СУИС, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ), Солонгосын МЕТАА компани хамтран “Соёлын наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг энэ сарын 11,12-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой тус наадам нь анх 2008 онд СУИС-ийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компанийн зөвлөх, МУЗ-ийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн, 300 гаруй хүний сайн дурын үндсэн дээр 10 жил дараалан зохион байгуулж ирсэн түүхтэй бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээдэг наадам болоод байна.

Тус наадмын талаар "Соёлын наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмын ерөнхий найруулагч СУИС-ийн хөгжмийн урлагийн сургуулийн захирал Г.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Монголчууд хэр дуу хөгжимтэй наадаж ирсэн ард түмэн вэ?

-Наадам гэхээр бөх, сур, морь гэж ярьдаг. Өнгөц харахад энэ бол спортын төрөл юм. Гэхдээ тэр болгоны цаана олон зуун жилээр хадгалагдаж ирсэн маш том соёлын өв, урлаг хадгалагдаж ирсэн. Тухайлбал бөхийн цол дуудна гэдэг тухайн бөхийн цол гуншинг дуудаад байгаа юм шиг боловч нэг дор тэр олон өнгийг гаргаж дуулж байгаа хэрэг. Сур харваа гэхэд цаана нь уухайлж дуулдаг. Наадам гэдэг нэг нь биеийн хүчний, нөгөө нь оюуны соёлын нийлбэр учраас салгах аргагүй.

-Нэг хэсэг тусад нь хөгжүүлж, судалж байсан шүү дээ?

-Тийм тал бий. Харин одоо тусад нь салгаж үзэх нь учир дутагдалтайг мэдсэн. Энэ бүхэн нэгдмэл юм гэдэг дээр төвлөрч байна. Зөвхөн бөх, морь гэж ялгахгүйгээр цогц хэлбэрээр хөгжүүлж ойлгох хэрэгтэй. Эрийн гурван наадмын ард бидний ахуйн соёлын цаана урлаг, соёлын өв байгаа учраас салгаж ойлгох боломжгүй юм.

“Соёлын наадам” маань энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Бид болж өгвөл энэ хэдэн өдрүүдэд Монгол наадмын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажилладаг. Гэхдээ ойлгуулахад учир бий. Бөхийн цол дуудахын ард ийм утга учир бий гээд зөвхөн ярьж тайлбарлахаас илүү бага багаар соёл урлаг, дуу жүжгээр дамжуулаад ойлгуулахын төлөө явж байна.

-ЮНЕСКО-д бүртгэгдээгүй ч анхаарах ёстой соёлын өвүүд хэр олон байна вэ?

-Ийм өв маш олон байна. Өвөг дээдсээс маань бидэнд үлдээсэн соёлын биет болон биет бус бүх өв бүгдээрээ бүртгэгдэх ёстой гэж боддог. Энэ бүхний цаана үнэгүйдэх зүйл гэж байхгүй. Бид нэг хэсэг барууны соёлыг дагаж хуйларсан. Харин одоо л үнэ цэнийг нь ойлгож мэдэж байна. Монгол монголоороо байх үндсэн зүйл маань соёл урлаг түүхээ байгаагаар нь авч үлдэх, үр хойчдоо үлдээх юм. 

-Авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

-Монголчуудын хийж байгаа үйлдэл болгонд ёс заншил, соёл бүх зүйл маань уялдан шингэсэн байдаг. Шагай харваа дээр ярихад шагайгаас наадгай нь тусдаа гэж ойлгоход бэрх. Нэг соёл нь нөгөөтэйгээ салшгүй холбоотой учраас. Энэ бүхнийг л өвлүүлэхийн тулд бид чиглэсэн ажлуудаа хийж байна. Наадам жилдээ ганцхан учраас бид энэ хэдхэн өдрүүдээр бүхнийг танилцуулж ойлгуулахад бэрх. Гэхдээ л наадмын өдрүүдээр таниулах сурталчлах тайлбарлах чухал байна. 

-Соёлын наадмаар болох арга хэмжээний үеэр ямар сонирхолтой арга хэмжээг танилцуулбал?

-Ардын аман зохиолын уламжлалыг танилцуулахаар соёл судлаач, Магистр М.Ганжаргал,Соёлын коллежийн багш, докторант С.Юндэнбат нар ажиллах гэж байна. Энэ хүмүүс маань аман зохиол хэрхэн түгэж, яаж хадгалагдаж үлдсэн, хэрхэн уламжилж үлдэх талаар сургалт явуулж хүмүүстэй харилцан ярилцах юм. Ирсэн хүмүүс аман зохиолоо мэдсэнээр цааш түгээж олон түмэнд хүрэх ач холбогдолтой. 

-Зөвхөн тоглолт гэлтгүй хүмүүсийг оролцуулах олон арга хэмжээ байгаа гэж сонссон?

-Ардын өв уламжлалыг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсанаар олон түмэнд хүрэхгүй. Харин бид энэ удаагийн наадмынхүмүүсийг оролцуулах ажлуудыг түлхүү хийж байна. Хүй долоон худагт  таван хотхон ажиллаж соёлоор үйлчилнэ. Тухайлбал “Талын Монгол нүүдэлчдийнхотхон”-д гэхэд хөөмэйн дөрвөн төрлийн тайлбарт үзүүлбэр гаргана. Мөн цуур товшуур, төмөр хуур, хулсан хуур хэрхэн тоглохыг заана, тоглож үзүүлэхээр бэлдэж байна. Үүнээс гадна ахуйтай арга хэмжээ нэлээн бий. Жишээ нь наадамчдыг оролцуулсан нум сумын харваа, дэмбээ наадам болно. Бас дээл хувцасыг хэрхэн хийдгийг хувцас өмсөх дэг соёлыг ч танилцуулна. 

-Мартагдсан хөгжмийг танилцуулна гэсэн. Ямар хөгжим юм бол?

-СУИС олон том төслүүд дээр ажилласан. Үүнээс 4 том төслийг энэ үеэр танилцуулна.  Жишээ нь хурган чих гэж хөгжмийн зэмсгийг танилцуулах гэж байна.  Энэ хөгжмийг Мөнх хааны үед хэрэглэж байсан гэж үздэг. Байгалийн гамшигт үзэгдэл бороо шорооноос сэргийлж, уул усаа аргаддаг. Төлөө голсон малд энэ хөгжмийг авахуулдаг гэхээр ахуйтай холбогдож гарч ирсэн зэмсэг гэж үзэх нь бий. 

Швейдийн музейд хадгалагдаж байсан 250 дуунаас 22-ыг нь бид түгээн дэлгэрүүлэх гэж байна. Хэрэв энэ хотхонуудаар айлчилсан хүн ямар ч байсан нэг дор монгол идээ цагаагаа амсч соёлоо үзэж, өөрсдөө оролцох боломжтой. Энэ удаагийн соёлын наадмын багт 250 орчим хүн ажиллана.

-Хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ бий юу?

-Бид хүүхдүүдэдээ энэ соёл уламжлалаа ойлгуулах л хамгийн чухал байна. Тиймээс тэдэнд хүүхдийн хотхон гаргасан.Энд шагай наадгай, оньсон тоглоомж, зургийн уралдаан, үндэсний бүжиг зааж өгөх зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Энэ жилийн “Монголын нэг өдөр” хотхонд Уран бичлэг, Эсгий урлал, Зүймэл урлал ба Зээгт наамал, Уран хатгамал, Цаасан шуумал буюу Re-Imagine Mongolia, Ардын аман зохиол, Үндэсний тоглоом наадгай, Оньсон тоглоом, Нум сум урлал, Монгол гэр барих, Аврага Монгол, Хөрөг зураг болон Хөгжилтэй нүүр будгийн өртөө ажиллана.

-Хүмүүсийн оролцоо хэр нэмэгдэж байна вэ?

-Жил ирэх тусам л хүмүүс ардын урлагаа сонирхож үнэ цэнийг нь ойлгож байна. Тэр тусам нь бид төрлөө олшруулахаар зорьсон. Анх бол тоглолт хийгээд гардаг байсан бол одоо тоглолтын олон цаг гаргасан. Энэ жил гэхэд морьтон монголчууд морио ямар олон төрлийн эдэлж байсныг харуулах үзүүлбэртэй. Том талбайтай учраас хүсвэл бөхөө ч барилдах боломжтой. Цэнгэлдэх хүрээлэн тойроод арга хэмжээ тус тусдаа явагддаг бол Соёлын наадамд ирсэн хүмүүс нэг дор монгол соёл уламжлалаа ойлгохыг хажуугаар морь бөх сураа бүгдийг нь харчих боломжтой.