Буяндэлгэрийн Мөнхчимэг
03 сарын 23, 2021
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан өчигдөр (2021.03.22) Монгол Улсын баатар, Чингис хаан одонт, хошууч генерал Ж.Гүррагчаа, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Монголбанкны Эрдэнэсийн сангаас уг ойг тохиолдуулан “Сансар-40 жил” дурсгалын зоосыг шинээр эрхлэн гаргасан бөгөөд уулзалтын үеэр Ж.Гүррагчаа баатарт уг дурсгалын зоосны дээжийг гардуулан өгөв.
Сансар-40 жил” зоос нь сансрын уудам байдлыг “obsidian black” технологи ашиглан хар өнгөөр харуулж, сар болон дэлхийг өнгөтөөр дүрсэлсэн. Мөн “Союз-39” хөлгөөр “Салют-6” сансрын станцтай холбогдсон байгаагаар дүрсэлж, БНМАУ-ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн Монгол талын логог дүрсэлжээ.
Түүнчлэн Монгол Улсын говь, цөл нутагт Марс гаригтай хамгийн төстэй орчин, нөхцөл бүрдүүлэн, туршилт, хөгжүүлэлтийн бааз байгуулан, хүний нөөц чадварыг хөгжүүлэхээр ажиллаж буй “MARS-V” төслийг таниулан сурталчлах үүднээс дэлхийн бөмбөрцөг дээр төслийн логог буулгасан гэнэ. Монголбанкаас гаргасан мөнгөн зооснууд дундажаар 300-400 мянган төгрөгийн үнэтэй байдаг. "Сансар-40 жил" дурсгалын зоосыг ирэх даваа гарагаас албан ёсоор худалдаалж эхэлнэ.
Өмнө нь Монголбанкнаас 1981 онд тус түүхэн өдрийг тохиолдуулан “ЗСБХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг” гүйлгээний 1 төгрөг, 1994 онд “Союз-39, Салют-6” сэдэвт дурсгалын зоосыг гаргаж байсан бол хамгийн сүүлд 2011 онд “Сансрын хамтарсан нислэг 30 жил” дурсгалын мөнгөн зоосыг 25 грамм болон 1 кг-ын жинтэйгээр гаргаж байв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.