Хаусаа судалъя #2: Амьдрах таатай орчин бол гэр бүлдээ оруулж буй "Сая долларын хөрөнгө оруулалт"

Peak.mn
04 сарын 26, 2022

Хаврын сүүлийн цасан үе үе бударч, газарт буумагцаа хайлан одох нь, хаа нэгтээ шувууд шулганах сонстох нь, хүүхэд залуусын цовоо цолгин инээд орой үдэш дуулдах нэмэгдэх нь урин цаг наашилж буйн дохио ажгуу.  Ийнхүү гадаа дулаарах хэрээр аав, ээжүүдийн санаагаа чилээдэг нэг зүйл бол хүүхдүүдээ агаар салхинд хэрхэн гаргах тухай бодол. 

Зарын сайтуудаар зуслангийн байшин худалдана, түрээсэлнэ гэсэн зарууд аль хэдийнээ ороод эхэлсэн төдийгүй сурагчдын амралтын үеэр захиалга олдохгүй, дүүрсэн тухай яриа сошиалд хөвөрнө. 

Энэ бүхэн эргээд л өөрийн гэсэн хаустай болох шийдвэр рүү хөтөлж байна. Амины тохилог орон сууц ямар байвал тун чиг тохиромжтой байх талаар хийсэн судалгааны маань эхлэл нь ямар технологийн дагуу хийгдсэн бэ, ямар материал ашиглав гэсэн хүрээнд энд бичигдсэн бол харин энэ удаад тав тух хийгээд байршлыг онцлон хийсэн дүгнэлт танд хүрч байна. 

Тав тухын тухайд гэвэл нэн тэргүүнд цэвэр, бохир, халаалтын асуудал яригдана. Нүхэн жорлон, зөөврийн ус, гал түлэх зэрэг зуслангийн байшингийн онцлогийг орон сууцанд амьдарч буй мэт хялбарчилсан байх нь завгүй, бага насны хүүхэдтэй хүмүүст хэчнээн сайхан билээ. 

Түүнчлэн улирлын чанартай хөдөө орон нутгаар явах шаардлага гарах тул бага насны хоёр хүүхэд, эхнэрээ зусланд үлдээхэд аюулгүй байдал талаас зовних асуудал гарч ирнэ. 

Заримдаа оюутан дүү нараа хань татан хэлэлцэх, загнах, гуйхын дундуур зуслан руу “дайчилгаа”-нд явуулах ч үе тохиолдоно. Энэ мэтчилэн төвөгтэй асуудлуудыг нэг дор шийдсэн, насан туршийн хөрөнгө оруулалт бол тав тухтай, найдвартай, улирал үл харгалзан цэвэр агаарт байрладаг хаус хорооллыг сонгох явдал аж.

Аливаа үл хөдлөх хөрөнгийн үнэ байршлаас буюу цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, төвлөрөлд ойр, байгалийн үзэгдэх орчин сайтай байхаас  шалтгаалан үнэ цэн нь өсдөг юм байна. 

Тухайлбал орон сууцны хувьд наран талдаа, өндөр давхарт байвал үнэ нь илүү байдаг бол хаусын тухайд жилийн дөрвөн улиралд очих, амьдрах боломжтой, дэд бүтэц нь шийдэгдсэн, харууц сайтай, цонхоор өөр хотхоны айлууд харагдаад байхааргүй газар илүү үнэ цэнтэй байх нь. 

За тэгээд хөршүүдтэйгээ ойр дотно, хамтач байвал бүр супер. Хүүхдүүд маань хашаагаар хязгаарлагдалгүй хөршийн хүүхдүүдтэй гадаа гарч тоглох нь лав л манайхны мөрөөдөл болсон. Хүн гээч чинь нийгмийн амьтан учраас хоорондын харилцаа маш чухал гэдгийг Ковидын үед ойлгосон тул багачууд төдийгүй томчууд бид ч сонирхол нэгт коммьюнити үүсгэх нь стресс бухимдалгүй, аз жаргалтай цагийг өнгөрөөх шийдэл болжээ. 

Цаашлаад хаус хорооллын дэргэд сургууль, цэцэрлэг байвал бүр л янзтай болно. Тэгэхээр эдгээр үзүүлэлтийг хаус сонгохдоо шалгуур болгож харах нь зүйтэй ажээ.

Алив сөрөг юманд ч сайн тал байдаг шиг цар тахлын дараагаар манай гэр бүл эрүүл, амар тайван амьдралд ач холбогдол өгч, амьдарч буй мөч бүрээсээ таашаал авах нь хэдэн сая доллараар ч үнэлшгүй “хөрөнгө” юм гэдгийг ойлгоод байна. Нөгөө талаас эдийн засаг хямарч буй энэ үед үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь жинхэнэ утгаараа хөрөнгө оруулалт байж болохоор… 


Эрүүл аюулгүй, амар тайван амьдралыг бүтээхээр зорьж буй аав

Холбоотой сэдвүүд

гэрбүл хаус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.