Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” аяныг Монголбанкнаас гурван сарын хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн. Аяны эхний сарыг "Дэлхийн хуримтлалын өдөр"-т зориулж байгаа юм байна. 

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах зорилгоор олон орны банк санхүүгийн байгууллагууд зохион байгуулж иржээ.

Монгол улс энэ жил “Дэлхийн хуримтлалын өдөр”-т нэгдэж, нийт банк санхүүгийн байгууллагуудтай хамтран иргэд олон нийтийг оролцуулсан нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

 

Ёслолын арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Штефан Дуппел, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн (Sparkassenstiftung) төлөөлөл - Ноён Ульрих Кийнитц, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Дэд захирал С.Дамдиндорж, Монголын Банкны Холбооны Дэд ерөнхийлөгч Н.Цэрэндаваа нар оролцов. 

Цаашид тус өдрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилгоор ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголын банкны холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм.  

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын өдрийг Монгол улсад жил бүр тэмдэглэдэг байхаар Үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсныг нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан нь онцлох үйл явдал байлаа.  

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Санхүүгийн боловсрол аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Дэлхийн хуримтлалын өдөр” дэд аяныг нээж хэлсэн үгэндээ  “Монгол улс Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих сайн туршлагыг төрийн хэмжээнд авч үзэн олон улстай хөл нийлүүлэн алхаж эхэллээ. Дэлхийн хуримтлалын өдрийн аян жил бүр өөрийн гэсэн зорилтот агуулгын хүрээнд явагддаг. Энэ жилийн хувьд хүүхэд залуучуудад хуримтлалын ач холбогдлыг ойлгуулахад түлхүү чиглэж байгаа ба олон өгөөжтэй ажлууд хийгдэхээр төлөвлөсөн. Үүний нэг нь сургуулийн насны хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулж хуримтлуулах вэ?” сэдэвт зургийн уралдаан байх”-ыг мэдэгдлээ. 

Дараа нь ХБНГУлсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Штефан Дуппел үг хэллээ. “Хуримтлал үүсгэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх нь санхүүгийн боловсролд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь ирээдүйд мөрөөдлөө биелүүлэх боломж бүрдүүлдгийг зөвхөн хүүхдүүдэд бус, насанд хүрэгчдэд ч мөн адил ойлгуулах нь нэн тэргүүний зорилт билээ. Энэ утгаараа хуримтлуулах хандлагыг дадал болгосноор үр дүнд нь иргэн бүрийн санхүүгийн нөхцөл байдлаа өөрөө хариуцах чадварыг дэмжихийн зэрэгцээ, улс орны эдийн засгийн хөгжлийг бататгах давуу талтай" хэмээв.  

Монголбанк