Эрүүл мэнд, амжилтын коуч, багш, эмч Н.Зандитай дотор эрхтэн, ходоод гэдэсний цэвэрлэгээний тухай ярилцлаа. 


 Өдөр бүр өтгөнөө гадагшилуулж байвал та эрүүл

Бидний идсэн хоол хүнс ходоодоор дамжин, 5 м орчим нарийн гэдсээр 4-5 цагийн дотор дамжин өнгөрдөг бол ердөө 2 м орчим бүдүүн гэдсэнд 12-18 цаг хуримтлагдаж, энэ үед амин хүчил, аминдэм, ус, сахар зэрэг нь биед эргэн шимэгдэж, харин үлдсэн хэсэг нь баас болж биеэс гадагшилдаг. Бүдүүн гэдсэнд өдөрт 2 кг орчим химус буюу хоолны үлдэгдэл очиж, шимэгдсэний дараа 200-300 гр өтгөн үүсдэг байна.

Өтгөн өдөр бүр гадагшилж байвал та эрүүл байна, харин 36-48 цагаас дээш хугацаагаар гарахгүй байвал таныг өтгөн хаталттай гэж үзнэ. Өтгөн гарахгүй байх энэ хугацаанд бүдүүн гэдсэнд исэлдэлт, ялзрал, илжрэл явагдаж, хүний биед хортой олон төрлийн нэгдлүүд үүсэж, энэ нь цусанд шимэгдэн, таныг биеийг хордуулж, хямраадаг.

Хүний биеэс гадагшлах ёстой хорт бодисууд биеэс гадагшлахгүй бол энэ нь арьс, хөлс гэх мэт бусад замаар гадагшилж, нүүрэн дээр элдэв юм гарах, батга шавах, амнаас муухай үнэр гарах гэх мэтээр биднийг зовоодог. Мөн олон төрлийн хортой болон хоргүй хавдрууд биед хорт бодис хуримтлагдсанаас үүсдэг гэж сүүлийн үед үзэж байна.

 


Эрүүл байх эсэх нь таны дадлаас л шалтгаална 

Бид өдөр бүр гар нүүрээ угааж, тодорхой давтамжтайгаар усанд ордог. Энэ бол гаднаас хийж буй цэвэрлэгээ. Тэгвэл бидний хэрэглэж буй хоол хүнс, тэдгээрийн ургаж буй хөрс, усалж буй ус, хэрэглэж буй бордоо, ашиглаж буй технологи, боловсруулалт, амьсгалж буй агаар, амьдралын хэв маяг, бие махбодын үйл ажиллагаа гэх мэт маш олон хүчин зүйлээс шалтгаалан бие махбодод их, бага хэмжээний бохирдол үүсэж байдаг. Үүнийг бид янз бүрийн эм тариа, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс урьтаж цаг улиралтай уялдуулан оновчтой зөв цэвэрлэгээг хийж дадах нь чухал.   

Хар зурхайн таван махбодын онолоор модон махбодтой элэгний үйл ажиллагаа дэлгэрэх цаг нь хаврын улирал байдаг. Өөрөөр хэлбэл энэ үед элэгний үйл ажиллагаа хамгийн идэвхтэй байдаг гэсэн үг. Энэ үед элгийг дэмжих, цэвэрлэх үйл ажиллагаанууд явуулбал илүү үр дүнтэй байдаг.

Элэгний цэвэрлэгээг намар хийж болох ч өвчтэй элэгний хувьд эсрэг заалттай байдаг. Тиймээс хавар хамгийн тохиромжтой гэж ойлгож болно. Энэ ч утгаараа би Элэг тэтгэх хөтөлбөрөө хаврын улиралд зохион байгуулж, хүмүүсийг амьдралын эрүүл хэв маягт суралцахад нь тусалдаг юм.

Элэг нь цөсийг үүсгэх, хортой бодисоос биеийг хоргүйжүүлэх, нүүрс ус, өөх тос, уураг, эрдэс бодис, аминдэм, ферментийн солилцоонд оролцох, шим тэжээлийн бодисыг нийлэгжүүлэх, хадгалах гээд маш олон чухал үүрэг гүйцэтгэдэг амин чухал эрхтэн юм. 


 Гэдэс цэвэрлэх эм, бэлдмэл уугаад л болчихно гэж бодож байна уу?

Нас ахих тусам бүдүүн гэдсэнд өтгөний чулуу хэмээх зүйл үүсэх эрсдэлтэй. Энэ нь цааш ургацаг (полип), хавдарт шилждэг. Иймд та нүүр царайны өнгөө засъя, олон төрлийн эмгэгээс өөрийгөө урьдчилан сэргийлье, эрүүл байя гэж бодож байвал гэдэс цэвэрлэх шаардлагатай. Хүмүүс магадгүй гэдсээ цэвэрлэх гэж сарын турш ажил болж байснаас гэдэс цэвэрлэх эм, бэлдмэл аваад уучихъя, эсвэл гэдсийг цэвэрлэх аппаратанд оръё гэж бодож байж болох юм. 

Хүмүүс энергитэй бал, бугуйвч, ээмгийг рекламдаад үүнийг зүүчихвэл та энергитэй байна гэдэг. Харин би өөртөө л итгэж, иог бясалгалаа өдөр бүр хийхэд цаг гаргаж, өөрийгөө эрч хүч, энергиэр хангахыг илүүд үздэг. Үүний нэгэн адил би биеэ эрүүл байлгахын тулд олон төрлийн аминдэм, эм, тариа, янз бүрийн аппарат хэрэгсэл гэхээс илүүтэй биеийг цэвэрлэх мацаг, иогийн болон бусад энгийн аргуудыг чухалчилдаг. Энэ нь биед ч эрсдэлгүй, үр дүн ч сайтай, өөрт ч хялбар байдаг юм.

 

Бичлэг үзэх: