Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний салбарт хийгдэх ажлын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны  52 мянган га газарт 41 964 өрхийг хамруулж  цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлууд хийлээ. Энэ ажлын хүрээнд 110 болон 35 КВт-ын ком дэд станц тус бүр нэг,  6-10 КВт-ын 273 ком дэд станцыг шинээр барьж, 153 ком дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 0.4-35 КВт-ын 471 км цахилгаан дамжуулах шугам шинээр татаж, 28 фидерийн ачаалал хөнгөлөх, 13 шугамын утасны дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгээд байна" гэв.

Мөн "Ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд хориглох шийдвэр гарсантай холбогдуулан сайжруулсан нүүрсний үйлдвэр ашиглалтанд оруулсан. Энэ үйлдвэр 600 мянган тонн сайжруулсан  шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатарын нийт хэрэгцээг бүрэн хангана. Үүнээс гадна иргэдэд цахилгаан халаагуур авч өгөх зорилгоор 6 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг амжилттай хийлээ. Энэ гэрээ УИХ-аар соёрхон батлагдвал ирэх зунаас тус зээлийн хөрөнгийг ашиглах боломжууд бүрдэж эхэлнэ.Цаашлаад УИХ хэлэлцээд хөнгөлттэй зээлийн тогтолцоог бий болгоно. Хэрэв агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон Дэнжийн мянга, Эх нялхас, Бичил хороолол орчмын 40 мянган айл өрхүүдэд цахилгаан халаагуур тавьчихвал агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолж байна. Энэ халаагуурыг авч өгөхийн тулд 40 тэрбум төгрөг шаардлагатай” гэлээ.