“Яагаад заавал Соргодогийн Жаргалсайханы Билгүүн гэж бүтэн нэрээрээ дуудуулж овоглодог гээч. Би аавынхаа хоёр дахь үе нь.  Энэ нэрийг мартуулахгүй, уран бүтээл нь, үр хүүхэд нь байгаа гэдгийг сануулах гэж бүтнээр нь дуудуулах дуртай" хэмээн кино, үргэлжилсэн үгийн зохиолч Сорогдогийн Жаргалсайханы хүү ярьж байна. Ж.Билгүүн Токиод “Avex” хэмээх Японы шилдэг  шоу энтертайнмент компанид Зүүн өмнөд Азийг хариуцсан ажилладаг юм. Түүнтэй ярилцлаа.

-Өөрийг чинь Японы үндэстэн дамнасан энтертайнментийн компанид ажилладаг гэдгийг мэднэ. Энэ компанид ажиллахын тулд ямар шалгуур болзлыг хангаж байв?

-"Avex" групп 2006 онд Японы уран бүтээлчдийн хийсэн “Чингис хаан” киног бүтээсэн. Тухайн үед аав маань хэд хэдэн удаа зохиолыг нь бичсэн ч эцэстээ Япончууд өөрсдийн зохиол, баг бүрэлдэхүүнээрээ хийхээр шийдсэн юм. Харин аавын зохиолоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Эрдэнэбулган гуай “Үхэж үл болно-Чингис хаан” киног бүтээсэн. Тухайн үед би Японд жүжигчин, найруулагчийн мэргэжлээр сурч байлаа. Нэг өдөр аав над руу яриад ийм киноны ажил явагдаж байхад чи мэргэжлээрээ ажиллахгүй юм уу гээд. Угийн олон таван үггүй хүн ийм үг хэлэхээр чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэнгүй. Зорьж очоод уулзах гэсэн чинь таньдаг мэддэг хүн олддоггүй. Сүүлд нь Хадукава гээд ерөнхий продюссерт захидал бичлээ. Гэтэл тэр продюссерийг миний сурч байсан их сургуулийн номын сангийн захирал таньдаг байж таарсан. Юм бүхэн учир ерөөлтэй гэдэг шиг л. Ингээд Японы 400 гаруй хүний бүрэлдэхүүнд багтсан цор ганц Монгол болсон. Бас ч үгүй цагийн ажилтан биш продюссерын туслахаар томилогдсон шүү. Продюссерын туслахаар ажиллаж байхдаа группын хамгийн том 2 захирлын анхаарлыг татсан гэсэн. Багын л стильтэй хувцаслах дуртай хүүхэд байсан, тэр талыг ч бас харсан хэрэг. Надад компанидаа ажиллаж болно гэсэн урилга өгч билээ.


-Эргээд очиход ямархуу хүлээж авсан бэ?

-Төгсөөд очлоо, захирал маань ч хэлсэн амандаа хүрч ажилдаа орлоо. Анхны жилээ маш их хичээсэн. Үнэндээ Япончууд “Чингис хаан” кинонд чамгүй их мөнгө, хөрөнгө зарцуулсан. Харин Монголын түүхээр хийсэн кино тэдний хүссэн амжилт, үр дүнд хүрч чадаагүй нь үнэн. Гэвч би ажилд орсон жилээ Монгол хүн яс чанарыг харуулахыг хичээж ажилладаг байсан. Тэр жил бараг 10 кг жин хаясан даа. Ингээд DVD CD зардаг кино албанд томилогдож Жон Ву найруулагчийн“Улаан хавцал”,” Их хотын секс” кинонд хөрөнгө оруулж Японд гаргах ажилд гар бие оролцож байлаа. Тэр үед Жон Вү  найруулагчтай уулзаж хамтран ажиллах боломж олдсонд олзуурхдаг юм.



-"Avex" ододыг яаж үйлдвэрлэдэг юм бэ?

-"Avex" группийг ямар ч Япон хүнээс асуухад мэднэ.Ерөнхийдөө Япончуудын өөрсдийнх нь босгосон энтертайнментийн ганцхан том компани бий. Тэр нь “Avex". 30 жилийн дотор салбартаа тэргүүлж чадсан. 1700 ажилтантай, үндэстэн дамнасан 20-30  компанитай. Үндсэн ажил маань шинэ уран бүтээлчид, артистуудыг гаргаж, зах зээлд өрсөлдөх чадвартай од болгох. Өөрсдийн гэсэн жүжигчин, дуучин, тамирчинтай. Ардаа томоохон судалгааны багуудтай. Жишээ нь J pop-ийг гаргахын тулд тухайн улсад гаргаж ирэхийн тулд томоохон судалгаа хийдэг. 

Жишээ нь PPAP буюу "I have a pen, I have a apple" гэж дуулан дэлхийг шуугиулж байгаа Pikotaro манай компанид харьяалагддаг. Япон болон Азийн орнуудад нэр нөлөө бүхий алдартай маш олон уран бүтээлчид хамтлагийг бид төлөөлдөг. Энэ жил гэхэд Селин Дионыг Японд урьж тоглолтыг нь зохион байгуулах гэж байна.


-Тэгвэл Монголын уран бүтээлчдэд гадны зах зээлд танигдах гарц боломж нь хэр байна?

-Бид багаас нь бүр 12-13 настай үеэс л эхэлж интертайнмэнт ертөнцөд бэлдэх хэрэгтэй. Японд нэг хүүхдийг од болгож бэлдэхийн тулд дор хаяахад сая  доллар зарцуулдаг. Өөрөө ч ар гэр, компани ч энэ хугацаанд бүх зүйлээ зарцуулдаг. Авьяастай хүнийг олж од болгох гэдэг далайгаас хясаа олохтой ижил хүнд ажил. Хэчнээн хөрөнгө зарлаа ч хүн болгон од болж чаддаггүй. Өөрөө бусдыг татаж, тайзыг эзэгнэж од болно гэдэг урлагийн хүний тавилан, таахын аргагүй. Гэхдээ бид дэлхийд зөвхөн язгуур урлагаасаа гадна орчин үеийн шоу энтертайнменттайгаа хослуулж танигдмаар байна


-Монголын шоу урлагийг ямар түвшинд байна гэж дүгнэх вэ?

-Шоу энтертайнментийн хувьд сүүлийн үед албан ёсны эрхтэй контентуудыг Монголд нэвтрүүлж байгаа нь дэвшилттэй хэрэг. Жишээ нь Монгол HD, “Боловсрол” телевизийн контентууд бий. Зарим шоу нэвтрүүлгүүдийг харахад Эрээнээс орж ирдэг бараанаас ялгаагүй чанаргүй, доторгүй байна. Бидний багадаа үзэж байсан нэвтрүүлгүүдийг ч гүйцэхгүй нэвтрүүлэг, концерт, шоу ч харагддаг.


-Монгол киноны тухайд юу хэлэх вэ?

-Кино гэдэг бол тэр нийгэм рүүгээ хамгийн том том мэссэж өгдөг зүйл. Хүн кино үзэж байхдаа уйлна, инээнэ, гомдоно, гараад явсан ч бодож эргэцүүлэх зүйлийг хүний тархи, зүрхэнд үлдээж чаддаг байх ёстой. Түүнээс биш биеийн далд хэсгийг харуулсан бүсгүй бүжиглүүлж, бүх рекламанд тоглодог,  машин унасан  залуус тоглуулахыг кино гэж байгаа бол “Уучлаарай, биш шүү” л гэж хэлнэ. 

Харин найруулагч Ж.Сэнгэдорж, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ах нар шиг урлагийн гэр бүлд өсч төрсөн, төрөлхийн өгөгдөлтэй хүмүүсийн бүтээл арай өөр байдаг. Тэр урлагийн гэр бүлд “чанагдана”, өсч торнино гэдэг огт өөр зүйл юм аа. Урлагт дотор өөрийн орон зайгаа бүтээнэ босгоно гэдэг бас л өөр ойлголт.

-Энэ бүхэн цаг хугацааны асуудал уу эсвэл бид нар өөрсдөө урлагийн хөгжлийг хойш нь чангаагаад байна уу?

-Драмын театрт үзэгчид жүжгийг ундаа уунгаа чипс идэнгээ үзэж байна. Утсаа унтраадаггүй, дэргэдэх хүнтэйгээ чанга ярьдаг, лазерын гэрлээр тусгуулан байж албадлагаар бичлэг хийхээ больдог хүмүүсийг ч харсан. Тэр нүсэр бүрэлдэхүүнийг, тэдний бэлдсэн хүч хөдөлмөрийг хүндэтгээд яагаад хамгийн сайхан хувцасаа өмсөөд хэдхэн цаг соёлтойгоор юм үзээд гарчихаж болохгүй гэж. Тэгэхээр манай үзэгчид илүү сайн суралцах, нэгнээ хүндэтгэх соёлд суралцмаар байна. 

-Үзэгчдийг бэлддэг нь урлагийнхан өөрсдөө биз дээ?

-Үүнтэй санал нийлнэ. Урлагийнхан өөрсдөө байгаа байдалдаа дүгнэлт хийгээд үзэгчид  рүүгээ хандсан соён гэгээрүүлсэн зүйлсийг хийж эхэлмээр байгаа юм. Би ч гэсэн чадах чинээгээрээ өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа. Энэ бүхэн бүр багаас гэр бүлийн орчноос эхэлдэг юм уу даа. Би багадаа аавыгаа дагаад тэр үед болж байсан бүх л арга хэмжээнд очихдоо хамгийн сайхан хувцасаа өмсөөд явдаг хүүхэд байсан. 


-Урлагийнхан өөрсдөө мэддэг ч энэ бүхнийг гаргаж хэлдэггүй. Харин таны хувьд эсрэгээрээ шүүмжийн үг нэлээн хэллээ?

-Яагаад болохгүй гэж. Би урлагт дуртай, хайртай. Надтай адилхан урлагийн төлөө зорьж зориглож яваа хүмүүст би дуртай тэднийг би дэмждэг. Гэхдээ дэмжинэ, шүүмжилнэ гэдэг өөр ойлголт. Харин үүнийг зөвөөр хүлээж авбал баярлана. Хамтраад ажиллахад 100 хувь бэлэн. Магадгүй шүүмжийг хүлээж авахгүй байгаа бол тэр хүний өөрийнх нь сонголт. Гэвч урлагт хайртай хүн эрхбиш надтай адилхан сэтгэж бодох байлгүй дээ.

-Япончуудаас сурсан хамгийн сайхан зан чанараасаа нэрлээч?

-Япончууд ерөөсөө ямар ч ажлыг тултал нь сэтгэлээсээ гүйцэтгэж байж санаа амардаг. Тэр занг нь сурсан гэж боддог.


-Хэзээ эх орондоо ирэх вэ, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, урлагт хийхээр төлөвлөсөн ажил их байгаа болов уу?

-Энэ жилээс ирэхээр төлөвлөж байна. Саяхан “Би мүгэн” (Би хязгааргүй) гэдэг нэртэй компани байгууллаа. Би эх орондоо шоу интертайнмент, бизнес консалтанг өгдөг, Монголын бизнес эрхлэгчдэд Япон руу гарах гүүр нь болох хүсэл зорилго өвөртөлсөн. Миний хүсэл байгаа онож чадах эсэхийг би сайн мэдэхгүй ч Монгол гэдэг нэрээ дэлхийн түвшинд гаргахын төлөө чин сэтгэлээсээ зүтгэх болно. -


-Энэ ажлаа юунаас эхлүүлэх гэж байна, ойрын үеийн төлөвлөгөө?

-Монголыг Японы зах зээлд танилцуулах ажлыг эхлүүлсэн. Бас Японы зах зээл рүү гарах сонирхолтой хүмүүст зуучлах ажлыг эхлүүлж байна. Өнгөрсөн жил Японоос 40 хүн авчирсан. Эхлээд Япончуудыг Монгол бүтээгдэхүүнд, манай улсад дуртай болгох хэрэгтэй. Тэгвэл тэр хүн дахиад 10 хүн дагуулаад л ирнэ. Харин юу ч болоогүй байхад баахан төсөл барьж гүйгээд буруудчихдаг. Тэд биднээс өөр, асар удаан судлана, бодно, төлөвлөнө. Харин манайхан ирээд буцах хооронд нэг компани байгуулаад дампууруулчих жишээтэй. Уг нь хүний итгэл олно, Монголд элэгтэй болгоно гэдэг өөрөө хөрөнгө оруулалт татаж байгаа том хэлбэр. Энэ жил Монголоо танилцуулах аялалд 50-иад хүн авч ирэхээр төлөвлөж байна. 


-Энтертайнментаа орхихгүй биз дээ?

-Бодож төлөвлөсөн зүйл бий. Ультра шоу хийдэг мэргэжлийн найзууд бий. Тэднийгээ Монголд урин авчирч Японы залуу үеийнхэн ямар төрлийн хөгжим, ферформансе сонирхож сонсдгийг харуулахаар төлөвлөж байна. 


-Монголын зах зээл жижиг ч гэсэн сонирхолтой гэдэг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Монголд боломж зөндөө бий. Япончууд ирээд тэр олон бизнес боломжийг хараад шагширдаг. 


-Хэр удаан бодож байж эх орондоо ирэх шийдвэрээ гаргав, нэгэнт танигдсан зах зээлд, орчноосоо татгалзах амар байгаагүй болов уу?

-Гэрээсээ гарах өдрөөс хойш буцах өдрөө бодож байлаа. Магадгүй зарим хүнд 18 жил тэвчиж тэсэхэд хэцүү урт он жилүүд санагдах байх аа. Гэхдээ би нэгэнт тавьсан зорилгоосоо эргэж буцаагүй. Амьдралынхаа тэн хагасыг энэ улсад өнгөрүүлсэн учраас Япон бол миний хоёр дахь гэр. Тэнд миний найзууд, хамтран ажиллагсад бий. Япон хүмүүс зөвхөн өөрсдийгөө түрүүнд тавьдаг ард түмэн биш. Тэнд миний дотоод ертөнцийн нэгээхэн хэсэг бүрэлдсэн. Одоо би энэ авсан зүйлээ Монголдоо түгээе, хүмүүст таниулъя, эерэг манлайллыг бий болохыг зорьж байна. Би ч гэсэн амьдрал гэдэг аялалд унаж бүдэрч, сурч, суралцаж явна даа.


-Аавыг тань зохиолч Соргодогийн Жаргалсайхан гэдгээр гэдгээр нь сайн мэднэ. Уналтад орчихоод байсан драмын театрыг олон жүжгээрээ амилуулж, үзэгчтэй болгож байсан даа?

-Аав минь хаалттай нийгмээс гарч ирсэн гэхэд дэндүү задгай сэтгэдэг хүн байж.  Уран бүтээлээ хүргэхийн төлөө хоёр ч байраа зарсан удаатай. Одоо тийм их эрсдэл үүрээд уран бүтээл рүү орох залуус бий болов уу. 1994 онд аав маань “Адам Ева” жүжгийг тавиж шуугиан дэгдээж байсан даа. Тэр үед үзэгчдэдээ витсамо ундаа, конъяак, бэлгэвч гурав өгч байлаа. Бараг 20-иод жилийн өмнө шүү дээ, эргээд харахад урлагт хийсэн тэсрэлт байж. “Нэг л уучлая” жүжгийг гэхэд 2-3 тавиад хаасан. Гэтэл өнөөгийн нийгмийн ёс зүйгүй зүйлийг гаргаад дэлгээд тавьчихсан байж.

Аав минь надад “Энэ арлын орны хүмүүс Дэлхийн II дайнаас хойш 60 жилийн дотор хөгжиж ийм том гүрэн болж хөгжиж чадлаа. Тэд нар яаж бүтээгээд байна, тэдний оюун тархи, зүрх сэтгэлээс суралц. Тэгвэл чи ааваасаа хойш алзахгүй” гэж хэлж байсан. “Болохгүй бол хүрээд ир. Аав нь СУИС-д оруулчихна биз” гэж байж билээ. Өөрийнхөө ажлыг хүүдээ өвлүүлж, мөрөөдлөө үргэжлүүлэх гэсэн бодол нь намайг 15-тай байхад Япон руу илгээсэн. 


Хүн хүнээрээ л байх ёстой гэсэн үг түүний сэтгэл зүрхэнд сийлээстэй. Аавын хэлсэн амин захиас… Хүний итгэлийг л алдахгүй явах юм шүү. Чаддаг зүйл байвал урлаг гэлтгүй бүхнийг хийнэ хэмээн тэр ярьж байна. Хүний нутагт 15-хан настай очоод уулын өвс хадаж, загас цэвэрлэж, киноны дамжлаган дээр ажиллаж, халуун рашааны газрын буудлын өрөө цэвэрлэж, 24 цагийн дэлгүүрт худалдагч, NHK mелевизийн нэвтрүүлгийн кабль утас зөөгч, бүр барилга нураах ажлыг ч хийж үзэж Үнэндээ чадахын хэрээрээ л тэмцэж ирсэн харийн нутагт ажиллаж амьдарч, тухайн зах зээлд өөрийгөө таниулж чадсан Монгол залуусын нэг бол Ж.Билгүүн. 

Анх Монголоос 26-уулаа Японыг зорьсон гэдэг. Тэнд ...Сүүний үнэр шингэсэн Сэвлэг даахьтай байхад минь.... гэж дуулчихаад бүлцийтлээ уйлчихаад өрөөнөөс гарахдаа бүгдээрээ нүдээ улайлгаж болохгүй шүү, уйлсан гэдгээ мэдэгдүүлэхгүй гээд гардаг байж.

-Японд байхад тохиолдсон хамгийн хүнд хэцүү он жилүүдээ дурсвал...?

- 2007 онд аав минь тэнгэрт хальсан. Тэр үед тэнгэр рүү өөрийн эрхгүй ширтсэн дээ. Хамгийн хүнд хэцүү он жилүүд байсан даа. Шалгалтаа өгөөд сууж байтал энэ тухай ээж минь утсаар хэлсэн. Сонин нь аав бурхан болохоосоо өмнө 10 өдөр дараалан залгаж ярьж билээ. Аавдаа хэлэх юм байна уу гээд л байсан...Таван жилийн өмнө би Монголд очиход аав нь 5 жил л болох байх гэсэн, яг хэлснээрээ бурхан болчихсон. Аав өөрийгөө мэдэж байсан юм билээ.

-Аавдаа хэлэх юм байна уу гэхэд нь юу бодогдож байсан бэ?

-Юу ч бодоогүй. Тэр үед ямар нэгэн зүйл болно гэж төсөөлөө ч үгүй. “Койзора” киноныхоо ажлыг хийж байсан болохоор тун завгүй, дажгүй гээд л хариулаад байсан. Аавын асуултын хариултыг би тэр үед өгч чадаагүй. Аавдаа хэлэх юм байна уу...гэдэг үгийг магадгүй олон зүйл бодож хэлж байсан болов уу. Одоо аавын "Чингис Хааны Нууц Түүх" романыг уншихаар аавын үгс толгой руу ордог. Тэмүжин, Зүчи, Жамухын үг хэллэг яг аавын амьдрал дээр хэлдэг үгс байж.

Монголчууд Чингис хааны тухай ойлгож мэдрэхгүйгээр зүгээр л шууд шүтээд тахичихсан. Яг асуухаар хэлж чаддаггүй. Аав минь энэ бүхнийг хүн талаас нь харуулахыг зорьсон. Тийм ч учраас номынхоо арын хавтсан дээр “Өнөө үеийн Монголчууд та нарт хэн нэгэн нь та нар хэн юм бэ гэж асуувал энэ асуултын хариутыг энэ номоос аваарай” гэж бичсэн байдаг. Түүхийн сурвалж бичгээс ойлгож уншихад төвөгтэй зүйлсийг энэ номон дээр гаргаж өгсөн. 

-Аавынхаа бичих авьяасыг өвлөсөн үү?

-Миний хувьд ноён оргил нь аавын минь бүтээлүүд. Тэгэхээр би бяцхан дов толгод шиг жижиг зүйл хийгээд яахав. Хүн чаддаг зүйлээ л хийсэн дээр юм билээ.

-"Чингис Хааны Нууц Түүх" роман гэхэд унших тусам сонирхол татдаг мөлжүүртэй бүтээл шиг санагддаг. Энэ номыг гадны зах зээлд гаргах гэж байгаа гэсэн үү?

-Гурван жилийн өмнө “Соргодогийн Жаргалсайхан” сангаа байгуулсан. Одоогоор аавынхаа "Чингис Хааны Нууц Түүх" романыг Орос, Англи, Солонгос, Япон хэл дээр гаргахаар төлөвлөж байна. Энэ номнууд өөрөө асар өртөгтэй ажил. Үүнийг гаргаж эдгээр оюуны бүтээлийг ойлгодог хүмүүст нь хүргэх нь миний үүрэг. Мөн Чингис хаан жүжгийг энэ жилийн 11 сард УДЭТ-ынхан тавихаар төлөвлөж байгаа. Аавын бодож төлөвлөснөөр бол “Үхэж үл болно Чингис хаан кино” нь “Хаадын хаан”, “Тэнгэрийн зарлиг”- зохиол нийлж байж бүтэн болох ёстой. Тэгэхээр үлдсэн хоёр киног би хийх үүрэгтэй.

Кино үргэлжилсэн үгийн зохиолч Сорогдогийн Жаргалсайхан “Илүү сартай зун”, “Төрийн сүлд өршөө”, “Би гэртээ харимаар байна”, “Хубилай хааны зарлигаар”, “Үхэж үл болно, Чингис хаан”, “Буцах хаяг”, “Халуун газар”, “Хаан түүх 1, 2, 3”, “Шөнө дундын бүжиг”, “Дурлал үлгэр шиг, бас үхэл шиг”, “Би эрчүүдийг хүснэ”, “Нууц амраг чинь болъё”, “Нэг л уучилья” зэрэг жүжиг "Сахиус уу, сахиул уу" туужийг бичсэн билээ.