Хэрэв бид хэн нэгийг гомдоосон бол, цаад хүн өшөөгөө авахын тулд юу ч сэдэж мэдэх юм. Түүний сэтгэлийг зөөлрүүлэх хамгийн энгийн арга бол үгийг нь дуулгавартай хүлцэн дагаж, өөрийгөө өревдүүлэх явдал билээ. Гэвч бүр эсрэгээр, хатуу чанд зоримог эсэргүүцэл үзүүлснээр тааламжтай үр дүнд хүрсэн тохиолдол ч цөенгүй ээ. Уэльсийн хунтайж, манай Гиень мужийг эрхшээлдээ тэгтлээ удаан барьж байсан мөнөөхөн Эдуард* өөрийг нь маш хүчтэй эсэргүүцсэн нэгэн хотыг түрэмгийлэн эзэлж авмагцаа, өршөөл хүссэн олон ард, хөлд нь сөхөрсөн эмэгтэйчүүд хүүхдүүдийн орь дуу тавихыг ч үл хайхран толгой дараалан хядах зарлиг гаргажээ. Ийн зарлигдмагцаа хунтайж хотын бүр гүн рүү нэвтрэн ортол ялагсдын өөдөөс аймшиггүй зоригтой тулалдан, довтолгоон бүрийг тогтоон хааж буй гурван франц тайжтай тулгарчээ. Энэ баатарлаг явдлыг нүдээр үзээд гайхаж биширсэн түүний уур хилэнг хүндэтгэх сэтгэл нь хийсгэж орхисон байна. Ингээд сайхь гурваас эхлээд хотын бүх иргэнийг өршөөсөн гэдэг. Эпирийн захирагч Искаандрбэг** цэргүүдийнхээ нэгийг хороохоор занаж л дээ. Нөгөө цэрэг нь өршөөл аврал хайж удтал царайчилсны эцэст арга буюу өөдөөс нь сэлэм барин босчээ. Энэхүү шийдэмгий байдал нь захирагчийн хилэнг мохоосон бөгөөд мань цэрэг ч амь насаа нэр төртэйгөөр аварч гарсан гэдэг. Искаандрбэгийн ер бусын бяр тэнхээ, эрэлхэг зоригийн тухай олж уншаагүй хүмүүс бол эл жишээг эрс өөрөөр ойлгож магадгүй. Эзэн хаан III Конрад*** Баваарын херцог Вельфийн бэхлэлтийг бүсэлж аваад, бүслэгдэгсэд хамгийн ичгүүрт доромжлолыг ч хүлээж авахад бэлэн байсаар атал өршөөх тухай бодохыг ч хүссэнгүй. Гагцхүү, херцогийн хамтаар хотод бүслэгдчихээд буй сурвалжит хатагтай нарт л тэндээс өргөж даах зүйлсээ аваад явган гарахыг зөвшөөрсөн байна. Тэгмэгц хатагтай нар эл уудам сэтгэлд талархаад, эр нөхрүүдээ, хүүхдүүдээ, мөн херцогийг үүрч бүслэлтээс гарахаар шийджээ. Тэдний энэ ариун шударга, зоримог алхам сэтгэлийг нь хөдөлгөсөн тул эзэн хаан догдолсондоо уйлж, ялагдсан херцогт яс махнаасаа дайсагнан өширхөхийг огоорсон бөгөөд энэ үеэс хойш Вельф болон түүний ойр шадар хүмүүст хавьгүй хүнлэг хандах болсон гэнэ. Надад бол эхний болон удаахь аргын аль нь ч адилхан л нөлөөлөх байх. Ер нь би өршөөж хүлцэхийг ямагт илүүд үздэг хүн. Тиймээс ч хүндэтгэж сүрдэхээсээ илүүтэй өрөвдөх, шаналахдаа хөтлөгдөөд зэвсгээ хаячихаж мэдэх юм. Түүнээс гадна гүн ухаантнуудын* хувьд, өрөвдөх гэдэг бол харин ч хэлэлцэж болохуйц мэдрэмж билээ. Тэд золгүй хүмүүст туслахынхаа зэрэгцээ уярч хайлахгүй, тэднийг өрөвдөж шаналахгүй байхыг эрхэмлэцгээдэг.

Дээрх жишээнүүд минь надад боломжийн үнэмшилтэй санагдаж байна. Учир нь бид эдгээр жишээнээс хувь заяаны дараалсан сорилтуудын эхнийхэд ер ажраагүй ч, хоёр дахь дээр нь байр сууриа тийн хатуу баримталж чадаагүй хүмүүсийн дотоод ертөнцийг өнгийж харав. Ерөнхийдөө, зөөлөн сэтгэлтэй, хүлцэнгүй, сул дорой хүмүүс зовлон шаналалд бүрмөсөн автаж гундахдаа амархан байдаг гэж дүгнэхэд төдийлөн буруудахгүй бөгөөд тэдгээрийн дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд, хүмүүжил боловсрол доогуур улс ч багтана. Харин уйлах учирлахыг үл тоомсорлон, гагцхүү баатарлаг явдлын хариуд л сая буулт хийх нь эршүүд шулуун, хүчирхэг сэтгэлийн илрэл юм. Гэхдээ дорд хүмүүс ч бахдан бишрэх сэтгэлдээ хөтлөгдөх нь бий. Үүний жишээ гэвэл, алба хаах хугацаа нь дуусчихаад байхад үүргээ гүйцэтгэсээр байсны нь төлөө Фивийн ард олон нэгэнтээ цэргийн удирдагчдаа шүүж цаазаар аваачих ял тулгахдаа, үндэслэлгүй асар олон хэрэгт холбогдуулсныг нь үг дуугүй хүлээн зөвшөөрч өвдөг сөгдөн өршөөл гуйсан Пелопидыг** уучилж нигүүлсэхийг ер хүсэхгүй байсан мөртлөө, яг л тийм ял зэмд тупгагдсан Эпаминонд олон түмний өөдөөс сөрөн зогсоод огт өршөөп эрэлгүй, урьдын олон гавьяагаа уран үгээр зураглан ярьж, өөрийг нь буруутгагчдыг ихэмсгээр үл тоомсорлохыг харуутаа мань эрийн агуу уудам сэтгэл, аймшиггүй чин зоригийн тухай бахдан хэлэлцсээр даруй тарцгаасан явдал болно. Дионисий* удаан хугацааны, хүнд ширүүн тулалдааны эцэст Регийг эзэлж, уг хотыг баатарлагаар хамгаалж байсан эсрэг талынхаа жанжин Фитоныг олзолж авмагцаа түүн дээр өш хонзонгийн маш эмгэнэлтэй жишээг үзүүлжээ. Эхлээд тэр Фитоны хүү болон бүхий л төрөл төрөгсдийг нэг хоногийн өмнө живүүлж алсан тухайгаа олзны хүнд дуулгав. Гэтэл Фитон ер ажралгүй, "Ашгүй дээ, юутай ч тэд минь надаас нэг хоногийн өмнө амар амгаланг олж" хэмээсэн байна. Дараа нь Дионисий түүний хамаг хувцсыг тайчаад хайр найргүй ташуурдан, хамгийн булай муухай үгсээр хараан хотын гудамжаар тууж шившиглэх зарлиг буулгажээ. Фитон нугаршгүй хатуу байж, зодуур нүдүүрийн дор бардам ихэмсгээр алхангаа, "Төрөлх нутгаа дарангуйлагчид эзлэгдэхийг эсэргүүцснээрээ би ариун шударга зөв үйлс хийсэн тул, үхэхэд ер гомдолгүй. Булаан эзлэгчийг мөдхөн бурхан тэнгэр цээрлүүлэх болно!" хэмээн өндөр дуугаар зарлаж явлаа. Энэ мэт байдалд цэргүүд нь зэвүүцэж өшрөхийн оронд, харин ч олзлогдогчийг дотроо бахдан хүндэтгэж, зарим нь сэм бослого үймээн дэгдээн Фитоныг суллах санаа сэдэцгээж буйг Дионисий олж мэдүүт, мөнөөх ичгүүрт тамлалаа даруйхан зогсоогоод, олзны хүнийт нууцаар тэнгист живүүлж алахыг тушаасан гэдэг.

Хүн гээч гайхалтай барьцгүй, хөвсөргөн, үнэхээр гуйвамтгай, хэзээ ч нэгэн янзаараа байдаггүй амьтан билээ. Түүнийг яг тийм ийм гээд баттай тодорхойлчих амаргүй. Бод л доо, Сицилийн нэг хотынхныг ор мөргүй хүйс тэмтрэхээр тангараглан заналхийлтлээ тийм их уурлан хилэгнэсэн үедээ Ромын консул Сулл мөнөөх хотын Зенон гэгч иргэн бүх гэм нүглийг өөртөө хүлээж бусдадаа өршөөл үзүүлэхийг гуйсанд, ямар ч шийтгэлийг амсахад бэлэн байгаа жирийн тэр хүний сайхан сэтгэлд автсандаа дайснуудаа хэлтрүүлсэн юм. Тэгсэн атал Суллыг дайлж цайлж, асар их хүндлэл үзүүлсэн Перузийн иргэн үүнийхээ хариуд өөрийгөө ч, бусдыгаа ч аварч чадаагүй билээ. Миний өмнө эш татсануудаас бүр эсрэг тэсрэг жишээ ч бий. Энэ дэлхий дээр амьдарч асан хэн бүхнээс эр зоригоороо хол давуу, ихэнх тохиолдолд ялагдсан дайснуудаа өршөөж ивээдэг Александр асар их гарз хохиролүзэн байж Палестины Газа хотыг эзэлж авмагцаа нөгөө талынхаа удирдагч Бетистэй халз тулгарчээ. Бүспэлтийн үед л түүний чадварлаг дайчин, гайхалтай баатар болохыг нэг бус удаа нүдээр харсан Александр энэ удаа өрсөлдөгч нь ганцаархнаа үлдсэн хэрнээ, хугархай сэлэм, бяцархай бамбайгаа барьчихаад, тал талаас нь шахан түрэх македончуудын эсрэг шархнаасаа цус үсчүүлэн тулалдсаар л байхыг үзжээ. Олон цэргээ алдаж, өөрөө хоёронтоо шархтсан эзэн хаан ялалт өөрт нь ийм үнэтэй олдож буйд бухимдсандаа: "Бетис, чи хүссэнээрээ үхнэ гэж бүү горьд. Чи олзны хүний амсч болох зовлон бүхнийг гүйцээнэ дээ!" гэж хашгирч. Баригдсан Бетис хирдхийсэн ч үгүй, энэ заналхийллийг юман чинээд үл тоон хариу үл дуугарав. Ийм бардам, гөжүүд, дуугүй байгаад нь тэсэртлээ уурласанАлександр: "Тэр өвдөг сөгдсөн бил үү? Ядахнаа ганц удаа амь гуйсан бил үү? Би чамайг заавал дуугаргана даа! Үг хэлүүлдэггүй юм аа гэхэд, ёолохыг чинь сонсоно доо!" хэмээжээ. Тэрээр Бетисийг тэргэнд хүлээд, үхүүлэлгүй аль болохуйц удаан тарчилган тамлахыг тушааж, тэр ч ёсоор хамаг биеийг нь тасчин, зэрэмдэглэж гүйцсэн байна. Александрын хувьд алдар гавьяа гэдэг ердийн л зүйл байсан тул баатарлаг үйлсийг хүндэтгэхээ больсноос ийм явдал үүдсэн хэрэг үү? Эсвэл, тэрээр өөрийнхөө зоригийг хэтэрхий өндрөөр үнэлдэг байсан тул мөнхүү өндөрлөгөөсөө бусдын аймшиггүй зоригийг олж үзэхдээ хардах сэтгэлд эрхгүй автсан ч байж мэдэх юм. Үгүй бол, угаас уур хилэнгээ барьж чаддаггүй нэгэн тул өөрийг нь эсэргүүцэхийг тэвчсэнгүй юу? Тэгвэл Фивийг эзлэн* үнсэн товрог болгох үед тэр айхтар уур хилэн нь номхорвол номхрохоор л байсан сан. Тэгэхэд түүний зарлигаар дор хаяж зургаан мянган хүн хядагдсан бөгөөд тэдний хэн ч зугтаагүй, өршөөл гуйгаа ч үгүй, харин ч фивийнхэн өөрсдийг нь ялсан дайснуудынхаа нэгтэй гудамжинд таарч сэлмэнд нь өртөн нэр хүндтэйхэн үхэхийг хүсцгээж байсан гэдэг юм. Шархтаж цусаа үзэн улайрсан хүмүүсийн дундаас ч амийг амиар сольж тайвшрахыг оролдсон хүн гараагүй аж. Ингэлээ гээд хэн ч тэднийг өрөвдөөгүйгээр үл барам, өш хонзон агуулсан их хядлага дуусахад бүтэн хоног хүрэлцэхгүй байжээ. Хамгийн сүүлчийн дусал цус асгарч дуустал хотынхныг цавчсан бөгөөд гартаа зэвсэг барих чадваргүй хүүхдүүд, өвгөд, эмэгтэйчүүдийг л амь хэлтрүүлжээ. Амь хэлтрэх ч юу байх вэ дээ. ялсан талын олз гучин мянган боолоор нэмэгджээ.