Гадуурхагдсан нэгнээ өмөөрч, гадаах хүйтнийг үл огоорч Сүх жанжны талбайд жагсаж дуу хоолойгоо хүргэж чадсан шинэ үеийнхэн өчигдрийн баатрууд байлаа. 

Хариуцлага хүлээж хоёр ч түшмэл албаа өгөхөө мэдэгдээд буй. 

Мэдээж шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж засаж сайжруулах нь зүй ёсны хэрэг байлгүй яахав. Энэ бол өсөж дэвжих үндсэн шалтгаан.  

Гэхдээ сэтгэл хөдлөлөө дараад асуудлыг бодитоор харах гээд үзье. Шадар сайд огцрох сургаар  зарим ашиг сонирхол бүхий хүмүүс улс төрийн шоугаа идэвхжүүлэх сураг дуулдана. Нэрээ зүтгүүлж, зураг хөргөө тавиад эхэлж. 

Өнөөдрийн нөхцөлд, эрсдэлтэй, хүнд үед УОК-ыг удирдсан Я.Содбаатарыг албанаас чөлөөлөх нь аль хэр зөв шийдэл болж чадах вэ?

УОК үнэхээр ажлаа муу хийж байгаа гэж үү. Цар тахлын энэ өдрүүдэд энэ албаныхан шаардлагатай үед хонож өнжиж ажиллаж байна. Төрийн албан хаагч ч гэсэн хүн. Ардаа амьдралтай, үр хүүхэд нь хүлээж л суудаг. Тангараг өргөсөн тулдаа цар тахлын харанга дэлдсэн өдрөөс хойш эрсдэлтэй нүүр тулан ажиллаж байна. Юу ч гэж хэлж, тэднийг буруутгаж болох ч өнөөдрийг хүртэл цар тахлыг дотооддоо алдчихгүйн тулд хичээж ирсэн нь үнэн.  

ДЭМБ-ын онцолсноор бид дэлхийд COVID-19 цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэгээр нэрлэгдэж байгаа. Коронавирусээр нэг ч хүн нас бараагүй, цар тахал нийтийн өвчлөл болоогүй нь бас үнэн билээ. 

Хамгийн богино хугацаанд энэ цар тахлаас салах, арга хэмжээг авах гэж нэгдэн ажиллаж ирснийг харж байна. Мэдээж хэрэг сайны хажуугаар саар гэгчээр алдаа дутагдал гарч байна.  Юу ч төгс биш. Харин алдаа гарсан бол даруй засаж залруулах л чухал. Унасан дээр нь түлхэнэ гэдэг шиг урьдын ажлыг нь ч үгүйсгэж гүтгэн доромжлох нь хүний ёсноос гажууд санагдана. Өнөөдрийнх шиг коронавируст халдвар нэмэгдэж буй эгзэгтэй үед хариуцлагатай алба хашиж мэргэшсэн хүмүүсийг халж сэлгэх шиг хэрэгггүй зүйл алга. Шинэ хүн орж ирээд алга эргүүлэх шиг асуудал цэгцэрчихгүй. Ажилтайгаа танилцана, гүнд орно, зовлон жаргалыг нь ойлгох гэж чамгүй их цаг алдах нь тодорхой. Улмаар ухарч ч мэднэ.  

Эцэст нь хэлэхэд энэ өвчинг эхлээд дараад авъя.  Дараа нь улс төр, элдэв ашиг сонирхол бүхий шоугаа хийж болно.

Нийгмийн сүлжээгээр яригдсан болгоныг шүүрч аваад “шийдээд”байвал Засгийн газар ажиллаж чадах нь юу л бол. Харин ч алдаанаасаа суралцаад явах хэрэгтэйг цаг үе харуулж байна. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг гэдэг байх аа. Улам л чамбайрч ажиллаж таарна.

Хэт туйлширч байж ялаагаа алах гээд байшингаа шатаана гэдэг болох вий. Эцэст нь хохирогч ард түмэн л болж үлдэх нь үнэн билээ.

Алдвал ахиад хичээх болно. Хичээвэл улам хэрсүүжнэ. Хэрсүү бөгөөд ухаалаг бол дийлэхэд амаргүй гэдэг байх аа.