Томчууд бид хүүхдийг буруу зүйл хийсэн үед "уучлалт гуй" гэж шаарддаг.  Харин өөрсдөө буруу зүйл хийчихээд хэрхэн булзааруулдаг билээ дээ. Заримдаа бүр  "Чамаас болоод, чиний төлөө л, чи л ийм хэрэг тариагүй байсан бол..." гэх мэтээр өөрсдийгөө бид өмгөөлдөг.

Тэгвэл ээж аавуудад зориулж хүүхдэдээ гаргасан уур, буруу үг хэрэглэсэн, биеэ барилгүй гар хүрснийхээ дараа заавал уучлалт гуйж сурахыг зөвлөж байна. Ингэж чадвал хүүхдүүд минь биднээс үлгэрлэж алдаагаа ухаардаг, уучлал хүсдэг, бусдыг уучилж өөрийгөө чөлөөлж чаддаг эелдэг, соёлтой, ухамсартай нэгэн болж өснө.

Та өөрийнхөө бурууг хүлээх үедээ:

1. Ээж нь (аав нь) сая арай хэтрүүлчихлээ. Уучлаарай, ээж нь тэвэрье гэж хэлээрэй. Тэврэлт хүүхдийг маш сайн тайвшруулдаг, таны хайрыг 100 хувь дамжуулдаг зүйл.

2. Ээж нь (аав нь) буруугаа ойлголоо, чи намайг уучлаач тэгэх үү. Би чамайг үнсэх үү, чи намайг үнсэх үү гэж чин сэтгэлээсээ асуугаарай.

3. Ээж нь (аав нь) өөр зүйлд (шалтгаанаа товч тайлбарлана) уурласан уураа хүүдээ гаргачихлаа. Чи намайг яаж шийтгэмээр байна. Ээж нь 10 минут томоотой сууя болох уу?

4. Хүүдээ охиндоо зориулж зүрх дүүрэн, инээмсэглэл дүүрэн зурагт захидал бичиж өгөөрэй. Сая болсон явдлыг уучлаарай. Энэ алдааг дахин давтахгүйг хичээе. Ээж нь (аав нь) чамд ийм их хайртай гээд л сэтгэлээ илэрхийлээрэй. (Өөрөө захиагаа уншиж тайлбарлаж өгөөрэй)

5. Хоёр гараас нь атгаад нүд рүү нь эгцлэн харж өөрийн хийсэн буруугаа яг үнэнээр нь тоочоод дараагийн удаа давтахгүйгээ чигчий хуруугаараа амлаж эрхийгээрээ тамгалаарай.

Дахин сануулахад хүүхэд санаатайгаар бурууг давтаад байдаггүй. Болохгүй гэснийг тань давтаад байгаа бол хүүхдэдээ анхаарал хэр тавьж байгаа билээ гэдгээ анзаараарай. Заримдаа хүүхэд анхаарал татах гэсэндээ, халамж хүссэндээ "болохгүй"-г давтаад байдаг.