“Period Poverty” гэх нэршил нь ариун цэврийн хэрэглэл авах санхүүгийн боломж бололцоогүй байдлыг илтгэдэг бөгөөд дэлхий дахинаа бидний бодсоноос ч тархмал байдаг. Тэр дундаа ядуу буурай орнуудад. Кени улсаар л жишихэд, нийт эмэгтэйчүүдийн 65 хувь нь АЦХ худалдан авах боломжгүйгээс оймс, сонин гэх мэт гар доорх зүйлсийг ашигладаг байна.


Ерөнхий боловсролын сургуулийн охид гэхэд хувцсаа бохирдуулахаас эмээж тухайн өдрүүдэд хичээлдээ явдаггүй бол АЦХ-ийн төлөө биеэ үнэлэх ч явдал бий гэнэ. 

Кени дэх АЦХ хэрэглэдэг гурван эмэгтэй тутмын хоёр нь энэ мэт арга ядсан байдлаар хэрэглэл олж авдаг гэх гайхам баримт ч байна.


Бангладеш бүсгүйчүүдийн АЦХ хэрэглэхийн төлөөх хүчин чармайлтыг зохиолч Гэбби Эдлин “It’s Only Blood” номондоо нүдэнд харагдтал өгүүлжээ. Зарим нэгээс нь сонирхуулахад, тэндэхийн нэхмэлийн үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүд шалан дээр унасан хөвүүр утсыг түүж ашиглах ба бохир усаар зайлах төдий цэвэрлээд ахин ашигладгаас эрүүл мэндэд нь ихээхэн эрсдэл тулгарч байна. Тус улсын дундаж цалингаар АЦХ худалдаж авах боломжгүй учраас ийнхүү аргацаадаг.

 АЦХ бол бангладешчуудын хувьд тансаг зүйл бөгөөд зөвхөн баячууд эдэлж хэрэглэдэг. Эдлиний хэлж буйгаар баячууд л өөрийгөө эрхлүүлж АЦХ худалдан авдаг ба энэ утгаараа хэрэгцээ биш хэрэглээ болжээ.


АЦХ-ийн гачигдал зөвхөн Кени, Бангладеш тэргүүтэй зөвхөн буурай орноор хязгаарлагдахгүй, 2018 онд Их Британид 137 мянга гаруй охин АЦХ авч чадалгүй хичээлээ тасалжээ. Америкийн нэгдсэн улсын ядууралд өртсөн 39.7 сая иргэн хоолны талоноор хоног залгуулдаг бөгөөд үүнд нь АЦХ багтдаггүйгээс хулгай хийх, биеэ үнэлэх зэргээр хэрэгцээгээ хангадаг. Мөн тус улсын таван сурагч тутмын нэг нь АЦХ-нүйн улмаас хичээлээ тасалдаг гэжээ.

Манай улсад ч эсгий, бор хөвөн, олс, үжирсэн ор дэрний даавуу зэргээр АЦХ хийх тохиолдол байдаг.

Монголын үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банкнаас гаргасан Хүн амын ядуурлын түвшний судалгааны тайланг харвал, нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч буй. Гэтэл АЦХ-ийн хямд нь дунджаар ₮3,300, чанартай нь ₮10,000 төгрөгийн үнэтэй байна. Сарын тэмдэг дунджаар таван хоног үргэлжлэх ба хамгийн багадаа 25 хэрэглэл шаардлагатай гэж үзвэл ₮9,000-₮20,000 зарцуулахаар байна.


Энэ мэт нэн ядуу, эмзэг бүлгийг харгалзаж эмэгтэйчүүдийн анхан шатны хэрэгцээ болсон АЦХ-ийг улсаас үнэгүй олгох нь шинэ үзэгдэл биш. Одоогийн байдлаар дэлхийн 20 улсын Засгийн газар нэг удаагийн АЦХ үнэгүй тарааж байна. Гэвч ийнхүү нэг удаагийн хэрэглэл тараах нь байгаль болон эдийн засагт ээлгүй. Үүний оронд угааж болдог зориулалтын дотоож эсвэл хэрэглэл, диск, аяга зэрэг нь аль ч талаасаа давуу талтай шийдэл юм.

 Манай улсад хамгийн ойр байж болох шийдэл нь сарын тэмдгийн аяга.

Монголд энэ аяга хэдэн жилийн өмнөөс борлуулагдаж эхэлсэн бөгөөд байгаль орчинд ээлтэй, хог хаягдалгүй амьдралын хэв маягтай хүмүүсийн дунд нэлээдгүй алдаршсан. Үнийн хувьд дунджаар 20-30 мянган төгрөгийн үнэтэй байх ба 10-15 жил хэрэглэх боломжтой.

Эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтнүүд аюулгүйн баталгаа тогтоосон тул хэрэглэхэд ямар нэг сөрөг нөлөөгүй, мөн харшил өгөхгүй.

Сарын тэмдгийн аягыг латекс резин болон силиконоор хийсэн тул уян хатан бүтэцтэйгээс гадна төрөл бүрийн хэмжээтэй байдаг. Уламжлалт хэрэглэл, тампонтой харьцуулахад хаягдалгүй, олон дахин хэрэглэх боломжтой тул эдийн засгийн хувьд ч ихээхэн хэмнэлттэй билээ.