Улаанбаатар хотын утааг арилгахын тулд уул сэтэлж салхины урсгал чөлөөтэй нэвтрүүлж байж, дөрвөн уулын хонхор дахь утааг хөөнө гэж үзсэн зарим улстөрч энэ асуудлыг дэмжиж лобби хийгээд эхэлсэн. Тэгвэл энэ асуудлаар мэргэжлийн судлаач, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяраас тодруулга авлаа.

-Улаанбаатарын утааг арилгах байгалийн эко систем нь алдагдсан гэж үнэн үү?

-Байгаль салхи, хур тунадасаараа өөрөө өөрийгөө цэвэршүүлэх зүй тогтолтой. Үүнээс илүү цогц систем гэж байхгүй. Энэ зүй тогтлоороо салхи 3-5 метр секунд, хур тунадас 300-500 мм орж  байж агаарын бохирдлыг газарт буулгаж сарниулдаг. Гэтэл өвлийн улиралд Улаанбаатар хотын газар зүйн онцлог нь үүнийг давсан хүчин зүйл болчихоод байна. 

-Энэ жилийн хамгийн их утаатай үе хэзээ байв?

-Өвлийн улирал буюу 10-4 дүгээр сар хүртэлх хугацаанд агаарын бохирдол хамгийн их гарч байна. Тэр тусмаа нэг, хоёрдугаар сард агаарын бохирдол буюу агаар дахь хүнд найрлага хамгийн өндөр агууламжтай болдог. Энэ жилийн байдлаар өнгөрсөн сарын 22-нд PM 10 буюу бүдүүн ширхэгтэй тоосонцорын агууламж 100 айл орчимд 930 орчим гарсан. Энэ бол байх ёстой хэмжээнээс 8-9 дахин өндөр агууламж юм. Яг юунаас болж ийм өндөр гарсныг судалж, дүн шинжилгээ хийгээд үзэхэд тухайн өдрийн цаг уурын нөхцөл байдал нөлөөлсөн байсан.

Тэр өдрийн өглөө үүрээс дараагийн шөнийн 03 цаг хүртэл агаар орчинд ямар ч салхигүй, тогтвортой нөхцөл байдал үүсчихсэн учраас утаа Туул голын хөндийд  утаан хөшиг тогтчихсон хэрэг.

-Улаанбаатар хэдэн талаасаа салхи авч утаагаа сарниулж цэвэршүүлдэг юм бэ?

-Улаанбаатар хотын онцлог нь уулсаар хүрээлүүлсэн хонхор газар байрладаг. Энэ уул хөндийгөөр салхины урсгал орж ирдэг. Тухайлбал Сэлбэ голын салхи хойноосоо урагшаа салхилдаг. Тийм учраас хотын хойд талаар байрлаж байгаа гэр хорооллын яндангийн утааг хотын төв рүү хуримтлуулдаг талтай. Туул голын хөндийн салхи Зүүн болон зүүн өмнө талаасаа салхилдаг. Байгалийн зүй тогтлоороо бол салхи уул руугаа шөнөдөө бол уулнаасаа хөндий рүүгээ чиглэдэг. Энэ нь шөнийн цагаар галласан нүүрсний их ялгарал утаа хотгор хэсэгтээ салхиныхаа урсгалаар хуримтлагдах цаг уурын нөхцөл байна. 

-Агаарын бохирдол байгалийн зүй тогтолд хэр нөлөөлдөг вэ?

-Дэлхий орчин оршин тогтнох үндэс нь нарны цацраг, газрын гадарга хоёрын харилцан үйлчлэл юм. Гэтэл нарнаас ирж буй цацрагийг хүлэмжийн хий шингээж аваад байгаа учраас дэлхийн дулаарал гэж зүйл бий болсон. Үүнтэй нэгэн адил агаарын бохирдол нарны энергийн газар дэлхийтэй харилцах харилцаа, харилцан үйлчлэлд нөлөөлнө. Үүнээс бол уур амьсгалд нөлөөлнө гэдгийг олон улсын судлаачид баталж байна. 

-Тухайлбал?

-Газрын гадаргын шороо тоосонцор, гэрийн яндангаас гарч байгаа утаа хөө тортог нь агаар мандлын цөм болж өгдөг. Үүн дээр борооны усан дусал, цасан талст үүсэх таталцлын хүч үүсдэг. Хэрвээ агаарын найрлага нь хортой болоод ирэхээр бохир хур тунадас үүсч болно. 

-Саяхан Улаанбаатарын утааны эх үүсвэр дээр сэнс байршуулна, уул нүхэлж утаагаа гаргах боломжийн талаар ярилцсан. Энэ хэр үр дүнтэй вэ?

-Зарим хүн Богд уулыг хөндийлж нүх гаргаад урагшаагаа салхи гаргахыг хамгийн зөв шийдэл гэдэг. Гэтэл өөрөө бий болсон байгалийн зүй тогтлыг экологоос нь хариу авах  замаар асуудлыг шийдэх нь муйхар арга. Байгаль өөрөө төгс, цогц систем. Энэ системийг өөрчлөөд давааг нь нүхлээд утаагүй болчихно гэж байхгүй. Утааны эх үүсвэрээ багасгах хэрэгтэй

-Энэ тал дээр судалгаа хийж байсан уу?

-Судалгаа хийж байсан. Хойд талын Чингэлтэй уулыг 1 км сэтлэн тэгшлэн компьютерээр тооцоолж үзсэн удаатай. Гэвч өвлийн улиралд манай орон Хойд Азийн анцеклон дөрөвний гуравыг эзэлсэн тийм том даралтын орон зай бий болдог учраас салхи үүсэх нөхцөл гараагүй. Тийм учраас уул сэтлээд салхи оруулж утаа арилна гэдэг өрөөсгөл ойлголт. Утааны шийдэл нь уул нүхлэх биш сайжруулсан, цэвэр технологийн асуудал юм. 

-Өвлийн улиралд Улаанбаатарын утаа агаарын давхаргад хэдэн метр болдог вэ?

-Зузаан нь 800-900 метр давхарга үүсдэг. Тэр хүчин зүйлийг сарниулах давхарга байхгүй. Онолын хувьд лазер аргаар цоолж сэтлэнэ гэж ярьдаг. Харин практикт хэрэглэсэн туршлага байхгүй. Хэрэглэсэн ч асар өндөр өртөгтэй тусна.