peak.mn
08 сарын 19, 2017
Багш нар цалинг нь сая зургаан зуун мянган төгрөг болгохгүй бол есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхгүй гэж “бойкот”-лоод дөрөв хонолоо. Ерөнхий боловсролын сургуульд 28490 /2017 оны байдлаар/ багш ажилладаг гэсэн статистик бий. Хүсч буйг нь бүх багш нарт цалин гэж өгвөл 45 тэрбум 584 сая төгрөг болж байна. Цалингаасаа гадна авдаг нэмэгдэл энэ тэрийг нь оруулахгүйгээр нэг сарынх нь цалинг багаар тооцоход шүү дээ. Жилээр тооцвол зөвхөн багш нарын цалинд таван их наяд шахуу төгрөг зарцуулах хэрэг гарах нь. Жилдээ улсаараа нийлээд олдог мөнгө маань зургаан их наяд гээд бодохоор төсөөлөхөөргүй аварга тоо. Монгол Улсын өрхийн дундаж орлого 900 гаруй мянган төгрөг гэхээр багш нар төсөөллөөс давсан мөнгө нэхэж байна гэсэн үг.
Монгол Улсын иргэн Бат, Дулмаа, Дорж сардаа хэчнээн төгрөгийн орлоготой байдгийг статистик сөхөж харъя. Сардаа 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой, дажгүй хангалуун амьдардаг хүмүүс нийт иргэдийн зургаа хүрэхгүй хувийг эзэлдэг. Харин 500-900 мянган төгрөгийн орлоготой нөхөд нийгмийн олонх. Тэд 30 гаруй хувиар жин дардаг. Тодруулж хэлбэл дундаж давхаргынхан гээд ойлгочихож болно. Бидний 16.8 хувь ньсардаа 300-500 мянган төгрөг олж амьдрал ахуйгаа залгуулдаг. 300 мянган төгрөгөөс доош орлоготой нь нийт айлуудын 12 хувь. Эд бол хамгийн хэцүү амьдардаг хэсэг маань. Тэгвэл багш нар ямар бүлэгт хамаардгийг харьцуулж харъя. Дөнгөж ажиллаж эхэлсэн шинэхэн багш нар 500 мянга гаргаад авчихдаг олон жил ажилласан хуучин багш нарын хувьд 800 мянган төгрөгөөс нэг сая давсан цалин авдагийг багш нарын цалингийн цэсээс харчихаж болно.
Урамшуулал, нэмэгдлийн хувьд заах аргын нэгдэл ахалдаг бол таван хувь, зөвлөх багш 20 хувь, заах аргач 10 хувь, тэргүүлэгч нь 15 хувь, анги даадаг нь 10 хувийг цалин дээрээ бодуулж авдаг. Кабинет хариуцдаг бол 10 хувийн нэмэгдэлтэй. Улирал тутам цалингийнх нь 45 хувьтай тэнцэх нэмэгдэл гэж өгдөг. Багшийн ур чадварыг үнэлж сайн бол хувийг нь хасахгүйгээр, тааруу үнэлгээ авсан тохиолдолд хувийг нь хасдаг юм байна. Чадвартай сайн бол улирал бүр урамшууллаа аваад явах боломжтой гэсэн үг. Дэвтэр засалт, давтлага зэрэгт урамшуулал боддог байснаа сүүлийн үед больжээ.
Цэцэрлэгийн багш нарын тухайд элдэв нэмэгдэл нь харин бага. Гэхдээ хоол унданд мөнгө зарахгүй гэх мэт давуу талтай. Тэд улиралд цалингийн 20 хувийн урамшуулал авдаг. Цалингийн хэмжээ нь сарын 535 мянган төгрөг. Ингээд харахаар багш нарын цалингийн доод хязгаар 500 мянган төгрөг болж байна. Эхнэр, нөхрийнх нь авдаг хэдтэй нийлүүлээд тооцоход сард хамгийн багадаа нэг сая төгрөгийн орлоготой хэсэгт өлхөн багтдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл багш нар хоёр идэхгүй хоосон хоногүй жирийн аятайхан амьдарчихдаг дундаж давхаргад данстай нөхөд. Сард 500 мянгаас доош орлоготой айл нийт өрхийн бараг 30 хувийг эзэлдэг гэж өмнө дурдсан. Тэднээс тэс өмнөө амьдралтай улс.
Ажлын ачаалал их, хувийн сургуулийн багш нартай харьцуулахад дэндүү бага цалинтай байна гэж ирээд яривал тоочих асуудал олон байгааг үгүйсгэхгүй. Хэн ч илүү гоё амьдралыг хүсч тэмүүлдэг. Гэхдээ “Юманд учир суманд гичир” гэсэн айхтар үг бий. Монгол улсын иргэн бүр суурь боловсрол эзэмших эрхтэй гэсэн Үндсэн хуулийг заалтыг зөрчин байж цалингаа нэмэгдүүлэх “бойкот” хийх нь лав л зөв гарц биш. Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхгүй бол аав, ээжүүд “Хүүхдийн минь сурах эрхийг зөрчиж байна” гээд босоод ирнэ. Балчруудаа цэцэрлэгт өгөөд ажилдаа орохоор төлөвлөсөн хүмүүс хэл үг, асуудал үүсгэх нь тодорхой. Боловсролын хуулинд “Суралцагч суралцах нөхцөл бололцоогоор хангуулах үүрэгтэй” гэсэн заалт бий. Боловсролын хууль зөрчвөл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх хулийн заалт байгаа. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Зөрчлийн тухай хуульд “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт туссан. Гэх мэтээр иш татвал багш нарын өнөөдрийн тэмцэл, шаардлага хууль зөрчснийг өчнөөн заалтаар нотолж болохоор байна.
Ц.Баасансүрэн
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.