“Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой” гэсэн олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө Монгол Улсад хэрэгждэг үү? Бэлгийн цөөнх гэгдэх ЛГБТИ хүмүүсийг ялгаварлан гадуурхах, нийгэмд хүлээн зөвшөөрөхгүй байх, өдөр тутмын аар саар мэт харагдах асуудал хүний эрхийн томоохон зөрчлийг дагуулж байгааг “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад оролцогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байлаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ хамтран зохион байгуулдаг хүний эрхийн өглөөний уулзалтыг 2019 оны 05 дугаар сарын 16-нд “ЛГБТИ хүмүүсийн эрх ба Эрүүгийн эрх зүйн орчин” сэдвээр зохион байгууллаа. Уулзалтын зочин илтгэгчээр ЛГБТ төв ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер А.Балдангомбо, Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан нар оролцож мэдээлэл хийсэн юм.

Хүмүүс зөвхөн бусдаас өөр байсныхаа төлөө ялгаварлан гадуурхалтад өртөж байна. Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох нь хамтын тэмцэл байх учиртай. Хүмүүсийг ялгаварлан гадуурхалтад өртөхөөс урьдчилан сэргийлж, эрх, эрх чөлөөг нь бодитой эдлүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай хэвээр байгааг манай судалгаа харуулж байна.

ЛГБТ төв 2013 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Монгол Улс дахь ЛГБТИ хүмүүсийн эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын судалгааг хийж, улмаар уг асуудлыг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-д тусган тодорхой саналуудыг шийдвэр гаргагчид хүргүүлж байсан удаатай. Түүнээс хойш 6 жилийн дараа нөхцөл байдал ямар байгааг харьцуулсан судалгааг манай төв дахин хийлээ хэмээн ЛГБТ төвийн эрх зүйн хөтөлбөрийн менежер А.Балдангомбо танилцууллаа. 2013 онд судалгаанд оролцогчид “Нийгмийн ямар нэгэн дарамт шахалтад өртдөг үү?” гэсэн асуултад 43,3 хувь нь “байнга тулгардаг асуудал” гэж хариулсан бол, 6 жилийн дараа уг асуултад хариулагсдын хувь харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ.

Монголын нийгэм ЛГБТ хүмүүсийг хэр хүлээн зөвшөөрдөг вэ? гэсэн асуултад өнөөдрөөс 6 жилийн өмнөх судалгаанд оролцогчдын 95 хувь нь “огт хүлээн зөвшөөрдөггүй” гэж хариулсан бол, 2019 онд энэ тоо харьцангуй багасч, 41,4 хувь нь “ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагүй” гэж хариулжээ. “Гэвч энэ нь асуудал шийдэгдсэн гэсэн үг биш юм, үг хэлээр доромжлох, гудамжинд алхаж яваад зодуулах, тоглоом шоглоомоор хандлагаа мэдрүүлэх, үйлчлэхээс татгалзах, бусдаас илүүд үзэх зэрэг үзэгдэл байсаар байна. Үл таних хүмүүсийн зүгээс ялгаварлан гадуурхах хандлагыг түлхүү гаргадаг нь манай судалгаагаар тогтоогдсон. Бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаа бусдад мэдэгдэх нь эрсдэлтэй хэвээр байна. Зүгээр л байгаа байдлаар нь ялгаварлан гадуурхах нийгмийн хандлага эдгээр хүмүүсийг хүссэн ажил албаа эрхлэх, бусдын адил эрхээ эдлэхэд нь асар их дарамт, саад тотгорыг бий болгож байна“ хэмээн ЛГБТ төвийн төлөөлөл илтгэж байлаа.

Эрүүлжүүлэх байранд саатуулагдсан трансжендэр эмэгтэйд эрэгтэй цагдаа үзлэг хийж, бие эрхтэнд нь зөвшөөрөлгүй гар хүрч байсан гомдлыг Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран шалгаж, шийдвэрлэж байсан тухайгаа ч дурдав. Харин сүүлийн үед цагдаагийн байгууллагын албан хаагчдын хандлага, хүний эрхийн ойлголт мэдлэгт анхаарал хандуулж, энэ талаар сургалтуудыг зохион байгуулснаар нөхцөл байдал сайжирч, тус төвөөс мэдээлэл, зөвлөгөө авах чиглэлээр хамтран ажиллах болсон гэв.

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан:

“Үндэсний хууль тогтоомжоор шийдвэрлэгдээгүй зарим асуудал нь ЛГБТИ хүмүүстэй харилцах наад захын харилцаанд хүртэл саад учруулах тохиолдол байдаг. Гэхдээ энэ үед цагдаагийн байгууллага ихэвчлэн олон улсын гэрээг практикт нэвтрүүлэхийг эрмэлзэж ирсэн. Тухайлбал, саатуулагдсан этгээдэд үзлэг шалгалт хийх үед бие эрхтэнд нь хүрч шалгах шаардлагатай болдог. Үндэсний хууль тогтоомжид эрэгтэй, эмэгтэй хүн гэсэн томъёоллыг оруулсан байдгаас бусад хүйсийн талаар дурдаагүй гэх мэт хүндрэл гардаг. Гэв сүүлийн үед манай цагдаа нар энэ асуудалд мэдрэмжтэй хандахыг хичээж байгаа. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс “Та ямар хүйсийн хүнээр нэгжлэг, үзлэг хийлгэх вэ” гэдгийг асууж байгаа” гэсэн юм. Мөн тэрээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй таницуулгыг өглөө.

“Хүний эрхийн тухай ярилцъя” уулзалтад оролцогчдын зүгээс ЛГБТ төвтэй хамтран ажиллах тодорхой саналуудыг тавьж, цаашид хүний эрхийн чиглэлээр нэгдэж хамтрахаар боллоо. Тухайлбал эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагын тандалт судалгааг хамтран явуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэлгийн болон хүйсийн чиг баримжааны асуудлыг хөндөх, ялгаварлалтыг таслан зогсоох зэрэг бодит ажлыг хамтран хийхээр хэлэлцэв.