Шотландад төвтэй "Mongol Identity" ТББ “Формула 1” уралдааны жолооч Макс Верстаппен өрсөлдөгч багийн жолооч Ланс Строллыг "монгол" хэмээн доромжилсны дараа олон нийтээс уучлал гуйх шаардлага тавьж захидал илгээжээ.

"Autódromo Internacional do Algarve" уралдаан дээр "Red Bull" багийн нисгэгч Макс Верстаппенийг "Racing Point"-ийн нисгэгч Ланс Стролл 1-р эргэлтэд гүйцэж түрүүлэх үеэр тэд мөргөлдөх дөхсөн байна.

Верстаппен радиогоор бухимдсанаа илэрхийлж: "Энэ новш сохор юмуу? Ямар эргүү амьтан бэ. Муу монгол чинь" гэжээ. Верстаппен хожим нь хараалын үгс хэрэглэсэндээ харамсахгүй байна гэсэн бөгөөд хэрэв хэн нэгэн түүний хэлсэн үгэнд гомдсон бол энэ нь түүнд хамаатай асуудал биш гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн юм.

Тэгвэл монголчуудыг өмөөрч франц Youtubeer залууг дуугарчээ. Тэрбээр "Монгол гэхээр танд юу бодогдож байна? Тэнэг эргүү, өвчтэй хүн гэсэн бодол орж ирж байна уу? Тэгвэл сонсож бай. Ингэж бодож байгаа чи өөрөө тэнэг, эргүү өвчтэй хүн юм" хэмээн франц залуу энэхүү влогоо эхлүүлж байна. 

Франц Youtubeer залуугийн влог дотор кибер тоглоомчдын хорхойг гозгонуулаад байгаа Ghost of Tsushima тоглоомын дүрс гардаг байна.

Энэхүү тоглоомын үйл явдал 1274 онд Японд болж байгаагаар өрнөх бөгөөд тэр үеийн Монголын байлдан дагуулалт, булаан эзлэлтийн түүхээс санаа авсан бүтээл аж. 

Гэхдээ тоглоомд дурдагдаж буй Хотун нэрт монгол хаан, япон баатрууд нь үнэн бодит хүмүүс биш юм. Монгол хүний төрхийг яг л бодит мэт бүтээсэн энэ тоглоом дотор монголчуудын үг яриа ч бас яг монголоороо орсон нь сонирхол татсан байна.


Эх сурвалж: Х.Болор-Эрдэнэ