Гүн шөнийн оддыг алгаараа зайчлан

Гүүрэн дээр тогтсон сарыг чимхэн шигтгэлээ

Хөөрхий нэгэн найрагчийн бичиж амжаагүй шүлэг шиг

Хөхөмдөг огторгуйн дунд харван алдрах одыг

Хүний од гэлгүй хөх утааг нь сарнитал үдлээ

Тэнгэр заадлан умрыг чиглэсэн сүүн замыг

Тэнхээ мэдэн арчиж яваа үүрийн гэгээг

Өвдгөө дэрлэн угтахдаа л

Өглөөгүүр зүүрмэглэж амждаг

Явсан зүгийг нь мэдэхгүй хайртай хүмүүсээ санахдаа л би

Яруу оддын дор шүлэг хэлхэн тайвширдаг

Үүрийн бүдэгхэн гэгээ шиг дурсамжийн хөшгөө нээгээд

Өөрөө дотор нь орж хүй орчлонг нэгжин хөлөө эвхэн суудаг

Нар сар оддын доорх энэхэн чөлөө

Надад ирсэн хувьхан заяаны тохиолд

Яралзах оддын доор ганцаардан суух нь

Яагаад ийм танил санагдана вэ?

гэсэн нэгэн шүлгийг яруу найрагч Б.Сарантуяа өөрийн ил номдоо 2019 оны яруу найргийн өдрөөр оруулжээ. Шүлгийн:

Гүн шөнийн оддыг алгаараа зайчлан

Гүүрэн дээр тогтсон сарыг чимхэн шигтгэлээ

Хөөрхий нэгэн найрагчийн бичиж амжаагүй шүлэг шиг

Хөхөмдөг огторгуйн дунд харван алдрах одыг

Хүний од гэлгүй хөх утааг нь сарнитал үдлээ

Тэнгэр заадлан умрыг чиглэсэн сүүн замыг

Тэнхээ мэдэн арчиж яваа үүрийн гэгээг

Өвдгөө дэрлэн угтахдаа л

Өглөөгүүр зүүрмэглэж амждаг гэсэн Ж.Свифтийн “Гулливерийн аялсан нь” зохиолын “Уул шиг хүмүүсийн оронд” гэдэг шиг ихэсгэлт дүрслэл нь яруу найрагчийн өөрөөрөө төвлөх үзлийн илрэл мэт.

Өрнийн домог зүйд: Хамаг бүхний анхдагч эхлэл болох Гея-Газар нь Уран-Тэнгэрийг өөрөөсөө төрүүлээд, тэр даруйдаа түүнтэй гэрлэдэг. Энэ гэрлэлтээс төрсөн хүүхдүүд нь аварга биет титанууд бөгөөд Океан, Кой, Крий, Гиперион, Иапет, Кронос зэрэг зургаан эрэгтэй, Тефида, Феба, Мнемосина, Тейя, Фемида, Рея зэрэг зургаан эмэгтэй байдаг. Харин аварга биет титануудыг Уран өөртэй нь бэлгэсийн өрсөлдөгчид болохоос өрсөн доод тивийн тамын орон Тартар руу илгээдэг. Гэтэл бүх эрчүүдийн эхнэр байхыг хүсэгч Эх-Газар титануудын нэг Кроност туслах аж. Тодруулбал Ураныг хадуураар засч агтлан, Кроносыг орчлон ертөнцөд үнэмлэхүй эрх мэдэлтэй болгожээ. Бэлгийн өрсөлдөгч эцэг Уранаа дарсан Кронос чөлөөлөгдсөн даруйдаа Эх-Газартай гэрлэнэ. Газар эхийн нэр Гея биш, Рея болон солигдсон байдаг. Орчлон ертөнцийн эзэн болсон Кроносын үйлдэл нь басхүү бэлгийн сэдэлд орооцолдсон байдлаас үл ангижрах ба тэрбээр Реятай харьцах харилцаандаа бэлгийн өрсөлдөгчгүй байх зорилгоор бүх хүүхдээ залгисаар байна. Харин Рея эцэгт нь чулуу залгиулан хуурч Зевс нэрт нэг хүүгээ аварч, Дикта уулын агуйд ямааны сүүгээр тэжээж өсгөжээ. Зевс тийнхүү өсөж том болон эрийн цээнд хүрээд, шидэт ундаа ууж мөнөөх л бэлгийн дур хүслээсээ болж Кроностой тэмцэлдэн түүний гэдэснээс ах, эгч нараа гаргаж, бас титануудтай тулалдан номхотгож Кроносын хамт титануудыг Тартар руу илгээгээд өөрөө бас Эх-Газартай гэрлэнэ. Энэ удаа газар эх Рея биш, Гера дүртэй болсон байдаг. Энэхүү домогт өгүүлж буйгаар Олимпийн бурхад цөм ураг дотроо гэр бүл болцгоох ба гол нь өөрийн гэр бүлийн эсрэг хүйст үр хүүхдүүдийг ямагт өөрийн бэлгийн өрсөлдөгч хэмээн үзэж Тартар уруу тонилгох аж.

Энэ мэтийн гэр бүлийн доторх хүйсийн харьцаа тэдний зөрчил, таталцал түлхэлцлийн тухай манай үлгэр домогт ч өгүүлнэ. Тухайлбал монгол ардын “Алтан мөнгөн аргай” үлгэрт: Найман зуун адуутай, найман настай Чагаа хүүтэй Намтай мэргэн гэдэг өвгөн дүрслэгдэнэ. Нэгэн удаа өвгөнтэй мангас уулзаж: Насан болсон амиа өгөх үү? Найман зуун адуугаа өгөх үү? Найман настай хүүгээ өгөх үү? гэхэд өвгөн хүүгээ өгөхөөр тохирдог. Улмаар хүү найр алаг морь, үнэг, бухан бяруу, ээжийн самны хугархай, аавын билүүний хэлтэрхий зэргийн тусламжтайгаар мангас эмгэнээс мултарч гэртээ ирдэг. Аав нь адуундаа яваад эзгүй байсанд ээж нь уйлан хайлан хүүтэйгээ уулзаж: Ээж нь хүүдээ хонь гаргахаар үнхэлцэгийг нь тавьдаг юм. Тэгэхээр аав чинь уурлаж намайг зоддог, миний хүү авдрынхаа ард нуугдаад байгаарай гэнэ. Аав нь орой ирээд хонь гаргахад ээж нь хүү минь ирээсэй үнхэлцэг зүрхийг нь тавих сан гэхэд аав нь уурлаж хуурай модыг хугартал, нойтон модыг ноцтол ээжийг нь зоджээ. Үүнийг сонссон хүү авдрынхаа араас гарч ирээд, үхээгүй хатаагүй хүүд үнхэлцэг, зүрх тавих ёстой, аргай аргай түг гээд аавынхаа толгойг хага цохиж алаад ээжтэй хамт амар сайхандаа жаргажээ гэж өгүүлдэг. Энэхүү үлгэр нь мөн л гэр бүлийн доторх эсрэг хүйсийн тэмцэл, бэлгэсийн өрсөлдөгчдийн тухай өгүүлэмжтэй юм.

Түүнчлэн XIII зууны үеэс шууд уламжилсан бүтээл гэгддэг “Алтан ордны үйсэн дээрх бичиг”-т «Эмгэг зовлонд бүү дайрагд, Эгүс дэгд чагаа мину» хэмээн эх хүний хүүдээ хандсан шүлэглэл байдаг. Энд дурдагдан буй чагаа гэдэг үгтэй “”Алтан мөнгөн аргай” үлгэрийн хүүгийн нэртэй тохирч байгаа нь сонирхолтой агаад чагаа гэх уг үгийн тухай профессор С.Дулам цагаан гэдэг үгийн багасгал бөгөөд нялх балчир гэсэн утга илэрхийлдэг гэсэн байна. Энэхүү үлгэрт гарч буй Чагаа хүү нь эхтэйгээ янаг (янаг гэдэг нь инагши буюу нааш ойр гэсэн утга илтгэнэ Г.Б) дотно харьцах ба зөвхөн ээжийнхээ үгэнд орж түмэн хониныхоо түрүүнд явдаг түнтгэр бор иргээрээ хүнс хийх, найман зуун адууныхаа түрүүнд явдаг найман хөлтэй найгал алаг мориороо явах зэргээр дүрслэгдэж байна.

Гэх мэтээр домогт өгүүлдэг ба энэхүү хүн төрөлхтөний гэнэн үеийн нийлэг сэтгэлэгийн нөлөө, баларлаг цагийн үлдэл нийт хүн төрөлхтөн түүн дотор нэгэн яруу найрагчийн сэтгэлийн гүн харанхуй мухар, сэтгэлгээний алмайрлаас дээрх мэтээр илрэн буух магадлалтай.

Мөн тохиолд яруу найрагч Б.Сарантуяа бээр өөрөө газар эх Гея, (Рея, Гера) мэт болоод өндийн босож “Гүн шөнийн оддыг алгаараа зайчлан, Гүүрэн дээр тогтсон сар...” буюу ааваас нь нууж авч үлдсэн өөрийн хүү Зевс буюу яруу найрагчийн хувьд эрхэм хайртай хүү (охин нь ч байж болох)-гээ олны дунд тодоор байршуулах аж. Энэ нь зөвхөн эмэгтэй найрагчийн л гарган чадах дүрслэл биз ээ. Ингэвэл гүүр гэдэг нь Дикта уул юм. Манай домгоор бол Сүмбэр уул буюу дэлхийг бүрхсэн сүүн их далайгаас анх цухуйн гарч ирсэн анхны газар буюу дайр, бор буюу газар.

Явсан зүгийг нь мэдэхгүй хайртай хүмүүсээ санахдаа л би

Яруу оддын дор шүлэг хэлхэн тайвширдаг

Үүрийн бүдэгхэн гэгээ шиг дурсамжийн хөшгөө нээгээд

Өөрөө дотор нь орж хүй орчлонг нэгжин хөлөө эвхэн суудаг

гэсэн дараах мөрүүдэд энэ орчлонгоос нэгэнт одсон (магадгүй Тартар уруу ч юм уу) хайртай дотно хүмүүс (аавдаа залгиулсан хүүхдүүд ч байж болох)-ээ дурсан суухад гагц шүлэг л хань болох мэт нь найрагчийн гуниглал.

Харин энэ мэтийг яагаад өөрөө дүрслээд байгаагаа буюу өөрийнх нь сэтгэлд ийм дүр дүрслэл орж ирээд байгааг яруу найрагч өөрөө үл мэднэ. Сэтгэл зүй, сэтгэлгээний дотоод түлхээсийн учир нь гагцхүү хүмүүний далд ухамсарт орших ба авьяас онгодын хүчээр тухайн тохиолд илрэн гарах нь шүлэг буюу. Тиймээс ч яруу найрагч Б.Сарантуяа өөрийн мэдэлгүй ийм шүлэг бичсэн болохоо:

Нар сар оддын доорх энэхэн чөлөө

Надад ирсэн хувьхан заяаны тохиолд

Яралзах оддын доор ганцаардан суух нь

Яагаад ийм танил санагдана вэ? гэсэн гайхшралд хураажээ.

2019-03-21