Монголын сансрын технологийн хөгжилд "Гарц байна"

Peak.mn
04 сарын 11, 2021

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд ЗХУ-ын сансрын нисгэгч Ю.А.Гагарин «Восток» хөлгөөр дэлхийг тойрон 108 минут ниссэн билээ.НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны 4 дүгээр сарын 7-ны хуралдаанаар энэ өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр болгон баталсан юм. 

Дэлхийн зарим оронд энэ өдрийг өсвөр, залуу үеийнхнийг сансар судлалд татан оруулах олон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил ЗХУ, БНМАУ-ын хамтарсан сансрын нислэгийн 40 жил, хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жилийн ойг тохиолдуулан "Гарц байна" баримтат киног Монголын сансрын технологийн холбоо /MOSTA/ санаачилж, Vast film and post production бүтээжээ. Уг баримтат кинонд Монгол Улсын сансрын технологийн салбарын хөгжлийн түүхийг цогцоор нь харуулсан аж. 


Монголын сансрын технологийн үүсэл хөгжил, ЗХУ, БНМАУ-ын хамтарсан сансрын нислэгийн туршилт судалгааны ажил, сансрын технологийн судалгаа, хэрэглээнд оруулсан хувь нэмэр, орчин үеийн сансрын технологийн ололт амжилт, өөрийн гэсэн харилцаа холбооны болон хэрэглээний хиймэл дагуултай болохын ач холбогдол зэргийг бодит баримт мэдээлэл, эх сурвалжаар дамжуулан харуулахын зэрэгцээ хүүхэд залууст сансрын технологийг сонирхох сэдэл тэмүүлэл, танин мэдэхүйн мэдээлэл өгөх зорилготой. МҮОНТ, Боловсрол ТВ, НТВ, Монгол ТВ, SBN ТВ, Си1 зэрэг телевизээр үзэгчдэд хүрэхээр болжээ.


“Гарц байна” баримтат киноны уран бүтээлч, санаачлагчидаас кино бүтэх үйл явц, ая холбогдлын талаар МУИС-ийн Нано хиймэл дагуул  хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Эрдэнэбаатараас тодрууллаа. 



Монголын сансрын технологийн хөгжлийг бүх талаас нь харуулсан кино хийх санаа хэрхэн төрсөн бэ? 

Монголын хамтарсан сансрын нислэгийн үндсэн зорилго, үүрэг даалгавар, үр дүнг хүмүүст бүрэн бүтнээр харуулж ойлголт өгөх юм сан гэж боддог. 40 жилийн өмнө сансрын нислэгийн түүхэн үйл хэрэгт  оролцсон эрдэмтэн судлаачид, инженерүүдийн тухайн цаг үед, түүнээс хойш сансрын технологийг ашиглан хийж гүйцэтгэсэн ажлыг бид тэр бүр мэддэггүй. 

Мөн биднийг “Мазаалай” хиймэл дагуулын тухай ярихаар хүмүүс тэр бүр ойлгохгүй байгаа юм шиг санагддаг байсан. Одоо бид “Тэмүүлэл” хиймэл дагуулыг бүтээхээр ажиллаж байна. Энэ бүхнээс үүдээд сансрын технологийн салбарын үйл ажиллагаа үр дүнг цогцоор нь харуулбал илүү үр дүнтэй юм болов уу гэсэн санаагаар баримтад кино хийх санаа төрсөн. 


Сансрын технологи бидэнд яагаад чухал гэж? 

Дэлхийн улс орнууд сансрын технологийн хойноос хошуурч байна. Учир нь энэ нь өөрөө стратегийн нэгэн чухал салбар. Тухайн улс орны иргэдийн амгалан тайван, аюулгүй амьдрах баталгааг хангаж байдаг салбар. Цаанаа бол шинжлэх ухаан, инновацийг өөртөө агуулж байдаг учраас мэдлэгийн эдийн засгийн өнөө үед энэ өндөр технологийн төлөө улсууд өрсөлддөг. Учир нь сансрын технологи гэдэг нь зөвхөн хиймэл дагуулын тухай асуудал биш газраас авхуулаад сансар хүртэлх бүх л технологи ямар нэгэн байдлаар хамрагддаг салбар юм.

Нөгөө талаас бид тусгаар тогтносон улсын хувьд энэ салбар луу орохоос өөр ямар ч сонголт байхгүй. Эрт орох тусмаа сайн. Учир нь өнөө үе бол сансрын технологи шинэ байдлаар хөгжиж эхэлж байгаа гарааны үе.  Бидэнд хоцрох эрх байхгүй


“Гарц байна” баримтад киноны ерөнхий найруулагч, Васт продакшны ерөнхий найруулагч Д.Батбаяр:

Энэ киногоор монгол хүн сансарт ниссэнээр шинжлэх ухааны салбарт ямар амжилт, ахиц дэвшил гарсан,  бидний хэрэглэж байгаа техник технологи сансартай хэрхэн холбогддог, бид сансрын технологийн хөгжлөөөс яагаад хоцорч болохгүй вэ, яагаад сансар огторгуйг эзэмших үйлсэд оролцох шаардлагатай вэ гэдгийг харуулахыг хичээлээ. Энэ кинонд өмнө нь өөрийнхөө эрдэм шинжилгээнийхээ ажлыг тэр бүр нийтэд дэлгэж байгаагүй эрдэмтэд оролцож үнэтэй мэдээлэл өгсөн. 

Дэлхий нийтийн хөгжил, технологийн хөгжил яалтчгүй сансартай холбогдож байна. Энэ салбарын хөгжил, хэрэглээ, хэрэгцээг харуулахдаа аль болох энгийнгээр, хэрэглээгээр дамжуулан үзүүлэхийг зорьлоо. Бид сансар огторуйг зөвхөн сансар огторгуйгаар, сансарт хүн ниссэнээр л төсөөлдөг. Гэтэл тэндээс эрдэм шинжилгээний ямар үнэтэй мэдээллийг эрж хайж, эрэн сурвалжилж олж болох вэ гэдгийг мэдэж авч байгаа юм." гэлээ.


Холбоотой сэдвүүд

сансар сансар судлал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.