Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо, Монгол Улсын их сургууль хамтран “Жендэр ба хүний эрх” жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй улс төрч, манлайлагч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Арга хэмжээнд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Энхбаяр, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судалгааны зохицуулагч П.Түмэнцэцэг болон жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч нар оролцсон юм.

Уулзалт  хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Т.Энхбаяр “ Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллахад хувь хүн болоод шийдвэр гарах түвшинд ажиллаж байгаа та бүхэн нийгэмд дуу хоолойгоо хүргэн ажиллах нь өнөөдөр нэн чухал байна. 

Албан тушаалын хувьд эрэгтэй удирдлага байхад түүний орлогч даргаар эмэгтэй хүн байх нөгөө талаараа эмэгтэй удирдлагын орлогчоор нь эрэгтэй хүн байх эрх тэгш байдлыг нийгэмд бий болгоход хувь хүн бүр хичээж ажиллах шаардлагатай цаг үе ирээд байна. Иймд та бүхнийг хамтарч нэгдэж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын төлөөлөгч тус бүрээс жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч тодруулсныг өнөөдөр алдаршууллаа. 

Мөн энэ үеэр "Жендэрийн асуудал бол зөвхөн эмэгтэй хүний асуудал биш. Эмэгтэйчүүд зөвхөн жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулах ёстой гэх хэвшмэл хандлага байдаг. Тиймээс жендэрийн асуудалд манлайлж ажиллаж байгаа эрэгтэйчүүдийг тодруулж, тэдний сайн туршлага, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлахыг ХЭҮК-оос зорьж байна. 

Энэ хүрээнд Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй манлайлагчийг үндэсний хэмжээнд сонгон шалгаруулах үйл ажиллагааг анх удаагаа зохион байгуулж байна" гэдгийг ХЭҮК-ын дарга Ж.Хунан хэлэв. 

Уг арга хэмжээ Жендэрийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдийн дуу хоолой, санаачлагийг нэмэгдүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашлаад олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, орон нутагтаа жендэрийн асуудлаар төлөвлөгөө гаргаж, манлайлж ажиллах, Монгол Улсын баримталж буй бодлого, анхаарах асуудал, жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг халах гэх  асуудлыг авч, хэлэлцүүлснээрээ онцлог боллоо.