Хүүхэд харах үйлчилгээ энэ сарын 21-нээс хэрэгжиж эхлэх талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Боловсрол, шинжлэх ухааны сайд өчигдөр буюу 9 дүгээр сарын 16-нд Хүүхэд харах үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай тушаал гаргасан. Хүүхэд харах үйлчилгээнд 2-3 насны хүүхдүүдийг хамруулна. 

Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэн хамруулна. Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн шинжилгээний бичгийг авчирч бүртгүүлнэ. 

Хүүхэд харах үйлчилгээ хаана байна вэ гэдэг мэдээллийг иргэд дүүргүүдийн Боловсролын хэлтэсийн сайт руу хандаж болон харъяа хорооноосоо авах боломжтой. 

Сайдын тушаалын дагуу Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдүүдийн бүртгэл энэ долоо хоногт явагдаж, бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх долоо хоног буюу 9 дүгээр сарын 21-нээс үйл ажиллагаа нь жигдэрнэ" хэмээлээ.

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор хоёр настай хүүхдүүдийг нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд маргаашаас цахимаар бүртгэж, элсүүлэхээр шийдвэрлээд буй. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.