Бага насны хүүхдийн таргалалт нь өвчин үү, бид санаа зовох ёстой юу, тэдний ирээдүйд хэрхэн нөлөөлөх бол? Энэ асуултууд орчин үеийн эцэг эхчүүдийн толгойн өвчин болдог. Тэгвэл энэ тал дээр нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх мэргэжилтэн Доктор Фрэнк Филлипс зөвлөж байна.

Дэлхийн эрvvл мэндийн байгууллага (ДЭМБ) нь таргалалт 21-р зуунд дэлхийн нийтийн эрvvл мэндийн хамгийн тулгамдсан асуудлын нэг гэж vзэж байна.

Хүүхдийн таргалалт эрс нэмэгдсэн шалтгаан

Өдөр тутамдаа бид хоол хүнсээс их хэмжээний илчлэг (калори) авдаг боловч түүнийгээ зарцуулах хөдөлгөөнийг хангалттай хийхгүй байгаагаас таргалалт үүсдэг. Таргалалтанд олон хүчин зүйл нөлөөлнө. Үүнд хямд, шим тэжээлгүй хоол хүнс, ундаанаас гадна хөдөлгөөний дутагдал ,таргалалттайорчинд амьдрах зэрэг орно. Эдгээр хүчин зүйлүүд нь таргалалтын тархалтанд хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг.

11-15 насны хүүхдүүд голдуу таргалалттай байна

Жингийн асуудал нь ямар ч насны хүүхдэд нөлөөлж болно. Статистик тоо баримтаас харахад бага насны хүүхдүүдээс 11-15 насныхан голдуу илүүдэл жин, таргалалттай гарчээ. Судалгаанаас үзэхэд эцэг эхчүүд хүүхдүүдээ илүүдэл жинтэй гэдгийг мэддэггүй учраас ямар ч арга хэмжээ авдаггүй байна. Хэрвээ эрт зохих дэмжлэг үзүүлвэл таргалалттай хүүхдүүд эргээд хэвийн жинтэй, эрүүл чийрэг иргэн болж өсөх боломжтой. 

Улс орнуудын нийгмийн бүх ангиудад таргалалт бий. Харин Английн доогуур орлоготой гэр бүлд таргалалт хоёр дахин их байдаг. Хүмүүсийн ихэнх нь эрүүл хоол хүнсийг үнэтэй гэж үздэг боловч төсөвт хэмнэлттэйгээр энэ төрлийн хоол хийх олон жор, арга зам бий.

Таргалалт нь богино ба урт хугацаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Хүүхдийн таргалалт, илүүдэл жингийн асуудал аль ч хугацаанд муу үр дагавартай. Үүнээс улбаатай маш олон өвчлөл бий. Тухайлбал амьсгалын замын болон ясны өвчин цаашлаад нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Жингийн илүүдэлтэйгээс болж хүүхдүүд бусдад дээрэлхүүлэх, өөрийгөө бусдаас доогуур үнэлэх зэргээр хямарч сэтгэл гутралд орох өндөр магадлалтай. Хамгийн гол нь эрт жингийн илүүдэлтэй болсон хүүхэд том хүмүүсийн адил чихрийн шижин, зүрхний өвчин, хавдар, үе мөчний төдийгүй судасны өвчин тусах эрсдэл их.

Хүүхдээ хэрхэн эрүүл байлгах вэ?

Сайн хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, хөгжлийг хамгийн сайн дэмждэг. Хэрэв таны хүүхэд илүүдэл жинтэй бол хоол хүнсэнд нь бага зэрэг өөрчлөлт оруулснаар таргалалтыг зогсоох бүрэн боломжтой.

Илүүдэл жинтэй хүүхдүүд ихэвчлэн жингийн асуудалтай гэдгээ мэддэг учраас тэднийг дэмжиж , хэвийн жинд нь ороход туслах алхам хий.

Зарим хэт таргалалттай хүүхдүүдийн хувьд илүү тодорхой тусламж хэрэгтэй тул мэргэжилтэнтэй ярилцан хүүхдийнхээ жинг хэвийн хэмжээнд хүрэхэд туслаарай. Ингэхийн тулд тусгайлсан мэргэжилтэнгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал. Энэ хөтөлбөр нь гэр бүлд тулгуурласан хоол тэжээл, биеийн хөдөлгөөн, зан харилцаатай холбоотой хэсгүүдээс бүрддэг. 

Хүүхдийн жин, таргалалтыг арилгахад туслах 5 зан үйл:

  • Сайн үлгэр жишээ үзүүлэх. Хүүхэдтэйгээ эрүүл хоол идэж, цагийг хөдөлгөөнтэй, идэвхтэйгээр хамтдаа өнгөрүүлэх.
  • Өдөрт 60 минутын биеийн тамирын дасгалыг (заавал нэг дор биш) хийх, идэвхгүй буюу суух цагийн хэмжээг хязгаарлах.
  • Хүүхдэд том хүний тавгаар хоол өгөхөөс татгалзах, хоолыг ихээр биш таарсан хэмжээгээр таваглах.
  • Сайн унтаж, зурагт бага үзэх. 
  • Компьютер, гар утас зэрэг  хөдөлгөөнийг хязгаарладаг ухаалаг хэрэгслүүдийг хязгаарлах.