"Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ

Х.Оргил
03 сарын 22, 2021

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслол  өнөөдөр болно.


Зөвлөлт Холбоот Улс “Спутник-1” анхны хиймэл дагуулыг 1957 оны 10 дугаар сарын 04-нд амжилттай хөөргөж, улмаар 1961 оны 04 дүгээр сарын 12-нд сансрын нисэгч Ю.А.Гагарин “Восток-1” хөлгөөр сансар огторгуйд 108 минут буюу 1 цаг 50 минут орчим нисэн дэлхийг бүтэн тойрсон нь дэлхийн олон улс үндэстэнд сансар огторгуй, од эрхсийг судалж ашиглах гарцыг нээжээ. Үүнээс хойш дэлхийн улс орнууд сансар огторгуйг судлах, энэ талаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл явц идэвхтэй өрнөсөн.

Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орон болсноор, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан хэд хэдэн конвенцод нэгдсэн. Тухайлбал, 1967 оны “Сансрын огторгуй, түүнчлэн сар болон тэнгэрийн бусад эрхсийг шинжлэх, ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай”, 1968 оны “Сансрын нисэгчдийг аврах, мөн нисэгчдийг эгүүлэн өгөх, сансрын огторгуйд хөөргөсөн биет юмыг эгүүлэн өгөх тухай хэлэлцээр”, 1972 оны “Сансрын биетээс хохирол учруулсны олон улсын хариуцлагын тухай конвенц”, 1975 оны “Сансрын огторгуйд хөөргөсөн биетүүдийг бүртгэх тухай конвенц”-ууд юм.

ЗХУ 1965 оноос эхлэн найрамдалт харилцаатай улс орнуудын сансрын нисэгчдийг хамтарсан нислэгт хамруулан, судалгаа шинжилгээний ажил хийх зорилготой олон улсын "Интеркосмос" хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаанарын бүрэлдэхүүнтэй ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр Улаанбаатарын цагаар 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 42 минутад хөөрч, 1981 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай буусан. 

Ингэснээр БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон.

Зөвлөлтийн сансрын нисэгч Ю.А.Гагарин сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан зохион байгуулах “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнд Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн архив, Монголын талаасБНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа тэргүүтэй Монгол Улсын сансрын нисэгчийн баг, Монгол Улсын Архивын Ерөнхий газар, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэн, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Зайнаас тандах судлал, орон зайн загварчлалын салбар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн; Монголын Үндэсний музей, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БХЯ-ны Монгол цэргийн музей, Монгол Улсын Их сургуулийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори, Монголын сансрын технологийн холбоо, Сансрын салбар дахь стартап Mars-V төсөл, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Нисэх загвар” зохион бүтээх дугуйлан, Монголын залуу зохион бүтээгчдийн холбоо, Монголын аеронавтикийн холбоо зэрэг байгууллага болон “Монгол Шуудан” ХХК, Монголын филателистуудын холбооны хувь хүмүүс оролцож байна. 

Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн хүндэтгэлийн цахим арга хэмжээ ирэх даваа гарагийн 16.00 цагаас болно. Харин 15.00-15.50 цагт хэвлэлийн бага хурал болно.

Улаанбаатар дахь “Русский Дом” (хуучнаар ОШУСТ)-д болох уг арга хэмжээнд Оросын талаас ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, “Русский Дом в Улан-Баторе”-ийн захирал А.Р.Базархандаев, Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, МУ-ын 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Батлан Хамгаалахын сайд, ойг зохион байгуулах комиссийн дарга Г.Сайханбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцоно.

Ташрамд дурдахад, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Оросын Холбооны Улсын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонг ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов гардуулна.


Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн цахим үйл ажиллагааны хөтөлбөр:


2021 ОНЫ 03-Р САРЫН 22

ДАВАА ГАРАГ


15.00 -15.50                                        Хэвлэлийн бага хурал болно

16.00-16.05                                         Хүндэт зочдыгтанилцуулна

16.05-16.07                                         ОХУ, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ



НЭЭЛТИЙН ЁСЛОЛ:

ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлж Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, сансарын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулна

-ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков цахимаар мэндчилгээ дэвшүүлнэ

- БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа мэндчилгээ дэвшүүлнэ

-Нээлтийн тууз хайчилна

-Хүндэт зочдод БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа үзэсгэлэнг танилцуулна

- Хүндэтгэлийн цайллага

-Ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсад онцгой эрхээр гаргаж буй “ Салют-7” уран сайхны киног хүндэт зочдод үзүүлнэ

-Хүндэт зочдыг үднэ

Холбоотой сэдвүүд

сансар сансар судлал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.