Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс албан хаагчиддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгож байхаар шийдвэрлэжээ. Уг байгууллагын албан хаагчийн 16 хүртэлх насны хүүхэд бүрийнх нь төрсөн өдрөөр тус хэлтэст ажилладаг эцэг эхэд нь цалинтай 1 өдрийн чөлөө олгох юм байна. Тус хэлтсийн “Хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, эцэг эхийн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хүүхэдтэйгээ ойр байх боломжийг бүрдүүлэхээр олон ажил санаачлан хийж байгаагийн нэг нь энэхүү цалинтай чөлөө юм. Чөлөө олгохдоо тухайн албан хаагчийн ажлыг орлож ажиллах албан хаагчийг томилж, ажил үйлчилгээ тасралтгүй хэвийн явагдах боломжийг бүрдүүлэн ажиллах болно гэж тус хэлтсийн дарга ө.Манжил онцолсон байна.

Өмнө нь Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын дарга Э.Жавхлан өөрийн байгууллагын албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргаж энэхүү санаачилгыг хувийн болон төрийн байгууллагууд ч гэсэн хэрэгжүүлэхийг уриалсан билээ.