Хятад: Дижитал орчинд хүүхдэд аюултай үйлдлийг хориглоно

Х.Оргил
04 сарын 23, 2026

БНХАУ хиймэл оюун ухаанд суурилсан “дижитал хүн” (virtual human)-ийн хэрэглээг зохицуулах шинэ дүрмийн төсөл боловсруулж, олон нийтээс санал авч эхэллээ.

Хятадын Кибер орон зайн захиргаанаас (CAC) танилцуулсан уг төсөлд дижитал хүний оролцоотой бүх контентод тодорхой шошго тавих шаардлага тусгасан байна. Ингэснээр хэрэглэгч бодит хүн, хиймэл дүрийг ялгаж таних боломжтой болох юм.

Мөн 18-аас доош насныханд дижитал хүнээр дамжуулан “виртуал дотно харилцаа” санал болгох, донтуулах шинжтэй үйлчилгээ үзүүлэхийг хориглохоор тусгажээ. Дүрмийн төсөлд тавдугаар сарын 6 хүртэл санал авна.

Шинэ журамд хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглан дижитал дүр бүтээх, эсвэл дижитал хүнийг ашиглан таних баталгаажуулалтын системийг тойрохыг хориглосон байна.

Түүнчлэн дижитал хүн ашиглан үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, төрийн эрх мэдлийг эсэргүүцэх, салан тусгаарлахыг өдөөх, үндэсний эв нэгдлийг сулруулах агуулга түгээхийг хориглох заалт багтжээ.

Үйлчилгээ үзүүлэгчдэд бэлгийн шинжтэй, хүчирхийлэл, айдас төрүүлэх, ялгаварлан гадуурхах агуулгыг хязгаарлах үүрэг өгч, хэрэглэгч амиа хорлох эсвэл өөрийгөө гэмтээх шинж илэрвэл хөндлөнгөөс оролцож мэргэжлийн тусламжид холбохыг зөвлөсөн байна.

Хятад улс хиймэл оюун ухааныг эдийн засгийн салбаруудад өргөн нэвтрүүлэх бодлого баримталж байгаа ч хяналттайгаар хөгжүүлэх чиглэл баримталж буй. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.