Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр Хөвсгөл аймагт зохион байгуулдаг "Хөх сувд-2020" олон улсын мөсний баяр 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд болно.

20 дахь жилдээ болох тус мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох ажиллаж буй аж. Ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, мөсний баяр Монголын уламжлалт цагаан сарын баяртай ойр болох учраас эртнээс бэлтгэл ажлыг хангах үүргийг холбогдох байгууллагуудад өгчээ. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангахад хууль хүчний байгууллагууд анхаарч ажиллах, мөсөн хотхоныг хэрхэн байгуулах тал дээр санал солилцсон байна.

"Хөх сувд-2020" мөсний баярын хөтөлбөрийг ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулах аж.

Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг  дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы  уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн,  тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран  бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болох  бөгөөд шинэлэг олон арга хэмжээг төлөвлөжээ.

"Хөх сувд-2019" олон улсын мөсний баяраас гэрэл зургаар хүргэж байна.

Мөсны баярын хугацааг товлосонтой холбоотойгоор "Хөх сувд-2020" олон улсын мөсний баярын арга хэмжээний мөсөн урлан, логоны загвар боловсруулах уралдаан зарлажээ.


Эх сурвалж: Хөх сувд-2020 Мөсний баяр