхэн болон найз нөхөд оролцсон байна. 

25 настай Ж.Бибер, 22 настай Х.Болдуин нар өнгөрсөн зун сүй тавьж, хэдэн сарын дараа Нью-Йорк хотын шүүхэд нууцаар хуримласан байна. Ж.Бибер гэрлэсэн гэдгээ өнгөрсөн 11 дүгээр сард албан ёсоор мэдээлжээ.

Энэ удаа залуу дуучин хуримын гэрэл зургуудаа нийгмийн сүлжээний хаягтаа нийтэлжээ. Түүнчлэн Х.Болдуин хэдэн сарын өмнөөс өөрийн албан ёсны “Instagram” хаягаа Хейли Бибер болгон өөрчилсөн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг