Өчигдөр Азийн бодибилдинг, фитнессийн холбооны ээлжит их хурал болж тус холбооны тэргүүний сонгуулийг явуулахад Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо /МБФНХ/-ны гүйцэтгэх захирал Г.Очир ялалт байгуулж, анх удаа монгол хүн АБФХ-г удирдахаар болов.

Мөн тус хурлаар холбооноос хэрэгжүүлсэн ажил, алдаа, оноогоо хэлэлцсэн байна. Энэ өдөр Улаанбаатархотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор Бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 44 орны шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм.

Монгол Улс, 2008 оны тавдугаар сард Бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн Бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулсан юм.

МБФНХ-ноос эх орондоо зохион байгуулсан тус тэмцээнүүд бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, Монгол Улсаа сурталчилах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.