Бид тогтвортой хөгжлийг дэмжигч “Миний 17” буландаа Монголд анх удаа усан үзэм тариалсан эрхэм Ким Чон Солийг урьж ярилцлаа. Тэрбээр одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын 450 га газарт хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалан амьдарч байна. Багшийн ажлаа орхин Монголд суурьшиж, ногоочин болсон түүний баялаг түүхээс хуваалцъя. 


Ким Чон Соль 1997 оны өвс зүлэг ногоорсон зуны дэлгэр цагаар анх Монголд иржээ. Байгаль цаг уур, хүмүүсийн найрсаг, зочломтгой зан ихэд таалагдсан учир энд амьдаръя гэж шийдээд, гэр бүлээрээ 2000 онд ирж суурьшжээ. 

Бидний хэл соёл, ахуй амьдралыг төдийлөн мэдэхгүй тэрбээр Монголд юу хийж амьдрах талаар судалж байхдаа зах дээр цөөхөн хэдэн төрлийн ногоо зарагдаж байгааг анзаарсан байна. 

Тухайн үед монголчууд бидний хүнсний ногооны сонголт төмс, лууван, манжин, байцаа дөрвийн дунд л эргэлдэж байж. Иймд Ким Чон Соль хүнсний ногоо тарихаар шийджээ. 

Электроникийн инженерээс ногоочин болсон түүх

Электроникийн инженер мэргэжилтэй Ким ногоочин болохоор сэтгэл шулуудсан нь тийм ч гэнэтийн шийдвэр биш юм. Түүний аав ногоо тарьдаг байжээ.

Ким эхлээд Дамбадаржаад нэг га орчим талбайд ногоо тарьж, өөрийнхөө хэмжээнд туршилт, судалгаа явуулсан аж. Монголын цаг уурт ургах боломжтой ямар л хүнсний ногоо байна тэр бүгдийг ургуулж үзжээ.

Баруунхараа дахь 450 га ногоон талбайгаа 2007 онд худалдан авсан байна. Энэ газрын өмнөх эзэн хоёр, гурван жил ногоо тарих гэж оролдоод бүтээгүй учраас газрын гэрчилгээгээ сумын захиргаандаа буцаан өгчээ. 

Энэ тухайгаа Ким “Тухайн үед Баруунхараа их шуурдаг, элстэй байсан учраас хэн ч тоодоггүй газар байлаа” гэв.

Харин 15 жилийн дараа гэхэд энэ газарт 90 хүлэмжид 32 төрлийн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ ургуулж байна. 

Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь усан үзэм. Монголд усан үзэм ургуулж чадсан нууц нь ердөө технологидоо бий гэлээ. 

Солонгосоос гурван ч удаа усан үзмийн мод авчран үхүүлж бүтэлгүйтсээр эндхийн хөрсөнд, хүлэмжийн нөхцөлд ургуулж болох жинхэнэ Монгол технологийг олжээ.

Тэрбээр Монголд ногоо тарихад ололттой талууд ч бий, сорилттой тулгарах үе ч бий гэв. Тухайлбал давуу тал нь: 

Нэгдүгээрт, зуны өдөр урт учир хүлэмжийн ногоонууд илүү болцтой бөгөөд амт шимттэй байх бололцоотой.


Хоёрдугаарт, ногоо тарихад шаардлагатай бордоо олдохгүй бол малын өтөг бууцаар орлуулж болдог.


Гуравдугаарт, янз бүрийн ургамлын өвчин, хачиг тархах нь бага байдаг. Солонгос зөөлөн, чийглэг уур амьсгалтай учраас ургамал ногоонд хачиг халдах нь элбэг байдаг аж. Тиймээс ногоочид хорхой шавж устгах уусмал, химийн нэгдлүүдийг хэрэглэхээс өөр аргагүй байдаг гэнэ. 

Помидор, өргөст хэмх хоёрыг нэг хүлэмжинд тариалах тохиромжтой.Харин сорилттой талууд нь:

Салхи, шуурга, бороо, мөндөр зэрэг цаг уурын үзэгдлүүд ногооны болц, хураалт, гарцад нөлөөлөх тал бий. Намар төмсөө хурааж амжаагүй байтал эрт хүйтэрчихвэл хэдэн га талбайд тарьсан нь хамаагүй шууд л алдагдал хүлээх жишээтэй. 

Энэ бүгдийг даван туулж, тэвчээр заан ногоогоо ургуулж гэмээнэ сая ногоочин болдог учиртай гэнэ.  


Монгол хүн бүр хүнсний ногоогоо хашаандаа тарих боломжтой

Ким Чун Солиос эхлээд цөөн хэдэн ногоочид Монголын хүнсний нарийн ногоо, жимсний хэрэгцээг хангаж хүчирдэггүй. 

Ялангуяа өвлийн улиралд нарийн ногоо ховордож, үнийг нь дийлэхээ байдаг дүр зураг бий. 

Энэ зөрүү дээр жижиглэнгийн худалдаачид “тоглолт хийж” Хятадаас импортлон авчирсан нарийн ногоог өндөр үнээр зардаг. Үндсэндээ бидний ногооны хэрэглээ одоо ч Хятадаас зуун хувь хамааралтай гэж хэлж болно. 

Энэ асуудлын шийдэл нь харьцангуй энгийн бөгөөд хялбар ажээ. 

Айл бүр өөрсдийн хэрэгцээний ногоонуудаа хашаа байшиндаа тарихад л болох юм. 

Нэг үеэ бодвол ямар ногоог, хэрхэн тарихыг нь заагаад өгөх туршлагатай хүн бидний дунд олон болж. Тухайлбал Монголын нөхцөлд тохирдог аргыг хориод жил судлаад технологийг нь эзэмшчихсэн Ким ногоо тарья гэсэн хүнд дуртай зааж өгнө гэлээ. 

Хашаандаа тарьж үзээд амжилттай ургавал том газар худалдан аваад ногоочин болох ч боломж бий. Ингэж гэмээнэ бид өдөр бүрийн хоол хүнсээ хөрш орноос зөөдөг байдалдаа цэг тавих юм.

Ким ах “Монголчууд ногоо тарихыг ядуу хүний ажил гэж боддог. Тарина, арчилна, усална, ургуулна гэдгийг айхтар хүнд хүчир ажил гээд ойлгодог” гэлээ. Мэдээж хялбар ажил биш хэдий ч баталгаатай, өөрийн хөрсөнд ургасан жимс ногоо идэх шиг жаргал үгүй билээ.

Цаашлаад улс орны эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

Жишээ нь дэлхийд хүнсний ногооны экспортоороо толгой цохидог Нидерланд улсын хүн амын нэг хувь л ногоо тарьдаг аж. Ингээд дотоодын хэрэгцээгээ хангаад гадагшаа экспорт хийн өнгөрсөн жил олсон орлого нь 35 тэрбум ам.доллар. Нидерланд ядуу улс биш ч хүнсний ногоо тарьж, ургуулахын ач холбогдлыг сайтар ойлгосон улс. Хамгийн чухал нь тэд технологио хөгжүүлж чадсан. Монголчууд ч бас чадна гэж итгэж байгаа. 


Байгалиа хайрлах сэтгэл мод тарихаас л эхэлнэ

Ногоочин хүний сэтгэлийг хамгийн их зовоодог зүйл бол цаг агаарын өөрчлөлт байдаг. Гэнэт л их бороо цутгаж, салхи шуурч, түймэр дэгдэх шиг гарзтай зүйл гэж үгүй. 

Гэтэл цаг агаар ийнхүү хувьсахын шалтгаан нь монголчууд өөрсдөө байгальдаа хайр гамгүй хандаж байгаатай холбоотой юм. 

Ким Чун Соль “Сүүлийн жилүүдэд 61-ийн гарам, Лүн хавиар хүчтэй үер буух болсон. Энэ нь байгалийн зүй тогтлоороо урсаж буй үер биш, уул модгүй болж, нүцгэрсэн учраас борооны усыг шингээж дийлэхгүй урсгаад байгаатай холбоотой. Үнэндээ 20-иод жилийн өмнөөс миний мэдэх Монголын байгаль жил ирэх бүр дордож байна. Энэ асуудлыг анхаарч, цаг алдалгүй мод тарьж эхлэх хэрэгтэй” гэв. 

Солонгос улс ч энэ асуудлыг тойроогүй, дайраад  гарчээ. Өнгөрсөн зуунаас хойш ойгоосоо түлээний модоо бэлдсээр уулнууд нь нүцгэрч эхэлсэн гэнэ. Солонгосын ЗГ-аас энэ асуудлыг анхаарч жил бүрийн 4-р сарын 5-ныг бүх нийтээр амрах өдөр болгон зарлаад тэр өдөр ууланд мод тарих болсон. 

Сургуулийн хүүхэд, ахмад буурлууд гэж ялгахгүй хүн бүр мод тарих дадалтай болсон аж. Одоо солонгост мод тарья гээд ч тарих газар үлдээгүй нь ийм учиртай.

Тиймээс хөгшин залуугүй эх орондоо эзний сэтгэлээр хандаж, мод тарьж эхлэхийг Ким Чун Соль уриалсан юм.