МАДРИД. /Reuters/. Испанийн хөл бөмбөгийн гурван клуб ирэх долоо хоногт болох Каталон-Венесуэлийн шигшээ багийн нөхөрсөг тоглолтод тамирчдаа оролцуулахаас татгалзсан байна.

Каталоны үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Серхио Гонсалесийн лхагва гарагт мэдэгдсэнээр, гуравдугаар сарын 25-нд Гирона хотод болох тоглолтод түүний баг оролцох ажээ. 

Харин “Уэска” клубээс Каталоны Хөл бөмбөгийн холбоонд хандан мэдэгдэхдээ, дээрх тоглолтод клубийн тоглогчдоо оролцохыг зөвшөөрөхгүй гэжээ. 

“Уэска” клубийн өрсөлдөгчид болох “Райо Вальекано” болон “Реал Вальядолид” клуб мөн Каталон-Венесуэлийн нөхөрсөг тоглолтод каталон тоглогчдоо оролцуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Уг гурван клуб нь лигийн хүснэгтийн хамгийн доор бичигдэж байгаа бөгөөд тэд улирал дуусахаас өмнө 10 тоглолт хийх үлдээд байгаа ажээ. 

“Улирлын энэхүү чухал үед бид өөрсдийн ашиг сонирхлоо эхэнд тавих хэрэгтэй ба тамирчдаа гэмтэж бэртэхээс зайлсхийж байгаа тул Рубен Алькарас, Хорди Масип нарыг уг тэмцээнд оролцуулахгүй” гэж Реал Вальядолид клубийн мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Нийт зургаан тамирчныг Каталон-Венесуэлийн нөхөрсөг тоглолтод оролцохыг зөвшөөрөөгүйн дунд Барселона клубийн хамгаалагч Жерар Пике, Барселона клубийн шилдэг тоглогч асан Хави Эрнандес нар багтаж байна. 

Каталоны шигшээ багийн дасгалжуулагч хэлэхдээ, уг гурван клубийн шийдвэр нь 2017 онд Каталон Испаниас салан тусгаарлаж, өөрсдийн улсаа байгуулах оролдлого бүтэлгүйтсэний улмаас улс төрийн хурцадмал байдал үргэлжилсээр байгаатай холбоотой гэдэгт итгэхгүй байна гэжээ. 

Каталон нь Испанийн зүүн хойд хэсэгт оршдог баялаг бүс нутаг бөгөөд каталон хэлээр ярьдаг ажээ. Үүний зэрэгцээ хөл бөмбөгийн албан ёсны шигшээ багтай болохыг урт хугацааны турш зорьсоор ирсэн байна. 

1997 оноос хойш Каталоны тоглогчид нөхөрсөг тоглолт болон бусад улсын шигшээ багийн /Бразил, Аргентин зэрэг хүчтэй өрсөлдөгчид багтсан/ эсрэг тоглолтод тогтмол оролцсоор ирсэн юм. Харин Олон улсын хөл бөмбөгийн холбооны олон улсын нөхөрсөг тоглолтод анх удаа оролцох гэж буй нь энэ ажээ.

Андалусия, Галисия, Страна Баско зэрэг Испанийн бусад бүс нутгийн хувьд шигшээ багаа бүрдүүлэн нөхөрсөг тоглолтуудад оролцож байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг