“Facebook” компанийн хувьцаа унасны улмаас тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг “Bloomberg” агентлагийн хувилбараар гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад 3 байраар доошилж, 3 дугаар байраас 6 дугаар байр руу бичигджээ.

Одоогоор М.Цукербергийн хөрөнгө 70,6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа аж. Компанийн хувьцаа унах үед тэрбээр 16 тэрбум ам.долларыг алдсан байна. “Фэйсбүүк” компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр өнгөрсөн пүрэв гарагт 18 хувиар буурсан юм.

Компанийн  хувьцаа ийнхүү унах болсон нь хоёрдугаар улирлын үр дүнгийн тайлан тооцоолсноос тааруу гарсантай холбоотой аж. Компанийн орлого хоёрдугаар улиралд өмнөх үзүүлэлттэй харьцуулахад 42 хувиар өсч, 13,23 тэрбум ам.долларт хүрсэн хэдий ч шинжээчдийн хүлээлтийг гаргаж чадаагүй байна.  



Эх сурвалж. МОНЦАМЭ агентлаг