Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүн болон цаашид анхаарах асуудлын талаар тус судалгааны судлаач нарт зориулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.   

ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Судалгааны мэдээлэл цуглуулсан судлаач нартаа өөрсдийнх нь цуглуулсан мэдээллийг нэгтгэж, үр дүн танилцуулж буй нь шинэлэг арга хэмжээ” хэмээн онцолсон юм.  

Хэлэлцүүлгийн үеэр ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн ахлах статистикч Н.Должинсүрэн, статистикч М.Доржпагма, Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын ахлах статистикч О.Норовсамбуу нар Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүн болон сэтгэл санааны хүчирхийлэл, хянах зан үйлд өртсөн эмэгтэйчүүдийн дүр төрх сэдэвт гүнзгийрүүлсэн судалгааны үр дүнг танилцуулсан.   

Энэ хүрээнд мэдээлэл цуглуулсан судлаачид судалгааны мэдээлэл цуглуулах явцад анхаарах зүйлс, судлаачдыг сонгон шалгаруулахдаа сэтгэл зүйн тест хийх болон дараагийн шатанд судлах шаардлагатай асуудлын талаар хөндөж байлаа.  

Улсын хэмжээнд хийгдсэн энэхүү судалгаагаар Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тоон болон чанарын мэдээллийг бий болгосон гэж үздэг. 

Судалгааны зарим үр дүнгээс эргэн сануулахад, судалгаанд оролцсон эмэгтэйчүүд хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртөх нь илүү байсан юм. 

Мөн урьд өмнө нь хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа эмэгтэйчүүдийн 14 хувь нь бусдын зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь Ази, Номхон далайн бүсийн бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

Түүнчлэн бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийн

- цөөнх нь дунд хэлбэрийн хүчирхийллийн тухай ярьсан бол 

-дийлэнх нь хүнд хэлбэрийн хүчирхийлэл буюу бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар жирэмслэх, үр хөндүүлэх, мөн хүүхдээ төрүүлэхээс өөр аргагүй нөхцөлд орсон нь энэхүү судалгаагаар тогтоогдсон юм.