Монгол Улсын гавьяат багш, “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, Боловсрол судлалын доктор /PH.D/ Ж.Галбадрах тай ярилцлаа. 

-Та “Шинэ Монгол” сургуулийнхаа менежмент, туршлага, ноу-хауг төрийн 60 сургуульд нэвтрүүлж байгаа юм байна. Анх танд хэзээ энэ санаа төрсөн бэ? 

-Японд оюутан байхдаа хөгжлийг нь хараад, маш их атаархал төрөөд, хүчтэй ахлах сургууль байдаг юм байна гээд ахлах сургууль байгуулж байсан. Дараа нь бага сургууль, дунд сургууль, дээд сургууль, коллежтой болоод, хөгжлийнхөө үе шатыг дамжаад өдий хүрсэн. Миний хувьд Япон ингэж хөгжсөн юм чинь Монгол ингэж хөгжинө гээд, өөрийн сургууль дээр шинэ зүйл хийгээд байсан. Дараа нь сургууль маань хөгжөөд, 2010 онд 10 жил захирал хийснийхээ дараа бодсон юм. Захирлын ажлын байран дээр надаас ерөөсөө одоо шинэ юм гарахгүй юм биш үү гэсэн юм бодогдонгуут дараагийнхаа захирлыг тавьсан, өөрөө бүр зарлаж байгаад. “Шинэ Монгол” сургууль сайн сургууль болжээ. Шинэ Монгол” сургууль дараа нь агуу сургууль руу зорих юм байна. “Сайнаас агууд” гэдэг номд “Агууд хөтлөх хүн нь тавдугаар түвшний удирдагч байх юм байна” гэж бичсэн байдаг. Түүнийг уншаад, тэгвэл энийг хоёрдугаар хүн нь л хийг. Би бол анхны хүн, 10 жил л болох юм байна” гээд, дараагийнхаа хүнд шууд суудлаа тавьж өгсөн. 

-Сургуулийн захирал байна гэдэг амаргүй ажил болов уу. Шинэ захирал сонгоод, Таны нуруу тэнийсэн байх? 

-Надад их зав гарсан. 2020 онд сургууль маань 20 жилийн ойгоо угтсан. 20 жил энэ сургуулийг удирдаад, бас чиг тодорхой амжилтад хүрчихсэн. Яаж сургуульдаа бэлэг барих вэ гээд бодсон. Үнэхээр “Шинэ Монгол” сургууль сайн байгаа туршлага, ноу хаугаа бусадтай хуваалцъя гэсэн санаа төрсөн. Гэхдээ би энэ тухай 2019 онд бодож байсан юм. 2019 онд Нагоягийн их сургуулийн докторантурын сургалтын хөтөлбөр зарлахаар нь элсэж ороод, “Монголын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах нь” төслийг сэдвээ болгосон. Би одоо докторын оюутан л даа. Корона таараад төгсөж чадаагүй. Уг нь гурван жил, энэ жил 61 настайдаа төгсөх гэж байна. 

-Анхны төслийн найман сургуулийг ямар шалгуураар шалгаж авсан бэ? 

-Хувийн сургууль үүсгэн байгуулсан хүн хувийн сургуулиа мэднэ. Тэгээд төрийн сургуулийг гаднаас нь харсан. “Төсөлд оролцъё” гэсэн анхны найман сургуулийг хамруулсан юм. Төслөө “Монголын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл” гэж нэрлэсэн. Дэмжлэг үзүүлье гээд хөндлөнгөөс хараад, support хийгээд, ийм байдаг юм, энийг унш, ийм арга зүй байдаг, та нар судлаад, өөрсдийнхөө арга зүйг гаргаач гэдэг байдлаар төслөө хийсэн юм.

-Хэр амжилттай болсон бэ? Сургамжтай зүйл их тохиолдсон уу? 

-Найман сургуультайгаа ажиллаад, “таг”-аа нээгээд, ямар хоол болж вэ гээд үзсэн чинь учир дутагдалтай, сургамжтай зүйл зөндөө байсан. Мэдээж миний энэ төсөлд найман сургууль оролцоод муудаагүй. Наймуулаа гоё тайлан бичсэн. “Шинэ Монгол”-ын менежментийг хэрэгжүүлээд, Галаа багшийн удирдлагаар яваад, бид ийм сайхан амжилтад хүрч, ийм гоё өөрчлөлт хийлээ гэж бичсэн. Тэрийг нь хүмүүс хараад баярлаад байдаг. Гэхдээ хоёр жилийн хугацаанд ингэж өөрчлөгдөнө гэж хүлээсэн миний хүлээлтэд хүрээгүй. Би тэдгээр сургуулиудын хүмүүсийг та нар ингэсэнгүй гэсэнгүй. Миний арга барил арай өөр гэдгийг хүмүүс мэдээгүй юм биш үү гэж бодсон. Би жаахан шартай. Хоёр жил найман сургууль дээр зөндөө цаг, зөндөө хүч хөрөнгө зарж зарчихаад, ер нь сайжирчихна даа гэж бодсон. Хөндлөнгөөс өөрөө зөвлөдөг хүн болоод, тэр хүмүүсийг өөрсдөө хийнэ гэж найдсан. Нөгөө хүмүүс ажил нь их юм аа. Өдөр тутмын ажилдаа шамдаад. Надтай ярихдаа сайн ойлголоо, ингээд сайхан хийгээд өгнөө гэснээ дараа нь хоорондоо нийлж яриагүй байсан. Төсөлд идэвхтэй оролцъё гэж хичээсэн хүмүүс сайжирчихсан. Өө яах вэ дээ, багш нэг их шалгаад байх биш гэж боддог сургуулиуд хоцорсон, ялгарал гарсан.

-Дээрх сургамжууд таныг ямар алхам хийхэд хүргэсэн бэ? 

-Би сургамж аваад, дараагийн арга хэмжээнд орж, долоо хоногт хэрэгжүүлэх арга зүйг нь өгөөд, “Яг энэний дагуу ажиллаатах. Зургаа хоногийн дараа даалгаврынхаа биелэлтийг өгөөрэй. Би шалгаж байгаад, дүгнэлтээ өгөөд явъя” гэсэн юм руугаа шилжсэн. Энэ нь төслийн хоёрдугаар үе шатанд хэрэгжинэ. Сургуулиуд 36 долоо хоног хичээллэдэг. Долоо хоногт 30 цаг гээд, 1050 цаг бий. Яг хичээлийн жил шиг нь би 36 долоон хоногийг сонгож авч байгаа юм. Энэ болгонд нэг сэдэв гаргаж ирж тавиад, тэр сэдвээ яриад, түүнийхээ даалгаврыг өгнө. Яг ингээд хийгээд үз дээ, тэгээд яаж байна, юу бодогдож байна вэ гэж асууна. Хугацаатай үүрэг даалгавар өгье. Би энэ хүмүүсээс нэг л зүйл хүсээд байгаа юм. Хичээлдээ идэвхтэй оролцоорой, хийснээ ичиж зовохгүй яриарай. Оюутан нэг даалгавраас хоцрохоор нөгөө даалгавраасаа ч хоцорчихдог. Тийм болох вий л гэж би санаа зовж байгаа юм. Гэхдээ энэ бол яг сургалт. Нийтэд нь гурван анги болгосон. Гурван багш маань удирдаж ажиллана. Би гурван ангид гурвууланд нь сургалт орно, даалгавар өгнө. Анги хариуцсан гурван багш долоо хоногийн турш ажиллана. Яг ямар гүйцэтгэлтэй байгааг би өөрөө хянана. 

-Таныг хоёр дахь төслийнхөө анхны хичээлийг орсон гэж дууллаа. Ямар сэдэвтэй байсан бэ? 

-Хичээлийн шинэ жилийн нээлтийг амжилттай зохион байгуулах. Захирлууд “Галаа багш аа, та ийм юманд цаг зарцуулах хэрэггүй. Бид ийм юм хийдэг” гэж байгаа юм. Та нар тэгж бодож байгаа байх. Бид ингэж хийдэг гээд ярилаа.

-Яагаад тэр өдөр чухал вэ? 

-Маш чухал. Хичээлийн шинэ жилийг маш сайн зохион байгуулалттай хийгээд, хүмүүсийг уриалан дуудаж байгаа юм. Бүгдийг сэдэлжүүлж, энэ хичээлийн жилд бид ийм ийм зорилт тавьж байна, үүний төлөө бид ингэж ажиллах гэж байна, би ингэх ёстой юм байна гээд ойлгох ёстой. Хичээлийн шинэ жилийн нээлт яаж явдгийг та нар мэдэж байгаа байх. Бүх сургууль шаар үлээж өлгөөд, 500 хүүхэд байна уу, 3000 хүүхэд байна уу хүүхдүүдийг цуглуулж, гаднаа байлгаж байгаад, хөгжмөө чанга тавиад, урлагийн хэдэн хүн гаргасан ч нээлт нь эхэлж өгөхгүй. Боловсролын  газрын дарга нь юм уу, УИХ-ын гишүүн нь ирнэ гэж хүлээлгээд, хүүхдүүд нь залхдаг. Бид тийм биш. Ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт. Есдүгээр анги төгсөөд, аравдугаар ангид орж ирж байгаа хүүхдүүдийг суулгана. 11, 12 дугаар ангийнхан ард нь зогсоно. Нээлтийг ахлах ангийг хүүхдүүд хөтөлнө. Дуулж хөгжимддөг нь ахлах ангийн хүүхдүүд. 

-Хичээлийн шинэ жилийн нээлтэд урлагийн хүмүүс урьж авчирдаггүй гэсэн үг үү?

-Гаднаас ямар ч хүн дуудахгүй. Захирал багш гарч ирээд, үг хэлнэ. Чи ахлах ангийн сурагч боллоо. Чиний өмнө ийм боллоо гээд, хүндэтгэлтэйгээр хэлнэ. Нөгөө хүүхэд ахлах ангид орлоо гэдгээ мэдрэх ёстой. Дунд ангид яг адилхан. Зургаагаас есдүгээр ангийнхан ялгаагүй. Аав, ээждээ эрхэлж байсан хүүхэд биш болсон, одоо чи биеэ даах болсон гэдгийг нь хэлж өгөөд оруулна. Нээлт дуусангуут ангид ороод юу хийх вэ? Гурван өөр цагт хийх ёстой. Бага ангийн хүүхдийг ээж, аав нь хөтлөөд ирнэ. Сургуульд орлоо гэдэг мэдрэмж өгнө. Тэгэхгүй бол бөөнөөр нь гадаа цуглуулаад, хүүхдүүдийн ард зогссоор байгаад юу болж байгааг ч мэдэхгүй өнгөрдөг. Бид тийм биш. 

Ангийн багш нарыг нь өмнө нь дуудаж ирж суулгаад, 1а, б, в-гийн багш нар ийм мундаг гэдгийг ойлгуулж, хэлж ярьж өгөхөөс эхлээд маш их ач холбогдолтой. Тэнд дуулж бүжиглэж, хөтөлж байгаа хүүхдүүд бүгд тухай тухай насныхан. Тэнд нэг хүүхэд төгсөгч гэж үг хэлнэ. Ахлах ангид сурч төгсөөд, их сургуульд ч юм уу, гадаадын их дээд сургуульд орсон хүүхэд ирж үг хэлнэ. Дунд ангийн хичээлийн шинэ жилийн нээлтэд аравдугаар ангид орж байгаа хүүхэд ирээд, би өнгөрсөн жил есдүгээр ангийн сурагч байлаа, дунд ангийнхны хувьд би өнгөрсөн жил тавдугаар ангид байлаа, одоо би зургадугаар ангид орсон, дүү нартаа хандаж хэлэхэд гээд хэлэх маш гоё шүү дээ. Бид нэг хичээлийн жилд нэг хүүхдээр нэг л юм удирдуулаад явдаг. 

-Уламжлал ёсоор хичээлийн шинэ жил та бидний мэддэгчлэн захирал үг хэлээд, дуучид урьж авчирч дуулуулдаг тийм л байдалтай болсоор ирсэн? 

-Хичээлийн шинэ жилийн нээлт тэр чигээрээ баяр биш ээ, шаар өлгөөд, хөгжим чанга тавиад, захирал хүмүүсийн өмнө үг хэлэх биш. Би одоо 60 захирлыг үгээ явуулаа гэж хэлсэн. Нээлт дээр гарч ирээд, ерөөсөө үг харж ярихгүй ээ. Гарч ирээд “Энэ зун манай сургууль дээврээ амжилттай заслаа. Тийм тийм ангид засвар хийсэн” гэх мэтхэн хэлээд, баахан аж ахуйн юм ярьдаг. Сургуульд орж ирж байгаа хүүхүүдийн сэтгэлийг мэдрээд ярих, ээж аав, багш нараа уриалан дуудах хэрэгтэй. Цаасан дээр бичсэн үгээ уншдаг, тэгэхгүй бол хадуурдаг. Би захирлуудад “Та нар үгээ цаасан дээр бичээд явуул. Би 60 дэвтэр засъя. Би та нарт санаа өгье” гэх маягаар нэгдүгээр хичээл орсон. 

Нээлтийн баяр, төгсөлтийн баяр, багш нарын баяр, шинэ жилийн баяр ёслолын арга хэмжээ их сайхан, ёслол төгөлдөр, утга агуулгатай байх ёстой. Өнөөдөр би төслийнхнийг хүлээж авч байна. Энд дуулж, бүжиглэж, хөтөлж байгаа хүмүүс бүгдээрээ манай төгсөгчид. Сэтгэгдлээ хэлж буй багш, төгсөгчид байна. Сургууль өөрөө өөрөөрөө бахархаж, тэр хүүхдийг гаргаж ирдэг. Тайзан дээр гаргаж, үг хэлүүлнэ гэдэг хүүхдүүдийг өөртөө маш их итгэлтэй болгодог. Энэ их жижиг юм шиг боловч үүнийг нь олж хардаг, хэрэгжүүлдэг нь бидний ноу-хау. Тэрнээс Финландын сургууль, Кембриж ингэдэг гэж яриад яах юм бэ. Манай сургууль дандаа практик сургалт явуулдаг. 

-Өмнө нь та найман сургуулийн багш нартай ажилласан бол одоо 60 сургуулийн багш нартай ажиллана. Ямар төлөвлөгөө боловсруулаад байна  вэ? 

-Дараагийн хичээлийг багш нарт зориулж хийнэ. Сургуулийн багш нар хорь хориороо хуваагдаж суух юм. Энэ 20 сургууль хичээлийн жилийн нээлтээ ингэж хийх гэж байна гээд хоёр сургуулийн багшийн туршлагыг хэлүүлнэ. Шинэ хичээл хийх бүрд тэгж ажиллана. Бид тэгж бие биенээсээ суралцаж, адилхан удирдамж, зааварчилгаа, удирдлагын арга барилаар явна. Онц сурдаг хүүхдүүдийг самбарын өмнө гаргаж яриулдаг шүү дээ, тэрэн шиг. Сумын 20 сургуулийн хүүхдүүд адилхан нөхцөлд, адилхан зовлонтой шүү. 

-Хүмүүс “60 Шинэ Монгол гарч байна" гэж ярьж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ингэж ярьж байгаа нь хамгийн гоё. Энэ мессэж их чухал. Нэг инээдтэй яриа байдаг юм. Харвардын сургууль нэг сургуулийг дааж авсан байна. Танай сургууль дээр бид очно, танай сургуулийг бид Харвард шиг менемженттэй болгоно гэж хэлсэн юм байна. Тэгэхээр “Бид Харвард шиг болох нь ээ” гээд нөгөө сургууль сэргэнэ биз дээ. Нөгөөдүүл “Та нар ийм ийм юм хийж бай” гээд ирэхгүй байж. Хэсэг хугацааны дараа яваад очсон, тэр сургууль өөрчлөгдсөн байсан байна. Тэр хүмүүсийг юу хөдөлгөсөн бэ гэхээр “Харвард шиг болох нь” гэсэн нь хөдөлгөөд, өгсөн даалгаврыг нь маш үнэнчээр хийгээд, итгэл үнэмшилтэй болчихсон. Бид энэ сургуулиудад “Та нар 60 “Шинэ Монгол” болно шүү” гээд. Хугацаагаар яривал тийм амархан болохгүй. Гэхдээ л бид “Шинэ Монгол” сургууль шиг болно гэж. “Шинэ Монгол” гэж ямар сургууль байдаг вэ гэдгийг сайн мэдээд байна. Тэр нь их гоё. 

-Эдгээр сургуулиудад “Шинэ Монгол” сургуулийнхаа брэнд туршлагуудыг нэвтрүүлнэ гэж ойлгож болох уу? 

-Би өөрийнхөө нэгдүгээр брэнд туршлага, менежмент юу байна вэ гээд судалсан. Тэгтэл 15, 16 туршага, ноу-хау гарсан. Тэр дотроос төрийн сургуулиудад тусгай орчин нөхцөл шаардахгүйгээр хийж болох нь юу байна вэ гээд 10 брэндийг авсан. Би практик хүн, онол ярихгүй. Энэ 10 брэндээс хэрэгжүүлээд үз. 10-ууланг нь та бүхэн амжихгүй байх, дор хаяж дөрөв дөрвийг сонгооч гээд сонгуулсан. Багшийг ажлын байран дээр хөгжүүлье, сурагчдыг бодитоор үнэлье гээд арван юм байгаа юм. Өмнө нь эндээс сонгуулаад, түүнд тааруулж ажиллах гэж төвөгтэй байдал үүсч байсан. Одоо сонгуулах зүйл байхгүй. Ерөөсөө хамгийн чухал дөрвийг хэрэгжүүлцгээнэ. 

-Ямар ямар брэнд байна вэ? 

-Нэгд, багш нар багаар ажиллах ёстой. Багш ангид ороод хаалгаад хаадаг, тэр дотор юу болж байгааг хэн ч мэддэггүй. Менежер, захирал хянадаг гэж байгаа боловч тэр багшийг танихгүй шүү дээ. Хаалгаа хаагаад, миний хичээл бол минийх, чиний хичээл бол чинийх гээд, нэг нэгээ шүүмжилж ч чадахгүй, тус тусдаа салангид үйл ажиллагаа явуулдаг. Аймаар ажил байхгүй юу. Туршлагатай 60 настай багш, 20 настай багш хоёр хаалгаа хаагаад, яг ижилхэн заалаа. Туршлагатай сайн багш нь сайн заалаа гэхэд шинэ залуу багшид учир дутагдал байна шүү дээ. Бие биенээсээ суралцъя. Багш нар багаар ажиллах ёстой. Хэн, юун дээр төвлөрөх вэ гэхээр хүүхэд дээрээ төвлөрөх ёстой. Дараагийнх нь, яг ангид ороод 40 минутыг өөрийнхөө ур чадвараар, би математикийн багш тэрийг хийх ёстой, яг энэ цагт энэ агуулгыг, энэ даалгаврыг өгөх ёстой гэж байгаа юм. Тэрийгээ өгдөг, өгч чадаад гарах ёстой. Тэгэхээр яалт ч үгүй хувь багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх, ментор болох залуу багш нарыг хооронд нь холбох ёстой. 

-Гурав дахь нь?

-Сургуулийн соёл буюу school culture гэж байх ёстой. Сургуулийн соёл гэдэг хүүхдийг дэг журамтай болгох юм. Тамхи татна, зодоон цохион хийх асуудал гарна. Сургуулийн соёлоо хүндэлье, мөрдөж эхэлье гэдгээс эхлээд, хэдэн журам батлаад, тэр нь сорилт болчихдог. Дөрөвдүгээрт, манай Монголын сургуулиудад дутаад байгаа юм бол ерөөсөө л хичээл хичээл гээд заагаад гаргаад байдаг. Эцэг, эхчүүдийн дүүргэх ёстой сав гээд “нүдээд” байдаг, гэтэл өнөө хүүхдүүд дүүргэлцэх ёстой сав байдаг. Өөртөө итгэлтэй болгох ёстой. Үүнийг зүрх сэтгэлийн боловсролоор олгох ёстой. Манай “Шинэ Монгол” сургуулийг хүмүүс ярьдаг. Танай сургуульд орохоор хүн болчихдог гэж. Хүн болно гэдэг чинь л зүрх сэтгэлтэй болж байна гэсэн үг. Ээж, аав нь их амар байдаг. Хүүхдүүдийг нь сургаад өгчихсөн. “Танай шавь чинь ирээд ёстой ухуулж өгч байна шүү дээ” гээд яриад байдаг. Энийг яаж хийдэг вэ гэхээр хичээлээс гадуур ажиллаад, багийн ажлаа цаг тогтоогоод, цаг төлөвлөөд оруулна гэдэг их чухал. Ийм ажлыг бид хийгээд ирсэн. Энэ дөрвөн юмаар маш сайн нотлогдсон бидний арга зүй, туршлага байгаа юм. Энэ бол төрийн сургууль байна уу, хувийн сургууль байна уу гэдгээс ерөөсөө хамаарахгүй хийж болох ажил. Энийгээ л хүмүүстэй нээлттэйгээр хуваалцъя гэсэн нь төслийн маань хэрэгжүүлэх хамгийн чухал зорилго байгаа юм. 

-Та багш нарт юуг чухалчлан хэлдэг вэ? 

-Багш нар хүүхдүүдэд даалгавар их өгдөг. Анхааралтай сонс гээд ярьдаг. Яг өөрсөд дээр нь ирэхээр дутагдалтай болоод ирдэг. “Та нар өнөөдөр сурагч боллоо. Даалгавраа хий дээ” гээд би янз бүрийн аргаар үзнэ шүү дээ. Та нар цонх хараад суучихдаг сурагч битгий болоорой л гээд хэлж байгаа юм. Энэ төсөл маань 20, 20-иороо гурван ангитай. Тэгэхээр их амар. Тэр 20 хүүхэдтэй тулж ажиллах нэг багшийг тавьчихсан. 60-уулаа нэгдээд, нэг сургууль гэж үзье л дээ. Менежментийн гуравхан ангитай сургууль гэж бодоод, би захирал нь, манай төслийн онол үздэг хүмүүс нь менежер, нийгмийн ажилтан гээд ерөөсөө гурван ангитай. Бид сургуулиар л ажиллаж байгаа, яг энэ төсөл дээр. Бид чадна гэж үзэж байгаа, долоо хоног бүр ажиллана. Гэхдээ яг хэлээд байгаа “Та даалгавраа хийнэ шүү. Та хүүхдэд даалгавар өгч чаддаг биз дээ. Даалгавраа хийгээгүй хүүхдийг яадаг билээ” гээд өөр өөрийнх нь л юман дээр ажиллана даа. Нэлээн шахъя гэж бодож байгаа юм. 

-Харагдахгүй юм хамгийн хүчтэй байдаг. Таны багш нартаа мотивацладаг, хамгийн их урам зориг өгч, урамшуулж хэлдэг ямар үг байдаг вэ? 

-Би Шинэ Монгол, Шинэ Монгол Харумафүжи сургууль, Шинэ Монгол технологийн коллеж, технологийн дээд сургуулийн багш нартайгаа уулзахаараа “Багш нар минь ээ, та нар нэг судлагдахууны багш байхгүй шүү. Та математикийн багш байж болно, та цахилгаан инженерийн багш байж болно. Та бол хүний багш биш гэж хэлдэг. 

-Хүний багш гэдэг нь? 

-Заадаг багш, сургадаг багш хоёрын хооронд маш их ялгаа байдаг. Заадаг багш яадаг гээ? Самбарын өмнө гараад, баахан бодлого бодоод, нөгөөдүүл нь ойлгоогүй өнгөрч байгаа юм. Конспектод заачихсан, би үүнийг л заах ёстой, энэ бодлогыг хүүхдүүд бодох ёстой гээд заахад хэд нь ойлгосныг мэдэхгүй. Сургадаг багш би ингэж заагаад яагаад эд нар ойлгохгүй байна вэ гээд бодож явдаг. Сайхан ярьчихаад, ажил дээрээ хийдэггүй багш бий. Ярьдаг биш хийдэг, судалдаг багш байх хэрэгтэй. Орчин үеийн хүүхдүүдийг маш сайн судлах хэрэгтэй. Миний үеийн хүмүүс социализмын үед сурагчид ийм байсан гэж боддог. 

Залуучууд хөгжилтэй сайхан байх ёстой гэдэг. Энэ хүүхдүүд яг юу хүсч байна вэ гэдгийг мэддэг, бүтээлч байх ёстой. Нэг хичээл орохдоо зүгээр л заадаг биш, тэр хичээлд холбогдолтой сурах бичиг, бодлогын хураамж бичдэг, хамгийн гол нь үлгэрлэдэг байх ёстой. Энд орж ирсэн багш та хүүхдийг яг шударгаар үнэлж байна уу. Нэг хүүхдийг магтаад, нөгөө хүүхдийг хэтэрхий доош нь татаад ялгаварлал гаргаж байна уу. Таны үйлдэл үнэн шударга байна уу гэдэг чухал. Тэгэхээр үлгэрлэдэг багш байна. Энэ бүгд нийлэхээр та хүний багш болно. “Шинэ Монгол”-ын багш бол хүний багш байдаг. Мессэж маань ерөөсөө л энэ. 

-Хүүхдийн сурах хүсэл эрмэлзэл, нүднийх нь гал цогийг унтраачихгүй яаж сургах ёстой вэ. Та энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу? 

-Сургуульд сурагч, багш, эцэг эх гэсэн гурвалсан харьцаа бий. Үүнийг ерөөсөө салгахгүй. Сургуулиуд эцэг, эхчүүдэд мэдээллээ нээлттэй өгч чадахгүйгээс болоод багш, эцэг эхийн хооронд зай гарчихдаг. Ангал үүсчихсэн юм шиг. Эцэг эхийн хурлаа ч хийж чадахгүй. Эцэг эхчүүд орж ирээд шүүмжилнэ гээд айчихсан. Эцэг эхчүүд “Эд нар юу хийгээд байгаа юм бэ. Миний хүүхдийн талаар ерөөсөө мэдээлэл алга” гэдэг. Сургуулиуд аль болох нээлттэй байх ёстой. Эцэг эхийг мэдээллээр хангана гэдэг их чухал. “Шинэ Монгол” сургуулийн бахархал, үнэт зүйл, үзэл санаа, хандлага гэж бий. Багш ямар хандлагатай байх вэ, сурагч, эцэг эх ямар хандлагатай байх вэ? Та хамтрагч байна. Таны хайртай охин, хүүг бид хүн болгох гээд байна. Сайн хүн болгохын төлөө багш нар, сургуулийн захирал, удирдлага зүтгэж байна. Багш чинь ингэж ажиллаж байна, энэ зөв шүү гэж эцэг эх чинь ойлгож байгаа шүү гэдгээ хэлье. 

Эцэг эх, багш нар нэг талд гараад, хүүхдийн одоо, ирээдүйг ярилцъя гэж хүсээд байдаг. Манай эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ цаг гаргаж, анхаарал тавиагүй байж хүүхэд нь жаахан хүмүүжлийн доголдол гаргахад “Энэ сургууль дээр ийм муу юм сурч байна”, “Энэ цэцэрлэг дээр ийм юм сураад, энэ ерөөсөө тэнд л болохгүй байна. Тийшээ явуулснаас болоод байна” гэсэн утгатай зүйл яриад байдаг. Үүний оронд өөрөө ирээд, “Манай хүүхэд яагаад байна, яах вэ багш аа” гээд ярь л даа. Багш ч гэсэн танай хүүхэд ингээд байна, яах вэ гэж бодож байна гээд хоёулаа нийлж ярьж байгаад, өө манай хүүхэд ийм байгаа юм, миний шавь ийм байгаа юм гэж нийлээд зөвлөөд ярих чухал. Тэгэхээр та бүхэн тэрсэлдэх биш, сургуулийг шүүмжлэх биш хүүхдийнхээ ирээдүйг бодож л байгаа бол хамтраад хайртай охин, хүүгээ сургуулиар дамжуулаад сайн хүн болгоё л гэж бодож байгаа бол сургуулийг шүүмжлээд хэрэггүй.

-Шүүмжлэлтэй зүйл их байдаг гэдэгтэй та гэхдээ санал нийлнэ биз дээ? 

-Мэдээж сургуульд шүүмжлэх юм зөндөө. Шүүмжлэхийн оронд очоод, багшид урам өгөөд яриад үз. Өөр сургууль, өөр хүүхэдтэй харьцуулахгүй миний хүүхэд ийм байна яах вэ гээд хэлээд үзэхэд тэр багш ч гэсэн хүлээж авна. Тэр багш ч гэсэн шаналчихсан яваа шүү дээ, таны хүүхдийн төлөө. Таны хүүхдийг ерөөсөө хэрэггүй гээд хаячихаагүй байхгүй юу. Нэгхэн багшийн өмнө танай хүүхэд шиг дөчүүлээ, жаруулаа суучихсан байна. Тэр бүгдийг бодоод яваа. Та ирээд ярь л даа. Ганцхан өөрийнхөө хүүхдийг биш. Яах вэ гэдгээ багш нар эцэг эхчүүдтэйгээ нэг тал болоод ярь л даа. Үүнийг л эцэг эхчүүдэд уриалъя. Би эцэг эхчүүдэд нэг юм хэлмээр байгаа юм. 50, 60-уулаа ангид суучихаад байхад та очиж захирлыг ч юм уу, багшийг 50, 60-уулаа байна гэж шүүмжлэхгүй шүү. Төрийн сургуулийг үүсгэн байгуулагч нь төр. Яамны өмнө очих ёстой. Боль л доо, манай хүүхэд 50, 60-уулаа нэг ангид сурч байна, энэ нөхцөлд багш ажиллах уу? Манай хүүхдийн сургууль ийм байна, багшаа бэлд, ангиа бэлд гээд шаард. Хувийн сургуульд шууд ирээд хэлнэ. 

-Эцэг эхчүүд хувийн сургуульд ямар шаардлага тавьдаг вэ? 

-Галбадрах захирал аа, манай хүүхдийн анги ийм байна шүү. 30 хүүхэдтэй ч гэсэн анги нь жижигхэн байна гэж хэлнэ. Би өнөөдөр өргөтгөл барьж байна. Биеийн тамирын заал чинь хүрэлцэхгүй байна. Танайх дээд сургууль, коллежтэй болсон байна. Манай хүүхдүүд энд чинь багтахгүй байна шүү дээ гээд шууд орж ирээд хэлж байгаа юм. Надад, хувийн сургуулийн захирал болохоор. Тэгэнгүүт би түүний хариуцлагыг хүлээнэ. Төрийг яагаад намайг буланд шахдаг шигээ шахаж болохгүй байгаа юм бэ. Намайг буланд шахахаар би за гээд илүү сайжруулж байна. Танай сургууль мундаг гэсэн хаана байна, та ингээч гэнгүүт за ойлголоо гээд би хичээж байна шүү дээ. Төрийг яагаад шахаж болохгүй байгаа юм бэ. Өнөөдөр төрийнхөн 50, 60-аар нь суулгачихсан л байна. Төр энэ дээр хариуцлага хүлээх ёстой. Төрд шахалт үзүүлэхгүй бол хийдэггүй юм байна. Төрийн сургуулийг үүсгэн байгуулагч нь төр шүү. Төсөв мөнгө батлах ёстой шүү. Хонь, ямаанд төсөв гаргаад, энэ багталцахгүй байгаа хүүхдүүдийг яах юм бэ. 

-Та энэ талаарх санал бодлоо яам, тамгын газар, холбогдох албаныханд уламжилж байв уу? 

-Би Боловсролын тухай хуульд нэг ангийн хүүхдийн тоог 35-аас дээш гаргахгүй гэж оруулах гээд дийлээгүй юм. Багшаар элсэх хүүхдүүдийн төлбөрийг бүгдийг нь даа. Сум болгоноос авчирсан хүүхдээ буцаагаад сум руу нь явуул. Манай боловсрол болохгүй байна, ийм болгох боломж бий шүү гэж бид хувийн сургууль байгуулж байгаа юм. Өнөөдөр хувийн сургууль гарснаас болж боловсрол уналаа гээд байна. 93 хувь 7-хон хувьд тэгж цохигдохгүй ээ. Бид долоохон хувь, 93 хувийг нь төр хариуцаж байна. Би тэтгэвэртээ гараад, хувийн сургуулийнхаа мнежментийг бүр системтэй болгохоор зүтгэж байна. Хүрдэг хэмжээндээ өнөөдөр 60 сургуульд ажиллаад үзье гэж шийдсэн. Миний хувьд өөрийнхөө амьдралд би хийсэн гэсэн юмтай үлдэх л чухал. Би бусад хүмүүс шиг боловсрол “живж” буйг хараад сонсоогүй юм шиг чихээ таглаж, хараагүй юм шиг нүдээ таглаад явж чадахгүй байна.

-Танд баярлалаа.