Монгол Улсад 30 хоногийн оршин суух зөвшөөрөлтэй орж ирсэн ч хугацаа хэтрүүлэн, улмаар цахим гэмт хэрэг үйлдэж байсан магадгүй хэмээх үндэслэлээр өнгөрөгч сарын 27-ны үдэш шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж, таван зочид буудлаас 800 гаруй хятад иргэнийг саатуулсан билээ.

Цахим луйврын хэрэгт холбогдсон эдгээр иргэдийг ГИХГ-аас яг одоо галт тэрэгний буудалд хүргэж, орон нутгийн галт тэргээр Замын-Үүд боомтод хүргэн, тэндээсээ албадан гаргаж байна. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр эдгээр иргэдийг албадан гаргахад 100 орчим сая төгрөг зарцуулж байгаа гэнэ.

Хятад иргэдийг тусгайлан хуягласан галт тэргээр хүргээд  БНХАУ-ын хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгнө гэж ЦЕГ-аас мэдээллээ. БНХАУ-ын эдгээр иргэд хэрэгт холбогдсон учир хар тамга даруулж дахин Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй болж байгаа юм.

Үлдсэн иргэдийг холбогдох хууль хяналтын байгууллагаас хэрэгт холбогдуулан шалгаж байна.