Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хоршооны дарга С.Сүхбаатартай сартуул хонины үүлдэр угсааны талаар ярилцлаа. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ШХА-ийн “Ногоон алт- Малын эрүүл мэндийн төсөл” -тэй хамтран сартуул хонин сүргийг үржүүлэх чиглэлээр ажиллаж буй. 

 

-Та сартуул үүлдрийн хонийг дахин сэргээж үржүүлэх ажлыг хэзээнээс эхлүүлсэн бэ? 

-Би 40 гаруй жил малын эмчээр ажиллаж байна. Цэвэр сартуул үүлдрийн чанар муудаж, үүлдэр угсааг нь үл тоож орхигдуулсанд битүүхэндээ харамсаж л явлаа. 

2014 оноос “Монгол мал” төслийн хүрээнд сартуул үүлдрийн хуцыг хариуцах эзэнтэй болж, тусад нь маллаж хээлтүүлэгт оруулдаг болсон юм. Гэвч энэ төсөл удаан үргэлжлээгүй. Удалгүй Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд”-ийн төсөл хэрэгжиж байгааг сонсоод тэдэнтэй холбогдож ажиллах болсон. 


-Сартуул үүлдрийн хониноос гарах түүхий эд юугаараа онцлог юм бэ? 

-Манай сартуул үүлдрийн хонинд давуу тал олон бий. Ноос, ноолуурын чиглэлээр ашиглах зориулалттай. Ноосных нь 50 хувь нь Баян-Өлгий аймгийн ангор үүлдрийн ямааны ноолууртай ижил нарийн ширхэгтэй. Дулаахан, илч сайтай эд дээ.

Бас ноосны гарц маш сайн. Бусад аймаг сумдын нэг хониноос дунджаар 1.5 кг ноос гардаг. Харин сартуул үүлдрийн төлөгнөөс гэхэд л 1.5 кг, эм хониноос 1.8 кг, нас бие гүйцсэн эр хониноос 2,8 кг ноос авдаг. Бүр 3 кг ноос авах ч тохиолдол бий л дээ.


-Тухайлбал “Эрдэнэт хивс” компанийн ноосны хэрэгцээний хэд орчим хувийг сартуул хонины ноос бүрдүүлдэг бол? 

-Манай Эрдэнэхайрхан сум дангаараа “Эрдэнэт хивс” компанийн ноос, ноолуурын хэрэгцээний түүхий эдийн 50 орчим хувийг нийлүүлдэг. Цаашдаа ноосны хэмжээгээ нэмэгдүүлж, чанараа алдахгүйгээр хонин сүргээ өгсөхөөр төлөвлөж байна. 

Зах зээлд жилд дунджаар 135-150 мянган тонн ноос нийлүүлдэг.  “Ногоон алт - Малын эрүүл мэндийн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ тоо жил ирэх тусам өсөж байна. 

-Сартуул үүлдрийн ноосны чанар муудахад юу нөлөөлсөн бэ?

-Социализмын үед малын тоо толгойг өсгөх төлөвлөгөөг гаргаж, аль үүлдрээр хэрхэн үржүүлэхийг ч тооцоолдог байв. 1970-аад оноос монгол орон даяарх сайн чанарын мах, ноос гаргадаг хонь бүрээс шилж сонгон үржил селекцийн аргаар сартуул үүлдрийг гаргаж авсан юм. 

Зах зээлийн нийгмийн үед мал хувийн өмчид шилжсэн. Харамсалтай нь энэ үед үүлдэр угсаа сайжруулах тал дээр ямар ч бодлого, төлөвлөлт явагдаагүй. Үүлдрийн ген, удамшлыг шилж, үржилд ороход тохиромжтой эсэхийг нь нарийн тогтоож байж хуц тавих ёстой. 

Гэтэл хаанаас ч ямар ч хамаагүй хуц тавьж, хээлтүүлгэд оруулснаас ноосны чанар алдагдсан. 

 

-Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөлтэй хамтарснаар ямар бодит үр дүн гарсан бэ?

-Цэвэр үүлдрийг сэргээхэд ач холбогдол өндөртэй олон ажлыг гүйцэтгэлээ. 

2016 оноос хойш жилд 700-800 хурга сонгож, хуц тавих болсон. Тэдгээрийг тусад нь хариуцуулж, маллаж байгаад аймгийнхаа бусад суманд өгч, хээлтүүлэгт оруулж байна. Төслийн үр дүнд сүүлийн хэдэн жилд нэг хониноос гарах ноос, ноолуурын хэмжээ өсөж, чанар нь улам бүр сайжирсаар байна.


-Малын бүтээгдэхүүний чанар, гарц сайжрахаар малчдын амьдралд хэр бодитой нөлөөлж байна вэ?
-Ноосны килограмм тутамд 2000 төгрөгийн урамшуулал авдаг. Улсын хэмжээнд ноосны урамшууллыг хамгийн өндөр дүнтэй авдаг хоёр сум бий. Нэг нь манай Эрдэнэхайрхан сум. 

“Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг ашиглаж малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг, мөшгөх системд бүртгэгддэг болсон. Ингэснээр ноос, ноолуурын гарал үүсэл баталгаатай болж, зах зээлд илүү өндөр үнээр борлуулах боломж нээгдсэн. 

 

-Малчид ашиг шимийг нь бодож ямаа өсгөдөг шүү дээ. Сартуул үүлдрийн хонь ямаатай харьцуулбал хэр өгөөжтэй вэ?

-Ноолуурын зах зээлийн үнэ өндөр учраас малчид ямааны тоо толгойг нэмэгдүүлдэг. Ямаа ногооны навч найлзуурыг малтаж зулгааж иддэг тул, бэлчээр сүйтгэхдээ гаргууд амьтан. Тэр хэрээрээ бэлчээр нутаг талхлагддаг. Гэтэл малчид бид соргог сайхан бэлчээргүй бол мал маллан амьдрах ямар ч боломжгүй шүү дээ.

Сүүлийн үеийн малчдын дунд шилмэл үүлдрийн мал өсгөх хандлага нэмэгдлээ. Үүнийг маш сайшаалтай зүйл гэж хардаг.

Би 40 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж байгаа малын эмч мэргэжилтэй хүний хувьд малчид сүргийн бүтцээ зөв зохицуулж, малаа маллаасай гэж хүсдэг дээ.


-Хонь голдуу өсгөдөг танай сум цөлжилтөд хэр их нэрвэгдсэн бэ?

-Манай сум ямааны тоо толгой харьцангуй бага. Үүнийг дагаад бэлчээр талхлагдах асуудал бага шүү. Мөн малчдын зуслан өвөлжөөний бэлчээр нь багаар бодоход 200 гаруй км зайтай байдаг нь ч нөлөөлдөг болов уу. Бууриа тогтмол сэлгэж, бэлчээрээ амраадаг, мөн хонь голдуу өсгөдөг учраас бэлчээрийн даац хэтэрч талхлагдахгүй байгаа нь үүнээс харагдана. 

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа энэ үед сайн үүлдрийн аргаар өсгөж, үржүүлбэл хониноос ашиг шим хүртэх, байгаль орчин нутаг орондоо ээлтэй амьдрах боломжтой. 

Дээрх ярилцлагад дурдагдсан шиг жирийн малчин иргэд бидний хэрэглэдэг түүхий эдийн дийлэнхийг бэлтгэн нийлүүлдэг. Тэгэхээр малчдын өсгөн үржүүлж, зах зээлд нийлүүлж буй малын гаралтай бүтээгдэхүүний чанар нь эргээд бидний идэж ууж, өмсөж зүүж буй бүхний чанарт нөлөөлдөг.Тиймээс мал аж ахуй, малчдын амьдрал ахуйд нүүрлэж буй бэрхшээлүүд нь зөвхөн тэдний биш нийт Монголчуудын асуудал гэдгийг хүн бүр ойлгох нь чухал юм. 

Бэлчээрийн сэргэлтийг хангаж, малчдын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 17 жилийн турш хэрэгжсэн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн үр дүнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг зохистой түвшинд эрхлэх олон сайн туршлагууд нэвтэрсэн ба энэхүү үр дүн, сайн туршлагуудыг энэ 9 сарын 9/10-ны өдөр зохион байгуулагдах Бэлчээрийн Үндэсний IV форум болон НАМЭМ төслийн үр дүнг хүлээлгэн өгөх хаалтын арга хэмжээнүүдийн үеэр олон нийтэд нээлттэйгээр хуваалцах юм. Арга хэмжээ виртуал хэлбэрээрwww.responsiblenomads.mn сайтаар болонhttps://www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдана. Байгаль орчинд ээлтэй, эрүүл амьдарч, мал аж ахуйгаас гарч буй түүхий эдээ хог хаягдал биш үнэт баялаг болгоход монгол хүн бүрийн оролцоо цэгцтэй мэдлэг чухал. Тиймээс энэхүү арга хэмжээнд цаг гарган оролцохыг эрхэм уншигч та бүхэндээ уриалж байна.