Орон байртай байх эрх нь 1948 онд Олон Улсын Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалаар баталгаажсан хүний суурь эрх юм. Монгол улсад орон байртай байх эрх, тэр дундаа дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдийн хүний эрхийн төлөө ажилладаг Ц.Оюунтөгстэй уулзаж ярилцлаа.

Ц.Оюунтөгс нь “Зургаан Буудал”-ын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн бөгөөд мөн орон байртай байх эрх зүйн хөтөч, сайн дурын сургагч багшаар ажилладаг. Тэрбээр 2016 оноос хойш 7 жилийн туршид нийт 3000 гаруй хүний орон байртай байх эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулан ажилласан. 

Бичлэг үзэх: 

Та яаж хүний эрхийг хамгаалж эхэлсэн бэ?

Анх 2012 онд миний амьдардаг байсан газар Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттайгаар Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Сэлбэ Дэд Төв” дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр болсон. Энэ төслийг 2012 онд танилцуулахдаа тухайн газарт байсан хашаа байшинтай айлуудыг дахин төлөвлөлтөд хамруулж, газрыг 1 метр квадратыг нь 80,000 төгрөгөөр үнэлэн, айл бүрд байр авах хэмжээний мөнгө өгнө гэж амласан. 

Ингээд 4 жилийн дараа 2016 онд “Тэгш Сонголт” ХХК-аас иргэдийн зөвшөөрөлгүй газар байшингийн гэнэтийн үнэлгээ хийж, айлуудын 1 метр квадрат газрыг 60,000 төгрөгөөр үнэлснээс гадна хашаа байшингийн хэмжээг илт бууруулж тооцсон байсан. 

Жишээлбэл, миний өөрийн гараар барьсан 117 метр квадрат 2 давхар байшинг 47 метр квадрат 1 давхар хэмээн үнэлсэн байсан. Би өөрөө барилгын архитектурч мэргэжилтэй учраас үл хөдлөх хөрөнгийн хэмжилт яаж хийхийг сайн мэддэг. Ингээд газрын үнэлгээнд хяналт тавьж үнэлгээний задаргаа болон бусад материалыг шаардахад үнэлгээний задаргаа дээр хашаа, газар, байшин гээд 3 зүйл бичсэнээс дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байсан. Бусад айлуудын үнэлгээг хартал 10 сая, 20 сая гээд хамгийн өндөр нь 40 сая байсан. 

Тэр үед нэг өрөө байр л 50 сая орчим төгрөгөөр худалдаж авна шүү дээ. Тэнд оршин сууж байсан нийт 358 айл өрхийн бодит хөрөнгийн үнэлгээг илтэд бууруулсан нь шударга бус санагдаж, дан ганц өөрийнхөө биш бүгдийнх нь эрх ашгийн төлөө явж, зөв үнэлгээнд хамруулахаар шийдсэн. 


Хэрхэн өөрийн болон бусдын эрхийг хамгаалав?

Эхлээд энэ асуудлын талаар дүүрэгтээ өргөдөл өгөөд 30 хоногийн дараа хариу ирэхэд үнэлгээ үнэн зөв гээд авч хэлэлцээгүй. Үүний дараа хүний эрхийн төлөө ажилладаг Эмнести гэж байгууллага байдгийг мэдээд холбогдтол орон байртай байх эрх, эрхээ хэрхэн хамгаалах талаар иргэдэд сургалт орж, надад төрийн бус байгууллага байгуулахыг зөвлөсөн. Ингээд “Зургаан Буудал” ТББ-ыг байгуулж, хүний эрхийн хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлдэг “Оюу Толгойн Хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэлтэй хамтран ажиллаж эхэлсэн. 

Ингээд бид 2018 оны 3-р сарын 23-нд Азийн Хөгжлийн Банкны Хяналтын Албанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн нөлөөлөлд өртөж буй иргэд бүрэн гүйцэд мэдээлэлгүй, газар ба өмч хөрөнгөө багаар үнэлүүлж, хохирох эрсдэл үүссэн байгаа талаар мэдээлж гомдол гаргасан байдаг. 

АХБ-аас ямар нэгэн арга хэмжээ авалгүй нийт 3 сарын хугацаа өнгөрч энэ хугацаанд би хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай болон бусад хэцүү нөхцөл байдалтай айлуудтай уйгагүй уулзаж нийт 147 айлын өргөдлийг цуглуулсан. Энэ үед Д. Сүхгэрэлийн тусламжтайгаар АХБ-нд хяналт тавьж ажилладаг Вава гэх эмэгтэйтэй танилцан гомдлоо уламжлахад маш нааштайгаар хүлээн авч 2018 оны 5-р сард Филиппин улсад болсон АХБ-ны жилийн тайлангийн хуралд оролцох урилга өгсөн. Үүний дагуу “Зургаан Буудал” ТББ-ыг төлөөлж миний охин З.Энхтуяа тус арга хэмжээн дээр АХБ-ны холбогдох 11 захирлуудтай уулзан бодит байдлыг танилцуулахад асуудлыг шийдвэрлэж өгөх арга хэмжээг авч эхэлсэн юм.

Ийнхүү 2 жил гаруй шаргуу хөөцөлдсөний эцэст иргэдийн газрыг метр квадратыг нь 80 мянган төгрөгөөр үнэлүүлэх, нүүлгэлтийн зардал болох 250 мянган төгрөг, нүүлгэн шилжүүлэлтийн дэмжлэгийн 1,8 сая төгрөгийг зургаан сарын хугацаагаар олгуулах, хажуу өрх буюу нэг хашаанд амьдардаг өрхүүдэд газар өгөх эсвэл түрээсийн байр авч өгөх зэрэг ажлуудыг шаардлага тавин хэрэгжүүлсэн.

Түүнчлэн АХБ, НЗДТГ-тай хамтарсан дахин төлөвлөлтийн санамж бичиг байгуулж, АХБ-ны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Сэлбэ, Баянхошуу, Дамба, Дэнжийн мянга, Толгойт, Шархад зэрэг дэд төвүүдэд санамж бичгийн дагуу үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Одоогоор санамж бичгийн хүрээнд Дамбадаржаад үнэлгээг хэрэгжүүлсэн, одоо Толгойт, Шархад дээр хэрэгжиж байгаа. 

Санамж бичигт ганцхан тэр хэсгийн айл биш 6 дэд төвийн маш олон иргэд хамрагдсан. Анх бол өөрийнхөө амьдардаг газраас эхэлж байсан бол одоо олон газруудад нөлөөлдөг болжээ. 

“Сэлбэ Дэд Төв” төслийн дахин төлөвлөлтөд хамрагдсан  Ням-Өлзийгийн сэтгэгдэл:

“Анх хөрөнгөө зах зээлийн үнээс багаар үнэлүүлээд эргээд энэ асуудлаараа холбогдъё гэтэл үнэхээр хүнд сурталтай байсан. Оюунтөгс эгчтэй холбогдсоноор Азийн хөгжлийн банканд бидний өмнөөс хүсэлт гаргаж өгсөн. Өөрөө төрийн бус байгууллагынхаа тэргүүн, олон хүний асуудлыг шийдэж өгдөг гэдгийг харахад энэ хүнд одон медаль өгсөн ч багадна. 

Өөрийнх нь үйл хэргийг хүртсэн айлууд хэлээгүй л байх аа даа, Оюунтөгс бол “ГАВЬЯАГҮЙ ГАВЬЯАТАН” юм. Хэн ч тэр хүнийг шагнаагүй ч үргэлж бусдын төлөө явдаг. Би амьдралдаа баярлаад уйлж байсан үе ховор гэхдээ мөнгөө аваад уйлж байсан. Хөрөнгөө үнэн зөв үнэлүүлсний үр дүнд би банкныхаа зээлийг дарж чадсан.”


3. Хүний эрх хамгаалахад ямар бэрхшээл тулгардаг вэ?

Орон байртай байх эрхийг хамгаалж явахад хоёр асуудал тулгарч байсан. Эхнийх нь гэвэл бусдын эрх ашгийн төлөө явж байгаа гэхээр иргэд, айл өрхүүд итгэхгүй хардаж сэрдэх асуудал их гардаг байлаа. АХБ-аас их хэмжээний мөнгө авч биднийг хохироож байна гэж харддаг байсан. Авсан мөнгөнөөсөө өг гэж нэхэх айлууд ч олон. 

Хоёрдугаарт, хүний эрх хамгаалагчдыг улсаас чимээгүй дарамтлах нь бий. Газар байшингийн үнэлгээний мөнгийг олгохдоо зөвхөн манайхыг үлдээж хагас жилийн дараа олгосон. 

Газрын үнэлгээ хийхдээ манай хашаа байшинг бүр 5 удаа ирж үнэлгээ хийн, ирэх бүрдээ хэмжээг нь хасаж үнэлгээг нь бууруулсан. 2016 оны хот байгуулалтын яамны сайдын үнэлгээгээр хувийн орон сууцны үнэлгээ 1.5 сая төгрөг байсан бол манай байшинг 700 мянган төгрөгөөр үнэлсэн гэх зэрэг бэрхшээлүүд тохиолдож байлаа.

4. Таны бусдын эрхийг хамгаалах шалтгаан?

Бусдад тусалж, хүний эрхийг хамгаалдаг шалтгаан миний суурь хүмүүжилтэй холбоотой. Багаасаа шулуун шударга зантай байсан болохоор ажлын байран дээр ч гэсэн буруу зүйл болоход дарга нарынхаа эсрэг дуугардаг байсан. Манай ажлынхан цалингаа авч чадахгүй эсвэл хэлж чадахгүй зүйлээ намайг хэлээд өгөөч гэж их гуйдаг байсан. 

Суурь хүмүүжлээс гадна миний амьдралтай бас холбоотой юм болов уу. Яг үнэнийг хэлэхэд би амьдралд их нухлагдсан. Хуучин нөхөртөө зодуулдаг байсан учраас бага охиноо 2 сартай байхад нь салж 2 хүүхэдтэйгээ орон гэргүй хөөгдөөд гарсан. Тэгээд л ядарч яваа хүн харахаар тусалмаар санагддаг. 

Залуу насаа ажил хийх, 2 хүүхдээ тэжээх гэж завгүй гүйсээр дуусгасан, харин зээ нараа харж гэртээ суухдаа хүний эрх хамгааллын ажил эхлүүлээд суралцаад явж байна. Хүний эрх хамгаалахад эхлээд жоохон шантардаг ч сүүлдээ тоохоо байсан. 

5.Одоо ямар ажил хийдэг вэ?

Төсөлд хамрагдсан хүмүүсийн маань асуудлууд шийдэгдсэн ч гэсэн би одоог хүртэл хүний эрх хамгааллын төлөө идэвхтэй явдаг. Өөрийн төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллахаас гадна, Эмнести Интернэшнлийн орон байртай байх эрхийн сургагч багш, “Оюутолгойн Хяналт” ТББ-д оролцоотой ажилладаг. Ер нь олон төрлийн ажил хийж өөрийгөө хөгжүүлээд, мэдэхгүй зүйлээ мэдэж, хүмүүст бас мэдлэг өгөхийн төлөө явдаг. 

Одоо АХБ-ны дэд төв барих 6 төсөл бий. 5 нь хэрэгжээд явж байгаа учир бүгдэд нь нөлөөлж ажиллаж байгаа. Утасны дугаараа ил тавиад дахин төлөвлөлт хийж байгаа газрын иргэдэд зөвлөгөө өгдөг. Цалин хөлсгүй ажил ч гэлээ хүмүүс баярлалаа гэж хэлэхэд л юунаас ч илүү баярладаг даа.


6. Залуус хүний эрх хамгаалахдаа юунаас эхлэх вэ?

“Оюу Толгойн Хяналт” ТББ-ын тэргүүн Ц.Сүхгэрэл: Хүний эрх хамгаалал бол бусдын эрхийг хүндэтгэх өөрийн хандлагаас эхэлдэг. Залуучууд суралцах, ажилд орох явцад өөрийн эргэн тойронд тулгардаг асуудлууд болох сургууль дээр хүч хэрэглэх, баян ядуу эсвэл хөгжлийн бэрхшээлтэйгээр ялгаварлан гадуурхах зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэн хамгаалах сэтгэлтэй байх хэрэгтэй. 

“Зургаан Буудал” ТББ-ын тэргүүн Ц.Оюунтөгс: Би анхнаасаа хүний эрхийн хамгаалагч болно гэж бодож байгаагүй. Зөв зүйлийг дэмждэг болохоор л зөв замаараа явсан. Тиймээс хүний эрх хамгаалахад бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх нь чухал. Сэтгэл байхгүй бол ямар ч ажил бүтэх нь хэцүү. 

Өмнө нь Эмнести Интернэшнлийн хүмүүс намайг хүний эрх хамгаалагч гэхээр нь би биш ээ гэдэг байсан бол одоо сайн сайхан ажил хийснээрээ бахархаж чаддаг болжээ. Залуус ч гэсэн өөрийн болон бусдын эрхийн төлөө дуугардаг ЗОРИГТОН байгаарай. 

Уг нийтлэлийг “Эмнести Интернэшнл” хүний эрхийн байгууллагаас зохион байгуулж буй “Зоригтон” мулти медиа хөрөг найрууллын тэмцээний хүрээнд бэлтгэв.

Хөрөг найрууллыг бэлтгэсэн: Ш.Энхнар, М.Төгсбуян