Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулав.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭМЭЛТ ЭХ ҮҮСВЭР БОЛОХ "ЭРДЭНЭС БАЯН БОГД" 
ТӨСӨЛ ЭХЛҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх маш олон ажил байна. Хотын ажил гэдэг бол цаг наргүй. Улаанбаатар хотыг системтэй, бодлоготой хөгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. 

Нийслэлийн харъяа 123 байгууллагад 48 мянган төрийн албан хаагч ажилладаг. Хотын оролцохгүй салбар гэж байхгүй. Тиймээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг системтэй бодлогоор үе шаттай шийдэхээр УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгуулсан. Энэ хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх ажлууд эрчимтэй явж байна.  

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу өнгөрсөн 2021 онд баталсан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан орлогыг Улаанбаатар хотод үлдээх түүхэн шийдвэр гарсан. Мөн анх удаа нийслэл үнэт цаас гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой болж байна.

Түүнчлэн нийтийн тээвэрт иж бүрэн буюу 1225 автобусаар парк шинэчлэл хийж байна. Түгжрэлийг бууруулах хүрээнд холбоос зам, Яармаг, Зайсангийн гүүр, ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж буй. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын ачаалал 50 орчим хувиар буурах тооцоолол бий. Мөн зөвшөөрөлгүй хашаа, хайс, гаражийг буулгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийж байна.

2040 ОНД УЛААНБААТАР ХОТЫН ХҮН АМЫН ТОО 2.6 САЯД ХҮРНЭ

Нийслэлийн үнэт цаасаар хотын тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны бодлогыг дэмжих, авто зам, сургууль, цэцэрлэг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хөрөнгө оруулалтын нэмэлт эх үүсвэр болох “Эрдэнэс баян богд” төслийг эхлүүлнэ. 

Хотын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ санхүүжилтээр шийдэх шаардлагатай. Эдгээр хөрөнгийн эх үүсвэрүүд Хотын хөгжлийн санд төвлөрч, Улаанбаатар хотын иргэдийн хараа хяналт дор, ил тод, нээлттэй байна.  

2040 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.6 саяд хүрнэ. Нийслэлийн орлогын эх үүсвэрийн 91.6 хувь нь татварын, 8.4 хувь нь татварын бус орлого байна. Хотын эдийн засгийн өнөөгийн байдал төсөв “шүтсэн” байгаа юм. Иймээс үе шаттай төлөвлөлт хийх, санхүүгийн олон эх үүсвэртэй болгон хөгжүүлж, хотын хөгжлийг индексжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. 

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нийслэл анх удаа үнэт цаас гаргах эрхтэй болсон бөгөөд энэ нь ажил хэрэг болж буй. Ингэснээр санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болно. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл чухлыг онцоллоо. Улаанбаатар хотын хөгжлийн индекс 0.464 байна. Тиймээс шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Токио хот гэхэд зургаан бүлэг 70 шалгуур үзүүлэлтээр хөгжлийн индексээ тодорхойлж, хамгийн тулгамдаж буй асуудалдаа хөрөнгөө хуваарилдаг. Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал хэмээх зургаан төрлийн 86 шалгуур үзүүлэлтээр тодорхойлсон. Улмаар Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 2025 онд 0.570, 2030 онд 0.630, 2050 онд 0.930-д хүргэхээр зорьж байна.

Хотын зорчилт хөдөлгөөнд өдөрт дунджаар давхардсан тоогоор 2.8 сая хүн оролцож байгаа бөгөөд таван томоохон байршлаас хотын төв рүү чиглэдэг. Тодруулбал, иргэд ажилдаа явах, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх, оюутан залуус хичээлдээ явах, төрийн үйлчилгээ авах, худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх гол бүс нь Сүхбаатар дүүрэг болж, хотын төв хэсэг рүү хэт их бөөгнөрөл үүсэж байгаа юм.

НИЙСЛЭЛЭЭС 41 МЯНГАН ОЮУТНЫГ ГАРГАЖ ЧАДВАЛ ТҮГЖРЭЛ, ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛЖ, ДҮҮРЭГ, ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөөний нийт 48.2 км замаар 1042 автобус 107 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дараах дөрвөн өргөн чөлөөг гурван эгнээ болгож өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна. 

Нэг эгнээгээр нь дан нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд эхний ээлжид эдгээр дөрвөн өргөн чөлөөний 13.7 км авто замыг өргөтгөх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл найман хувиар буурч, дундаж хурд 11.7 км цагт хүрэх юм.

Мөн нийтийн тээврийн хүртээмжгүй, гэр хорооллын алслагдмал бүсүүд рүү богино эргэлтийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл зургаан хувиар буурах тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, богино эргэлтийн 181 автобусны зогсоол байгуулж, нийт 86.1 км авто зам шинээр тавьснаар нийтийн тээврийн хүртээмжийг тэлэх боломжтой.

750-3500 хүртэлх сурагчтай, хүчин чадал нь хэтэрсэн ерөнхий боловсролын 169 сургуульд 313,473 сурагч суралцаж буй бөгөөд эдгээр нь хотын төвд төвлөрсөн байгаа юм. Энэ бол түгжрэлд нөлөөлөх нэг том хүчин зүйл. Учир нь сургуулийн хүртээмжгүй бүсүүдээс ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд тус сургуулиудад ирж, суралцаж байна. Тиймээс гэр хорооллын бүсэд ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарах юм.

Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, их, дээд сургуулиуд болон лицей сургуулиудыг нүүлгэх шаардлагатай байна. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шархад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ.

Улаанбаатар хотод голын, шар усны болон уруйн үер гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Тодруулбал, найман байршилд голын үер, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер болох эрсдэлтэй. 

Дээрх 75 байршлаас хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй нь 20 байршил байгаа бөгөөд өдгөө Улаанбаатар хотод 107.6 км үерээс хамгаалах байгууламж бий. Энэ хэмжээг 345 км-т хүргэж, голын сав газрын үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна.